"Авьяаслаг монголчууд" шоу өндөрлөөд удаагүй байгаа билээ. Тэгвэл уг шоуны шилдэг оролцогчид өнөөг хүртэл үзэгчдийн сонирхлыг татсаар байна. Шоуны шилдэг оролцогчид шинэ жилийн захиалга ч ихтэй байсан бололтой. “Авьяаслаг монголчууд” шоуны хоёрдугаар байрт шалгарсан ёочинчин Х.Бархүү, лимбэчин Б.Мягмарцэрэн нараас зарим зүйлийг тодруулж, сэтгэгдлийг хуваалцсанаа хүргэе.

-Үндэсний хэмжээний шоунд оролцож хоёрдугаар байрт шалгарсанд баяр хүргэе. Шилдгийг шалгаруулах тэр мөчид түрүүлэх болов уу гэсэн найдлага дүүрэн байсан биз?

Х.Бархүү: -“Эгшиглэнт чимээ” хамтлагийнхан шоуны ялагч болсонд бид хоёр үнэхээр их баярлаж байгаа. Бүгд л өөр өөрийн гэсэн өвөрмөц төрхийг агуулсан оролцогчид байсан. Монгол гэсэн тодотголтой, Монгол хүний оюун сэтгэл, ур ухаанаар бүтсэн, зохиосон бүх л зүйл дэлхийд гайхагдаасай гэж хүсч байна. Ялагчийн тухайд гэвэл бид хоёр өөрсдийгөө шилдэг гуравт үлдэх хүртэл хол явна гэж бодож байсангүй ээ.

-Яагаад?

-Үндэсний хөгжмийг үзэгчид тэр бүр ойшоодоггүй шүү дээ... /инээв/. Бид хоёрын хувьд шоунд орж ялагч болохдоо бус монголчууд юу чаддагийг харуулахыг л хүссэн. Харин үзэгчид биднийг их сайхан хүлээж авсан. Авьяас гэдэг дуу бүжгээр хязгаарлагдах зүйл биш гэдгийг зарим хүмүүст ойлгуулахыг хүссэн. Бид хоёрдугаар байрт орсондоо огтхон ч харамсахгүй байгаа. Харин ч энэ шоунд оролцсоноо их сайхан хувь заяа гэж бодож байгаа. Тиймээс биднийг дэмжиж санал өгсөн монголчууддаа талархсанаа илэрхийлье. Мөн дэлхийн хэмжээнд зохион байгуулагдсан “Got talent” шоуг Монголд зохион байгуулсан “Монгол HD” телевизийнхэндээ маш их баярлаж байна. Мэдээж өрсөлдөгчийн хувьд “Эгшиглэнт чимээ” хамтлаг үнэхээр гайхалтай өрсөлдөгч байсан. Яагаад гайхалтай гэж байна вэ гэхээр тэр олон эрч хүч, инээд хөөрөөр бялхсан хүүхдүүд, ядрахыг мэдэхгүй хүүхэд насны цог золбоо тэдэнд байсан.

Б.Мягмарцэрэн: Бид хоёр өмнө нь зүгээр дээлээ өмсөөд тайзны хойно суугаад, эсвэл зогсоод тоглодог байсан бол Монголын ард түмэн юунд дурлаж, юуг илүү ихээр залуу үе биднээс хүсч байгааг ойлгосон. Хүүхэд залуучууд маань хүртэл юуг үзэж харахыг, сонсож мэдрэхийг хүсч байгааг мэдэрсэн. Тиймээс Бархүү, Мягмарцэрэн хоёрын хувьд шилдэг наймд үлдсэн нь хамгийн азтай хэрэг. Тэгээд ч Бараа ах бид хоёр “Эгшиглэнт чимээ” хамтлагийнхаа дүү нар болоод С.Жамьянхорол багшаас дутуугүй тэдний өмнөөс баярлаж байгаа. Дүү нар дундаас Монголдоо төдийгүй дэлхийд гайхагдах хөгжимчин төрөн гарна гэдэгт итгэлтэй байна. Тэр урам зоригийг дүү нар “Авьяаслаг монголчууд” шоунаас авсан гэж бодож байгаа.

-Шоунаас хойш ямар уран бүтээл хийж байна даа?

Х.Бархүү: -Шоуны хамгийн сүүлийн шатны шалгаруулалт дуусаад сар арай хүрэхгүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд бид хоёр шинэ онд болон цаашид хийх уран бүтээлээ төлөвлөөд ажиллаж байна. Анх “Монгол HD” телевизтэй жил зургаан сарын гэрээ байгуулсан. Энэ хүрээнд олон зүйл дээр хамтарч ажиллахаар ярилцаж байгаа. Одоохондоо нууцалсан нь дээр байх аа.

-Шинэ жилийн захиалга их байв уу?

Б.Мягмарцэрэн: -Шинэ жил, баяр ёслолын арга хэмжээндээ ирж уран бүтээлээ хүргээч гэсэн олон санал хүсэлт бид хоёрт ирсэн шүү.

-Та хоёр аль сургуулийг төгссөн бэ. Нутаг усныхаа тухай яриа дэлгээч?

Х.Бархүү: -Би Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн.Бид хоёр хоёулаа Хөгжим бүжгийн коллежийг төгссөн. Би 12 настайдаа шалгалт өгч элссэнээр анх хөгжимчин болох гараа маань эхэлж байлаа даа.

Б.Мягмарцэрэн: -Харин би Говь- Алтай аймгийн Алтай хотод төрсөн. 2003 онд хотод орж ирсэн. 12 настайдаа 2002 онд Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежид элсээд 2003 онд хотод ирж Хөгжим бүжгийн коллежид суралцсан.

-Хичнээн жил хамтарч уран бүтээл хийж байна вэ?

Б.Мягмарцэрэн: -Бархүү ахын хувьд “Улаанбаатар чуулга” анх байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл ажиллаж байгаа. “Улаанбаатар чуулга” анх 2006 онд байгуулагдаж 2011 онд одоо байгаа байрандаа нүүж ирсэн юм. Би 2010 онд “Улаанбаатар чуулга”-д орсон. Тэр мөчөөс л Бархүү ах бид хоёрын хамтын уран бүтээл эхэлсэн гэж хэлж болно.

-Өөрсдийн хөгжимд тохируулан найруулсан хичнээн хөгжмийн аятай болсон байна вэ?

Х.Бархүү:-Миний Монголын үндэсний хөгжим асар баялаг, дэлхийд гайхуулах өөрийн гэсэн өвөрмөц шинжтэй. Тийм учраас бидний уран бүтээл барагдашгүй юм. Яг өөрсдийн гардаж найруулсан хөгжмийн зохиол гэвэл хүүхэд байхаасаа зохиосон зүйлүүд гээд нэлээд юм бий. Яг нарийн тоолж байсангүй.

-Энэ шоунд орсноор уран бүтээлчдийн хувьд авууштай зүйл юу байв?

Х.Бархүү: -Шоунд оролцсоноор бид хоёр үндэсний хөгжмийг залуучуудад түгээх цаашлаад үндэсний хөгжмийн талаар хүмүүсийн боддог бодлыг өөрчилж чадсан болов уу гэж бодож байна. Гэхдээ энэ санаа дан ганц бид хоёрынх байгаагүй. Маш олон чадварлаг залуучууд бид хоёртой хамтарч ажилласан. Монгол телевизийн хөгжмийн найруулагч С.Буянтөгс, “Улаанбаатар чуулга”-ын хөгжмийн зохиолч О. Чинбат, Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан зэрэг хүмүүс ажилласан. Энэ бүх хүмүүстээ баярлалаа.

-Та хоёр цаашдаа уран бүтээлээ ямар байдлаар хийхээр төлөвлөж байна вэ?

Х.Бархүү: -Бид хоёр ардын хөгжмөө цаашид улам дэлгэрүүлж орчин үеийн залууст сонирхолтой болгож дэлхийд улсынхаа нэрийг гаргахыг зорьж байна даа.Илүү сайхан уран бүтээлүүд хийж үзэгч сонсогчдодоо барина гэж бодож байна. “Авьяаслаг монголчууд” шоунд оролцсоноор ардын хөгжмийг сонсдог залуучууд нэмэгдсэн байх гэж бид найдаж байгаа. Энэ бол бид хоёрын үндэснийхээ хөгжмийг хөгжүүлэхэд оруулсан бага ч гэсэн хувь нэмэр болов уу.

-Яагаад энэ шоунд оролцох болов?

Б.Мягмарцэрэн: -Бархүү ах бид хоёр өнгөрсөн хавар Тайваньд очиж тоглолтод орсон юм. Тайваниас ирээд удаагүй байтал “Авьяаслаг монголчууд” шоуны Улаанбаатар хотын шалгаруулалт болсон. Чуулгын дарга Р.Мөнхсайхан ах бид хоёрыг Тайваньд тоглосон номероороо орооч гэж хатгасан. Тэгээд бид хоёр ч “Яадаг юм үзээд алдъя” гэж шийдээд анх “Авьяаслаг монголчууд” шоунд бүртгүүлсэн.

-Шоуны хагас шигшээ тоглолтод ороход та хоёрын хувцаслалт, үзүүлбэр гээд маш содон санагдсан. Хувцаслалтын тал дээр янз бүрийн шүүмжлэл ч байсан?

Б.Мягмарцэрэн: -Бид зохиолдоо тааруулсан. Цахилгаан хөгжимчидтэй тоглох болохоор үндэсний дээл өмсөөд суугаад байж болохгүй шүү дээ. Монгол хүний оюун, ур ухаанаар бүтэж сэтгэлээ шингээн урласан хувцсыг өмссөн. Ингэхдээ орчин үеийн хувцасны загварыг үндэсний хувцастай хэрхэн зохицуулж болохыг харуулсан гэж бодож байгаа. Ер нь “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн багаас бид хоёрт маш их тусалсан. Хувцаслалт, хөгжмийн найруулга, үзүүлбэр, тайз, гэрэл, лед дэлгэц гээд олон зүйл дээр бидэнд туслалцаа үзүүлсэн. Жижиг гэлтгүй бүх зүйлс дээр бүх оролцогчдод өөрсдийн сэтгэлээ шингээж хүмүүст сайхан зүйл үзүүлэхийн төлөө бид хамтдаа хичээсэн. Манай хамт олон ч мөн адил биднийг их дэмжсэн. Хувцаслалтын тал дээр шоуны багийнхан санаачилгыг нь гаргаж бидний зүгээс дэмжиж хийлгэсэн байгаа.

-Гэр бүлтэй юу?

Х.Бархүү: -Бид хоёр хоёулаа гэр бүлтэй.

-“Авьяаслаг монголчууд” шоунд оролцсоноор уран бүтээлчдийн хувьд ололттой тал нь чухам юу байв?

Х.Бархүү: -Үндэснийхээ хөгжмийн гайхамшгийг ард түмэнд таниулж чадсан нь түрүүлэхээс илүү ололт байлаа. Мөн энэ шоунд оролцсоноор олон зүйл ойлголоо. Шоу гэж ямар байдаг, ямар байх ёстой, хөгжмийн найруулга, хувцаслалт гээд л тоочоод баршгүй их зүйлийг сурч мэдэж авлаа. Хэдий гадаадад тоглолт хийж байсан ч тэр болгон нарийн зүйлийг мэддэггүй байж.

Б.Мягмарцэрэн: -“Авьяаслаг монголчууд” шоунд оролцсоноор бид хоёр өөрсдийгөө эвдэж шинэ зүйлүүдийг туршиж, үзэгч түмэндээ харуулж чадсандаа баяртай байгаа. Чука шүүгчийн хэлснээр хөгжимчид дээлээ өмсөөд хүмүүсийн ард л тоглодог байсан. "Авьяаслаг монголчууд"-д оролцсоноор өөрсдийгөө нээж чадсан гэж хэлж болно.

-Шоуны үед болсон сайхан дурсамжаасаа эргэн хуваалцахгүй юу?

Б.Мягмарцэрэн: -Шоуны үеэр бага зэрэг хариуцлага алдаж ерөнхий продюсер Ч.Номин захиралд загнуулсан нь мартагдашгүй юм даа.

-Яагаад загнуулсан юм бэ?

-Хамгийн сүүлийн бэлтгэлийн үеэр арын хөгжимчид ирээгүй байсан юм. Хүн бүр өөрөө өөрсдөдөө эзэн нь болж хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Энэ олон хүний хүч хөдөлмөрөөр бүтэж байгаа шоуг тэрхэн үед үгүй хийчихэж байгаа юм шиг сэтгэгдэл төрж өөрсдийгөө буруутгаж их гэмшсэн дээ. Бас сайхан дурсамж болон үлдсэн гэж болно.