Өнөөдрөөс дэлхий даяараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах сар эхэлж байна. Учир нь жил бүрийн арванхоёрдугаар сар ямар нэгэн зүйлийн “бэрхшээлтэй” иргэдийн сайн сайхны төлөө хүн төрөлхтөн юу хийж байгаа, юу хийж болохыг илүү тод томруун болгодог хугацаа.

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 108 мянган иргэн байдаг гэсэн судалгаа байна. Энэ нь гуравхан сая хүн амтай манай улсын хувьд 30 хүн тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн үг. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам энэ сарыг угтаж өнгөрсөн сарын эхнээс нэг сарын хугацаатайгаар аян зарласан нь сайн хэрэг. Бодлогын яамны ажил Монгол Улсын нэрийн хуудас гэсэн үг. Өнгөрсөн нэг сарын хугацаанд энэ сэдвийн хүрээнд хурал, цуглаан, зөвлөгөөн, чуулганууд зохион байгуулагдсан дуулдсан. Эдгээр аман ажил нь хөрсөн дээр буугаад нэг ч болов хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд, иргэнд өөдрөг ирээдүй бэлэглэсэн нь хэд бол.

Ийн хэлэхийн учир бүхэл бүтэн 18 жил гэртээ “бүгсэн”, хэний ч тусламж авч чадаагүй нэгэн хүүгийн тухай бичиж байна. Түүнийг Т.Нямбат гэдэг. Т.Нямбат хүү О.Сумъяадорж өвөөтэйгөө амьдардаг. Харъяалж яривал тэднийх Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хорооны айл. Тэнд л Т.Нямбат хүү тэргэнцэр, зурагт хоёртой 18 жил найзалж буй.

Өвөөгийнх нь ярьснаар ээж нь 1997 онд хүүгээ төрүүлэхээр эмнэлэгт очоод ус нь гараад хоёр хоножээ. Эмч нар хийсвэр хийж хүүг төрүүлэхдээ толгойг нь угзарснаас зуйван болчихсон гэж байна. Тэгээд ч зогсохгүй, хүү ээжийнхээ гэдсэнд салиагаа залгиж, харвалт өгсөн байж. Үүнээс болж насаараа өрөөл татанхай, суумгай болсон байна. Хүүгийн оюун ухаан эрүүл ч тодорхой үг хэлж, үйлдэл хийж чаддаггүй. Баруун гар, зүүн хөл нь мэдээгүй. Зүүн гараараа мах төдийхөн зүйлийг бариад идэх л “чадалтай”. Бага байхад нь өвөө нь тэврээд хүндрүүлдэг байсан бол одоо өсч, томроод даагдахгүй болжээ. Тэдэнд туслах хэн нэгэн байхгүй учир О.Сумъяадорж гуай арга ядахдаа орон дээр нь хүндрүүлдэг гэж байна. Уг нь жил бүр Шаргалжуутын рашаанд явдаг байсан ч өвөөгийнх нь бие муудсанаас энэ жил алгасчээ. Рашаан сувилалд явчихаар нэг жилдээ бие нь хөнгөрөөд, татах нь багасдаг гэж өвөө нь ярьж байна. Т.Нямбат үе мөчний эм байнга уудаг аж. Өвөө нь сүүлийн хоёр сард гэнэт таргалж, зүрх нь хүчтэй өвдөх болжээ. Тэрээр толгой, даралтын эмээр амьдардагаа ярилаа. Өвөө, хүү хоёрын эм тарианы мөнгө сардаа 400-500 мянган төгрөг гардаг ажээ. Гэтэл тэдний нийт “орлого” хүүгийн халамжийн 126 мянга, О.Сумъяадорж гуайн тэтгэврийн 230 мянга, асаргааны 56 мянга нийлээд 412 мянган төгрөг. Өөр орлогогүй, тэргэнцэртэй хүү, тэтгэврийн өвгөн хоёрт энэ мөнгө нь зөвхөн эмчилгээний л зардал. Гэтэл тэдний хоол хүнс, өвлийн түлээ, нүүрс гээд төсөвлөгдөөгүй зардлууд мундахгүй.

Одоо өвөө хүү хоёр 30 гаруй жилийн өмнө барьсан жижигхэн байшинд өдөр, хоногийг өнгөрөөж байна.

Хүү өрхийнхөө эмнэлэгт данстай л төдий гэнэ. Эмч нарын байнгын хяналтад байх нэртэйн өрхийн эмнэлгийн эмч нар нь нүүр буруулжээ. Хүүг таталт өгөхөд бараг хоёр, гурван өдөр дараалан дуудлага өгч байж сая эмч ирж ёс төдий үзчихээд яваад өгсөн гэнэ. Энэ тухай О.Сумъяадорж гуай ярихдаа “Манайх уг нь эмзэг бүлгийн айлын бүртгэлтэй. Өрх, хорооныхноос тоох хүн байхгүй болсон. Эмзэг бүлэг гээд харж хандах нь ч үгүй юм. Хүүгийнхээ өвчнийг нарийн тогтоож, болж өгвөл эмчлэх талаар яваад дийлээгүй. Өрхийн эмч нь “Хүү чинь DCB-тэй. Төрөхөөс саажилттай болчихсон юм чинь эдгэхгүй. Гадаад руу яваад эмчилгээ хийлгээд ч нэмэргүй” гэсэн. Хүүтэйгээ хоёлахнаа амьдардаг болохоор гэрээс гарах эрхгүй. Халамжийн хэдэн төгрөг заримдаа хүлээлгэж байж өгдөг. Авах болохоор гэрээс гарч чадахгүй, хүүгээ тэргэнцэр дээр нь суулгаад л банк явна шүү дээ” гэж байв.

О.Сумъяадорж гуайн амьдрал өнгөрсөн жилээс улам дорджээ. Гэр бүлийнх нь хүн тархины өвчний улмаас нэг жилийн өмнө өөд болж, сарвайх хүнгүй өвөө, хүү хоёр л үлдсэн байна. Тэдэнд туслаад байхаар ах дүүс байхгүй. Тиймээс О.Сумъяадорж гуай гадаа гарч эр, гэрт орж эм болохын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ асрах давхар ачаатай. Тэрээр “Намайг түрүүлээд үхчихвэл хүү маань хэцүүдэх байх даа. Хөгшин маань их л нэмэр болдог байж. Хөгшнөөсөө хойш энэ хүүхдийг хооллож ундлахаас эхлээд гэрийнхээ бүхий л ажлыг хийж байна. Одоо хүйтэн ороод зутарч байна даа, ах нь” хэмээн ярих. Хүүгийн ээж тодорхой эрхэлсэн ажилгүй, хүүгээ аваад явах чадалгүй учраас ийн аав, ээждээ орхижээ.

Одоо өвөө хүү хоёр 30 гаруй жилийн өмнө барьсан жижигхэн байшинд өдөр, хоногийг өнгөрөөж байна. О.Сумъяадорж гуай хүүгээ салхилуулахаар гаргах гэж бөөн ажил болдог бололтой. Арга ч үгүй юм. Нас биед хүрч буй хүүг тэргэнцэртэй нь өргөж гаргана гэдэг хөгшин хүнд ахадсан ачаа. Түүний ганц хүсэл нь хүүтэйгээ дулаан газарт даарч хөрөлгүй, ая тухтай амьдрах гэдгийг хэлж байна лээ. Тусалж, дэмжих сайхан сэтгэлтэй хүмүүст 88672986, 91667796 дугаарыг дамжуулахыг тэр бас давхар хүссэн.

Монгол Улсад эмзэг бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хаягласан олон төсөл хөтөлбөр бий. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх, нийгэмшүүлэх нэртэй нь ч олон. Гэхдээ тэдгээр “авралууд” бүгд О.Сумъяадорж гуайн хаалганд тулаад буцсаар байгаа нь харамсалтай. Өнгөрсөн хугацаанд хотын захад амьдардаг Т.Нямбат хүүг эрүүл болгох, хөгжүүлэх, нийгэмшүүлэх талаар нэг ч үйлдэл хийгдээгүйг өвөө нь хэлж байсан. Уг нь Т.Нямбат хүү нүд хөмсөг болсон, тэргэнцэр дээр суудаг ч биерхүү. Өдөрт зурагттай найзлаад өнжихөөс гадна бөхөд тун ч дуртай бололтой. Хэлж ярьж чадахгүй ч жүдо, чөлөөт бөхийн тэмцээн гарахаар баяр хөөр болон үздэг гэсэн. Магадгүй Т.Нямбат хүү эрүүл байсан бол бөх болох байсан биз. Гэхдээ түүний ирээдүй “дуусаагүй” гэдэгт өвөө нь итгэж явдаг юм билээ.