Дархлаажуулалтын зөвлөх хорооны Дэд дарга, ДЭМБ-ийн Бүсийн хорооны улаанбурханы тархалтыг таслан зогсоосныг баталгаажуулах хорооны гишүүн, Академич, профессор, вирус судлаач П.Нямдаваагаар ахлуулсан ажлын хэсгийн хурал ЭМСЯ-ны хурлын “А” танхимд болсон юм.

Тус хурлаар Монгол улсад 0-5 насны хүүхдүүдийн дунд уушгины хатгаа өвчний үүсгэгчийн зонхилох шалтгаан болж буй пневмококкын 13 цэнт вакциныг сонгогдсон хоёр дүүрэгт нэвтрүүлэх, насны тов болон нэвтрүүлж эхлэх хугацааны саналыг танилцуулан ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2, 4, 9 сартай хүүхдүүдийг пневмококкын 13 цэнт вакцинаар дархлаажуулж эхлэхээр шийдвэрийг гаргалаа.

Мөн Полиомиелитийг устгах төгсгөлийн шатны төлөвлөгөөний хоёрдугаар зорилтын хүрээнд полиомиелитийн гурван цэнт вакцинаас хоёр цэнт вакцинд шилжих Үндэсний шилжих өдрийг 2016 оны дөрөвдүгээр сарын 27-нд болгохоор нэгдсэн шийдэлд хүрчээ.