Баянгол дүүрэгт байрлах Герман-Монголын хамтарсан 38 дугаар сургуулийн В байрыг 2013 онд, харин А байрыг 2014 онд ашиглалтын шаардлага хангахгүй хэмээн дүгнэлт гарч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шийдвэрээр акталсан. Тус сургуулийн барилга 1956 онд ашиглалтанд орсон бөгөөд 1000 орчим хүүхдийн өөр сургууль руу түр шилжүүлэн суралцуулж байгаа юм. Тодруулбал, бага ангийн 20 бүлэг 78 дугаар сургууль дээр, харин дунд ахлах ангийн 16 бүлэг 22 дугаар сургууль дээр хичээллэж байна. Эцэг эхчүүд болоод багш нарын дунд хүлээлт үүсгээд байсан шинэ сургуулийн сураг гарч, энэ сарын эхээр хуучин барилгыг нурааж эхэлжээ.

“Од энд партнерс” компани хуучин сургуулийг нурааж шинэ сургуулийн барилгын ажлыг хийхээр шалгарсан юм. Тус компанийн захирал Т.Хосбаяр “Манай компани энэ сарын 20 гэхэд хуучин барилгыг нурааж дууссан байх үүрэг хүлээсэн. Нэг барилгыг нураах төсөв нь 150 орчим сая төгрөг. Шинэ сургуулийн хувьд дөрвөн давхар, 1500 хүүхдийн суудалтай мөн орчин үеийн спорт заал, урлагийн танхим, номын сан, цайны газар, гадна талбайд биеийн тамирын талбай, автомашины зогсоол зэргийг барьж тохижуулахаар зураг төсөл хийгдсэн байгаа” гэсэн юм.

Уг сургуулийн барилгын ажлыг 2017 оны есдүгээр сарын 1-нд дуусгаж, хүүхдүүдээ хүлээн авахаар төлөвлөөд байгаа ажээ.