Дундговь аймгийн хувийн цэцэрлэгийн тогооч 10 сартай хүүг хэрцгийгээр, зодож буй бичлэг иргэдийг бухимдуулж, нийгмийг цочроосон билээ. Түүнийг зодож буй бичлэгийг ангийн багш нь одоогоос хоёр сарын өмнө хийсэн байдаг.

Харин багш ажлаас халагдсан дариудаа уг бичлэгийг олон нийтэд дэлгэсэн аж. Ингээд хэрэг ил болжээ.

Харин уг хэргийг аймгийн мэргэжлийн хяналтын газарт хянахад нэлээд зөрчил илэрчээ. Тодруулбал хүүхэд зодсон тогоочийн эгч нь тухайн цэцэрлэгийн эрхлэгч байсан бөгөөд тогооч эмэгтэй туслах багшийн ажлыг тэндээ давхар хийдэг байжээ. Өөрөөр хэлбэл хүүхэдтэй ажиллах тухай ямар ч хичээл заалгаагүй, хувийн ёсзүй, сахилга батгүй хүнийг туслах багшаар ажиллуулсан гэсэн үг. Тиймээс уг хэрэгт мэргэжлийн бус хүн ажиллуулсан эрхлэгч хүртэл татагдаж болохоор байгаа аж.

Мөн үүнээс гадна тухайн цэцэрлэг арын хаалгаар сувилалын цэцэрлэг хэмээх тусгай зөвшөөрлийг аваад, мэргэжлийн бус хүмүүсээр багаа бүрдүүлэн ажиллаж, мөнгө олдог байсан юм байна.

Тэгэхээр мэргэжлийн бус хүмүүст хэн яагаад, тусгай эрх олгов гэдэг асуудал гарч ирнэ. Ямартай ч энэ зөвшөөрөл Дундговийн өмнөх засаг даргын үед олгодсон байна. Уг хэрэг мандсан өдрийн маргаашнаас эхлэн тухайн цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцалсан гэх мэдээллийг аймгийн захиргаанаас өгч байгаа. Харин тогоочийн хэрэг шалгагдаж байгаа юм байна.

Гэтэл хамгийн сүүлд хүүхэд зодсон тогооч, бичлэг хийэн багшийг заналхийлж, хутга тулгасан гэх мэдээлэл гарсан юм энэ талаарх мэдээллийг тодруулахаар Дундговь аймгийн цагдаагийн газартай холбогдоход “ Хүүхэд зодсон тогоочийн хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа. Заналхийлсэн гэх зүйл болоогүй, тийм хэрэг бүртгэгдээгүй байна” гэв.

Н.Ганаа