МАН-ын томчуудад үнэлэгдэж, залуу ч гэсэн өндөр албан тушаалуудыг хашиж явсан Эрдэс баялаг, Эрчим хүчний сайд асан Д.Зоригт 2012 оны сонгуулийн дараа тэгсхийгээд алга болсон.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд гадаадынорнуудаар амьдарч, дугуй унасан шигээ зугаалж явсан мань нөхөр сонгууль дөхсөнтэй холбогдуулан эх орондоо дуртай нь аргагүй ирж, нэр дэвшихээр ажиллаж эхэллээ.

25-р суваг телевизээр “Монгол толгой” нэвтрүүлэг хөтлөх болов. 2012 оны сонгуулиар өвдөг шороодсон Чингэлтэй дүүрэгтээ дахин нэр дэвшихээр ажиллаж байгаа аж. Эрх мэдэлгүй болчихвол Монголдоо сууршдаггүй, тэгээд сонгууль болохоор л нутгаа санаж, Монголоо хөгжүүлнэ хэмээн пиардагсад цөөнгүй. Тэдний нэг яах аргагүй Д.Зоригт. “Монгол толгой” нэвтрүүлэгт оролцоод айлуудын хойморьт урилгагүй зочлоод мөн ч сайхан ярих юм. Өөрөө сайд байхдаа, эрх мэдэлтэй байхдаа юу хийж бүтээсэн бэ. Харин ч энэ эрхмийн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд байхдаа хийж хэрэгжүүлсэн зүйлийнх нь зэс цухуйж тар нь танигдаж байна.

“Сонгож болохгүй эрхмүүд” цувралынхаа эхний дугаарт Д.Зоригтыг онцолж байна. Сонгууль болохоор сайхан зүйл ярьж тархи угааж сонгогдчихоод хийж хэрэгжүүлэхдээ дэндүү сэтгэлгүй хандаж, итгэлийг хөсөрдүүлсэн нэгэн шүү дээ. Хэдийгээр олон хэлээр ярьчихдаг, гадаад явж галуу шувууны мах идэж, чамгүй боловсрол эзэмшсэн боловсрол өндөртэй залуу ч гэлээ сайд болоод хийсэн, бүтээснийг харахаар дэндүү чамлалтайгаас гадна Монголоо гэх сэтгэл дутдаг гэж дүгнэж болмоор юм шиг. Эхлээд Дашдоржийн Зоригт гэж хэн бэ гэдгийг тодотгоё.

Дашдоржийн Зоригт С.Баярын танхимын хамгийн залуу сайд болж орж ирсэн. Д.Зоригт хоёрхон хүүхэдтэй айлын том хүү. Тэрбээр 1971 онд Улаанбаатар хотод сэхээтний гэр бүлд төрсөн, Нийслэлийн орос сургалттай гуравдугаар сургуулийг төгссөн юм билээ. Д.Зоригт дунд сургуулиа төгсөөд 1988-1994 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг улс төр судлаач, хятад судлаач мэргэжлээр дүүргэж, 1996-1998 онд Австралийн их сургуульд олон улсын харилцааны магистр, 2002-2003 онд Японы Киюшюгийн их сургуульд хууль зүйн ухааны магистрт тус тус суралцжээ. Тэрбээр хятад, орос, англи хэлээр ярьдаг. 1994 оноос Гадаад хэргийн яаманд ажиллаж байгаад 1997 онд 27 настайдаа Бодлого зохицуулалтын газрын дэд даргаар ажилласан байна. 2004 онд Сангийн яаманд газрын дарга, 2007 онд Үйлдвэр, худалдааны яаманд газрын даргаар зургаахан сар ажилласны дараа "Эрдэнэс MGL" хэмээх зуун хувийн төрийн оролцоотой компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байлаа. Тэрбээр МАХН-д 2004 онд элсч, АСЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүнээр сонгогдож байв.

МАН доторх фракцуудын дотор тэр М.Энхболдын хүрээлэлд багтдаг. Учир нь түүний аав Дашдорж Төв аймгийн Баян-Өнжүүлийнх. Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар томилсон нь С.Баярын гэхээсээ М.Энхболдын хүсэл байсныг ч үгүйсгэхгүй. Учир нь Ерөнхий сайд С.Баяр нам дотор фракцуудынхаа ил далд тулаанаас эмээж Засгийн газартаа аль болох ижил тэгш зарчмаар албан тушаалын “бялууг” хуваасан гэдэг. Чингэлтэй дүүрэгт нөхөн сонгуулиар “ногоон гэрлээр” сонгогдож гарахад ч С.Баяр, М.Энхболдын нөмөр нөөлөг бишгүй байсан хэрэг. Гэвч 2012 оны УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшихэд сонгогчид С.Баяртай нийлж, Оюутолгойг дашийн шог болгосон гурван сайдын нэг хэмээн цоллож байсан удаатай. Энэ нь иргэдийн сонголтод тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.

Түүний сайд байхдаа хийж хэрэгжүүлсэн ажил хэрхэн замхарсныг цувралаар хүргэнэ.

Үргэжлэл бий.

 




Эх сурвалж: TIMES.MN