Хэнтий аймгийн цагдаагийн албан хаагчид хууль бусаар ан хийсэн гэмт хэрэгтнийг илрүүлсэн байна. Тус аймгийн Биндэр сумын III багийн иргэн Ж нь өнгөрсөн сарын 23-24-ний өдрүүдэд зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар зэрлэг гахай, бор гөрөөс, зэвэг загас, агнахыг хориглосон халиун бугыг агнаж, эд эрхтэнийг нь бусдад худалдаалсан байна.

Тэрбээр агнасан амьтадын эд эрхтэнийг Улаанбаатар хотын иргэдэд худалдаалжээ. Гэмт хэргийн илрүүлтийн явцад бугын эвэр хоёр, бор гөрөөс нэг, чонын арьс гурав, зэвэг загас 10 ширхэг, ангийн буу зэргийг эд мөрийн баримт болгон хураажээ. Тэрбээр байгаль экологид 32 сая төгрөгийн хохирол учруулсан тул эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.