Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч цагдаад зодуулж, амиа алдсан гэх мэдээлэл байна. Энэ сарын 23-ны өдөр тус хотын нэгэн сургуулийн 11 дүгээр ангийн сурагч цагдаагийн байгууллагад дуудагдсаныхаа дараа удалгүй тархиндаа цус харваж нас барсан аж.

Тодруулбал талийгаач хүү доод ангийнхаа хүүхэдтэй муудалцаж, зодолдсон гэх асуудлаар цагдаагийн газарт дуудагдаж, байцаагдсан юм байна. Ингээд орой нь ангидаа ирээд, ангиа цэвэрлэж байгаад ухаан алдаж, унаад эмнэлэгт хүргэгдэж ухаангүй гурав хоноод нас баржээ. Цагдаагийн байгууллагынхан уг хэрэгт бидний буруу байхгүй гэж байгаа ч эл хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа юм байна.

Харин талийгаач хүүгийн ар гэрийнхэн цагдаагийн алба хаагчдыг сэжиглэж байгаа аж.

Тодруулбал, талийгаач хүүгийн төрсөн эгч нь энэ хэргийн талаар мэдээлэл өгөхдөө “ Дүү маань энэ сарын 23-нд тархиндаа цус харвасан байдалтай аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Сэхээн амьдруулах тасагт хүргэгдэж очоод гурав хоног ухаангүй байж байгаад нас барсан. Дүүг маань таньдаг хүүхэд аавынхаа хамтаар хэсэг хүмүүсийн хамт зодсон байж болзошгүй. Үхтэл нь зодож хаячихаад цагдаад хүргэж өгсөн юм билээ. Дүү цагдаагаас гарч ирэхдээ гуйвж дайваад яг согтуу хүн шиг явсаар ангидаа ирсэн юм билээ” гэжээ. Харин талийгаач хүү болохоор ангийнхандаа хэлэхдээ “Би цагдаад зодуулчихлаа. Миний толгой эргээд байна” гэж хэлээд ухаан алдаж, унаад сэргэхгүй байсаар амьсгал хураажээ.

Тэгэхээр түүнийг таньдаг гэх хүү болон түүний аав, цагдаа нар гээд олон хүн уг хэрэгт буруутай байж болохоор байгаа юм. Гэвч Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэс уг хэргийг шалгаж байгаа гэхээс өөрийг хэлэхгүй байсаар цагдаагийнхан буруугүй гэдэг шийдвэр гаргажээ. Сүүлийн өдрүүдэд хөдөө орон нутгийн цагдаагийн газарт шийдэгдэж байгаа хэргийн талаар нэлээд гомдол гарч байгаа нь ажиглагдаж байна.Тиймээс эл хэргийг ЦЕГ анхааралдаа авах хэртэгтэй байгаа юм.

Н.Ганаа