Ард иргэдийн амьдрал улам доройтож байгааг төрд суугаа түшээдүүд мэдэхгүй л суугаа бололтой. Зөвхөн өөрсдөдөө ашигтай л хууль баталж суугаа гэх олон бий. Тэгвэл парламент сөрөг хүчингүй болсон энэ үед парламентад суудалгүй намын удирдлагууд тэднийг хатуу шүүмжилж иргэдийн өмнөөс дуу хоолойгоо хүргэж явдаг.

Иргэний хөдөлгөөний намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Сүхжаргалмаатай цөөн хором өнөөгийн улс төрийн талаар ярилцлаа.

-Засгийн газрыг огцруулах болсон үндэслэл нь?

-Засгийн газрыг огцруулах нь улсаа хамгаалж байгаа асуудал. Сонгууль хүртэл найман сард Монгол улс дампуурлаа зарлах 18 улсын нэгт орсон байгаа. Тэгэхээр сонгууль болтол огцом эргэлт хийнэ гэдэгт итгэхгүй байна. Харин илүү их балаг тарихаас өмнө улсаа хамгаалах хэрэгтэй байгаа юм. Одоо бол Вашингтон хотод манай иргэний нийгмийнхэн явж байгаа тэд Оюутолгойн төслийг хариуцсан ажилчидтай уулзсан. Тэнд дэлхийн банк, олон улсын валютын сан Монголыг хариуцсан хүмүүс төрийн өмчит компанийн захирал хүн ордоо барьцаалж зээл авахыг мэдэхгүй сууж байна. Сонсоод нүд нь том болж байх юм. Гэтэл Оюутолгойн өрийг энэ арван хоёрдугаар сард багтааж зул баярын өмнө Монголд олгохоор Дэлхийн банк, Олон улсын валютын сан зүтгэж байна. Хууль бус шүү дээ, компанийн захирал ордыг барьцаалах эрх байхгүй.

Ордыг барьцаална гэдэг нь гэрээгээ барьцаалдаг юм. Гэрээн дотор заасан эрх, авлагуудаа барьцаална. Авсан өрөө төлтөл манай улсын авлага авах эрх нь нээгдэхгүй. Улсаа их айхтар том эрсдэл оруулах ажлыг хийж байна. Оюутолгойн хоёрдугааар ээлжийн зээл ийн эрсдэлтэй гэдгийг олон түмэн минь ойлгох хэрэгтэй. Ийм балаг цаашид тарих магадлал, эрсдэл байгаа юм. Тэгэхээр энэ шийдлийн засгийн газар Дубайд очиж Монгол улсыг их эрсдэлд оруулсан. Цаашдаа ахиж эрсдэл гаргуулахгүй байхын тулд буруу бодлого явуулж, хариуцлагагүй Засаг огцрох ёстой.

-Парламентад суудалгүй намууд сонгууль дөхөөд ирэхээр дуу хоолойгоо нэгтгэж улс төрчдийг эсэргүүцдэг гэх хардлага нийгэмд бий болж. Та энэ талаар дээр ямар байр суурьтай байна?

-Бид өмнө нь 21 удаа шаардлага явуулсан. Тэр болгондоо хэвлэлийн бага хурал хийгээд байх нь ховор. Тэгэхдээ таваас долоон намын дарга нарын гарын үсэгтэй шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлж байсан. Ер нь Монгол улсын газрыг дуудлага худалдаагаар гадаадын хөрөнгө оруулалттай компанид эзэмших эрхийг өгөхийг завдсан газрын тухай хуулийн төслийг Н.Алтанхуяг өргөн барьснаас хойш тэмцлээ явуулж ирсэн. УИХ, Засгийн газар хариуд нь "наад асуудлыг чинь авч үзэх үндэслэл байхгүй байна" гэсэн хариуг өгч байлаа. Сонгууль дөхөөд ирэхээр идэвхжихэд гайхаад байх зүйл үгүй.

Манай улс төрийн амьдрал нэг гаж үзэгдэл бий болчихсон. Парламентад суудалгүй намууд сөрөг хүчин. Гэхдээ парламентын гадна байдаг. Харин парламентад дотор байдаг албан ёсны сөрөг хүчин парламентад суудалгүй намуудтай аль нэг утгаараа харьцуулахад хэцүү. Ардын нам нь ч дуу хоолой, байр суурийг үл тоомсорлож ирсэн. Ийм олонхийн дарангуйлал. Өөрөөр хэлбэл 1917 оны улаан хувьсгалын үед бий болсон дарангуйлал тогтчихоод байгаа юм.

Монголын иргэн хүн хувийнхаа асуудлыг хамгаалж өөрийгөө шатаагаагүй. Хөөрхий амьтан тэр уул уурхайн 200 Монгол ажилчдынхаа ажлын байрны асуудлыг ярьсаар байгаад өөрийгөө шатаалаа. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын оршилд "Хүмүүс эзэрхэг Засаглалд дарлалын эсрэг" эцсийн арга хэлбэрээр босдог юм гэснийг заасан байдаг. С.Эрдэнийн үйлдэл юуг харуулж байна вэ гэвэл манайд дарлал тодорхой хэмжээгээр тогтсон гэдгийг тод харууллаа.

-С.Эрдэнийг өөрийгөө шатаасан үйлдлийг ард иргэд туйлдаж байгаагийн нэг илрэл гэж үзэх хэсэг байна. Харин нөгөө хэсэг нь сонгууль ойртож байгаа болохоор хэн нэгний шоу байв гэж үзэх боллоо?

-Өөрийгөө штаах, амиа егүүтгэх гэдэг чинь туйлын аймаар зүйл. Яахав өсвөр насныхан хайр, дурлал алга болчихлоо. Өөрөөр хэлбэл, сэтгэл зүйн төлөвшиж амжаагүй аль эсвэл эмгэг согог суусан хүмүүс ийм үйлдэл хийх нь бий. Гэхдээ С.Эрдэнийн хувьд нийтлэг эрх ашгийг хамгаалж явсан нь тодорхой. Үүнийг үгүйсгэх хүн ерөөсөө байхгүй. Жил гаруй хугацаанд 200 ажилчныхаа ажлын байрны асуудлыг ярьж явсан хүн. Тэгээд очиж, ярьж болох бүхий л төрийн байгууллагуудаар орсон байна. Тэгэхээр ийм аймаар аргаар нийтлэг эрх ашигт Засаг төрийн анхаарлыг хандуулна гэдэг нь ёстой Засгийнхаа үйл ажиллагаа, бодлогод айхтар шүүмжлэлтэй хандаж, та нар буруу байна шүү гэсэн дохиог өгсөн зүйл байгаа юм. Нөгөөтэй-гүүр энэ хүн өөрөө 1990 оноос Ардчилсан холбооны хамгийн ууган идэвхтнүүдийн нэг. С.Эрдэн коммунист маягийн үйлдвэрчнийг өөрчилнө гэж Ардчилсан хөдөлгөөний талд явж ирсэн. Журмын нөхөд нь Засаг барьж байна. Тэднийхээ бодлого, үйл ажиллагааг буруу байна шүү гэж хэлэх чинь сөрөг талын хүн биш байхгүй юу. Ингэхээр өнөөгийн эрх баригчдын хийж байгаа бодлого, ажил нь буруу байгааг харуулж байгаа нотолгоо юм. Харин өөрийгөө шатаасан хүнийг зөв, буруу гэж янз бүрээр шийтгэх ёс суртахууны эрх амьд байгаа өөрийгөө шатаагаагүй бидний хэнд ч байхгүй гэдгийг хэлье. Хэдийд ч энэ үйлдлийг зөв, буруу талаас нь авч үздэггүй юм. Шууд төр засгийнхаа бодлого, үйл ажиллагаанд анхаарлаа хандуулдаг.

-Та бүхэн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрхэн хүлээж авав. Шийдлийн засгийн газар өөрчилж чадах уу?

-Энэ УИХ сүүлийн 25 жилийн түүхээс харахад хамгийн сул дорой их хурал гэж үзэж байгаа. Ард түмний бухимдалд хүргүүлээд, хөнгөн хуумгай шийдвэр гаргадаг. Тэрнээсээ буцаж, няцдаг, шарвадаг. Ерөнхийдөө гаргасан шийдвэр нь хууль бус. Гаргасан алдаа болгондоо улсын хуулийг тохируулж засч ирсэн.

Өрийн таазыг 30 хувь байсныг 70 хувь болгосонг та бүхэн мэдэж байгаа. Ийм хоёрын хоёр Засгийн газрыг хэн байгуулсан? энэ УИХ. Хэн энэ улсынхаа гаргасан алдаа болгонд тохируулж хуулийг засч ирсэн? энэ УИХ. Манай ард түмний 430 төлөөлөгч хоёр сар ярилцаж, баталсан нийгмийн гэрээ гэж ойлгодог Үндсэн хуулийг оролдох ямар ч ёс байхгүй. Тэгэхээр энэ засгийн газар өөрийнхөө хугацааг дуусгаад явах нь зөв. Тэгээд сонгуулиар өөрчлөгдөх дараагийн их хурал нь өөрчлөг. Дараагийн их хурал илүү сайн байна гэдэгт итгэл дүүрэн байгаа. Манай улс энэ 76-аар дуусахгүй. Салбар бүрт мэдлэг боловсролтой, нинжин сэтгэлтэй, ажил амьдралын арвин туршлагатай олон хүн байна тэд гарч ирэх цаг нь болсон.

Эрх зүйн зохицуулалтын талаар манай намын бодож байгаа санааг хэлэхэд, Скандинавын орнуудыг бид их биширч хардаг. Ямар эмх замбараатай, хөгжил сайтай, сайхан нийгэмтэй вэ бид ийм болчих юмсан гэж хардаг. Тэнд харин их сонин хамгаалал байдаг. Үндсэн хуулиа их сайн хамгаалдаг юм. Яаж хамгаалсан бэ гэхээр нэг Засгийн газар нь батлаад үлдээдэг. Дараа гарч ирсэн их хурал нь ахиж тэрнийг баталдаг. Хоёр ээлжийн парламент баталсан бол үндсэн хуульдаа өөрчлөлт ордог байх жишээтэй. Үндсэн хуулиар дурын бүрэлдэхүүнтэй их хурал, дураараа оролдоод байдаг зүйл биш. Энэ их хурал харин үндсэн хуульд ганцхан өөрчлөлт хийх ёстой. Тэр нь ёс суртахуун. Дордохын долоон нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгоод үндсэн хуулийн цэцийн 1999 оны шийдвэрийг хүлээн зөвшөөрөөд тэгээд 1992 оны үндсэн хуулийн байдлаар нь сэргээх ёстой.

-МАН, АН хамтарвал бүгдийг бүтээнэ гээд хамтарсан удалгүй хамтралаа больсон. Сөрөг хүчингүй болохоор сул байна уу?

-Өмнө нь МАН-ыг 2008 онд үнэмлэхүй ялаад гараад ирэхэд АН өөрсдөө очиж байсныг би мэднэ. Тэгээд МАН нь хамтаръя гэхэд нь хууль бус байна. Үнэмлэхгүй ялалт байгуулсан нам хамтарсан Засгийн газар байгуулах нь буруу гэсэн шүүмжлэлд өртсөн. Сая Шинэчлэлийн ЗГ огцроод Шийдлийн ЗГ байгуулахад өөрсдөө МАН-д хамтарч орооч гэсэн. Тэгээд хэдхэн сар болсон уу үгүй юу ажил хийлгэхгүй байна гээд л больсон. Тэгэхээр 1996 он, 2000 оны Ардчилсан эвслийн хэн Засаг яаж барьж ирдгийг тэр түүхэн туршлагыг эргэж санах юм бол маш туйлбаргүй тууштай биш юу хийх гээд юунд хүрэх гээлд байгаа нь маш ойлгомжгүй фракцуудаар бүлэглэл болж тарч хуваагдсан. Фракцууд нь олон ургалч үзлийг бий болгохоос илүү бүлгийн йн явцуу ашиг сонирхлуудыг хамгаалсан. АН-аас гарч ирсэн "Бялуу хуваах" үйл ажиллагаагаа идэвхтэй явуулсан. Ер нь 1996 оныг эргэж хараач ээ. Ард иргэддээ улс төрийн талцал явагдаж байна биш үүний цаана нийгэм, эдийн засагт хүндэрч, өөрчлөлт орж байна гэдгийг л тайлбарлан хэлэх хэрэгтэй.

-АН-ыг төр барихаар л ард иргэдийн амьдрал доройтдог гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Ерөнхийдөө Засгийн газар нэлээд хэдэн чиг үүрэгтэй. Гэхдээ хамгийн чухал чиг үүрэг нь төсөв мөнгөний бодлого байдаг юм. Дахин хуваарилалтын чиг үүрэг. Нийгэмд байгаа баялгаа төсөв рүүгээ татаад төсвөөрөө дамжуулж хэрэгцээтэй газар нь хүргэдэг. Гэтэл үүн дээрээ алдсан. Манай улсын сүүлийн 20 жилийн түүхэнд хамгийн том төсвийг 2012 онд хүлээж авсан. Харин үүнийгээ хоёр хүрэхгүй жилийн хугацаанд үрэн таран хийсэн байсан. Үрэн таран хийсэн болохоороо фонд гаргаж өр тавьж эхэлсэн. Өмнөх 20 жилд нь 2,5 тэрбум өр тавьсан байсан юм. Өмнөх 20 жилийн хугацаанд тавьсан тэнцэх хэмжээний өрийг хоёрхон жилийн дотор бий болгосон. Одоо манайх 5-6 тэрбум долларын өртэй яваа. Энэ нь зөвхөн Засгийн газрын өөрийнх нь өр. Хувийн хэвшлийн өрийг нэмбэл 16 тэрбум болно. Би Монголбанкны тоо баримтыг харахад 2001 онд манай улсын нийт өр ганцхан тэрбум байсан байна лээ. Манай дампуурч байгаа хувийн хэвшлийнхэн энэ өрөө төлж чадахгүй. Тэгэхээр улсын төсөв, та биднээс татсан татвараас л төлнө. Энэ бүх босч байгаа зам, шилэн барилгуудад бондуудын мөнгө орсон. Бондын мөнгөөр хувийн байшин барьсан эзний өрийг иргэд бид төлөхөд үүрнэ. Ийм хамгийн том үүрэг дээрээ алдсан засгийн газар хариуцлага үүрэх ёстой. Үүний үр дагаварт та бид хоёрын халаасанд байсан 500 төгрөг өнөөдөр мянган төгрөгөөр авч дийлэхээ больж байна. Ерөнхийдөө өргөн хэрэгцээний бараа, бүтээгдэхүүний үнэ 1-5 хувиар өсөхөд бусад орнууд бослого гаргадаг. Харин манайд бол 30-40 хувь нэмэгдсэн байгаа юм. Энэ бол хатуу баримт. Ерөнхий сайдаа тав, зургаан удаа сольсон. Манай түүхэнд байгаагүй улс төрийн өнгө аястай алан хядлага болсон. Бид том манлайлагчаа алдсан. Цалин, тэтгэврээ гадаадын зээлээр тавих шиг үндэсний шившиг байхгүй.

 

Ярилцсан: Х.Даваа