Энэ сарын 12-нд Төв аймгийн Баянчандмань сумын ерөнхий боловсролын сургуулийн 7а ангийн сурагч Э гэх охин сургуулийнхаа гурван давхраас унаж гэмтсэн хэрэг гарчээ .

Охины биеийн байдал тааруу, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт аарцаг, нурууны хагалгаанд оржээ. Хэргийг Төв аймгийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр энэ сарын 12-нд буюу баасан гаригт 7а ангийнхан 13:00 цагийн орчимд тарцгаан ангиасаа гарцгаасан байна. Хичээл тарсны дараа хэн нэг нь Э гэх охиныг дотор байгааг нь мэдэлгүй цоожлоод үлдээчихсэн аж. Одоогоор ангийг хэн цоожилсон гэдгийг аймгийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчид шалгаж байна.

Харин Э –гийн өгсөн мэдүүлгээр “Ангидаа ганцаараа цоожлогдсоноо мэдээд хэн нэгнээс тусламж дуудахаар цонхоо онгойлгосон. Цонхны тавцан дээр гараад нэг хөлөө унжуулаад зогсож байтал муу хөл өвдсөн. Хөлөө татаж авах гэж тонгойхдоо цүнхэндээ дийлдээд бүтэн биеэрээ унжса н. Цонхны хэсгээс гараараа зүүгдэж байгаад доошоо уначихсан” гэжээ.

Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас тухайн өдөр жижүүрээр ажиллаж байсан багш, жижүүр, сургуулийн захирал нарт ажлын хариуцлага алдсан гэж арга хэмжээ авахаар болжээ.

 

TIMES.MN: Тэнцвэртэй мэдээлнэ