30 мянга гаруй жолооч шар үнэмлэхээ солиулна

Лицензийн төв жолооч нарын хөлд дахин дарагдав. Хуучин шар үнэмлэхийг солиулах шаардлагатай гэх мэдээлэл цацагдсанаар ийнхүү тус төв өчигдөр нэлээд бужигнаантай өнжлөө.

 

Хэдхэн сарын өмнө Өршөөлийн хууль батлагдаж улмаар үнэмлэхээ авах, сэргээлгэх гэсэн жолооч нар тус төвийн үүдэнд дараалал үүсгэж нэлээд үймэлдсэн. Тэгвэл энэ удаа ч мөн дээрх байдалтай ижил зүйл болж жолооч нар бужигналдав.

 

Энэхүү мэдээллийн дагуу бид тус төвд очиход дараалал үүсэж, иргэдийн дунд багагүй бухимдал дэгдсэн байлаа. Учир нь тэдний дийлэнх нь “Өглөө 7:30-аас ирж дугаарласан ч үнэмлэхээ захиалж чадахгүй байна”, “Энэ хүн энд дугаарлаж байсан, байгаагүй”, “Өндөр настай хүнийг оруулчихгүй” гэцгээн бухимдацгаах аж. Харин Лицензийн төвийн цагдаа нар дугаарласан иргэдийг зохицуулж, хэсэг хэсгээр нь оруулж байгаа харагдав.

Тэнд хуучин шар үнэмлэхээ солиулах гэсэн иргэдээс гадна жолооны үнэмлэхээ гээгдүүлсэн, эрхээ хасуулсан жолооч нар шинэ үнэмлэхээ захиалахаар иржээ. Гэхдээ ихэнх жолооч нь "Шар үнэмлэхээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй, торгоно" гэх мэдээллээр үнэмлэхээ солиулахаар яаравчлан ирсэн гэдгээ учирлаж байлаа.

 

Түүнчлэн иргэд “Хуучин үнэмлэх солиулах ажил нь бас нэгэн бизнес болж байна. Үнэмлэх солиулахад 12500 төгрөг, мөн цусны бүлэг тодорхойлоход 5000, бичиг баримт бүрдүүлж, хувилах гээд 20 гаруй мянган төгрөг зарцуулж байна. Уг нь мэдэж сураад авсан үнэмлэхийг заавал шинээр солих нь ямар учиртай юм. Хуучин үнэмлэхний материал сайн, хугарч гэмтэх нь бага байдаг. Гэтэл шинэ үнэмлэх нь нимгэн гэмтэхдээ хурдан, тэгээд хугарч гэмтвэл дахиад л солиулах болно” гэцгээн шар үнэмлэх солих ажлыг төдийлөн дэмжихгүй байгаагаа илэрхийлж байлаа.

 

Ингээд бид Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Лицензийн төвийн Мэдээлэл технологийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Н.Пүрэвдоржоос шар үнэмлэх солиулах талаар зарим нэгэн зүйлийг тодрууллаа.

 

Н.Пүрэвдорж: Жолооч нар дараалал үүсгэхгүй, энэ ондоо багтаад үнэмлэхээ солиулах боломжтой

 

-Хуучин шар үнэмлэхээ солиулах гэсэн иргэд танай төвийн үүдэнд дараалал үүсгэж, нэлээд бужигналдаж байх шиг байна?

 

-Тийм ээ. Иргэд шар үнэмлэх солиулах шаардлагатай, хэрэв солиулахгүй бол замын цагдаа нар торгож байна гэх ташаа мэдээллээр ирж, оочер дараалал үүсгэж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэчилсэн хуулиар жолооны үнэмлэхийг 10 жилийн хугацаанд хүчинтэй байна гэж заасан. Тиймээс шар үнэмлэхтэй иргэд маань заавал өнөөдөр, маргааш гэхгүй 2016 ондоо багтаагаад солиулахад л болно. Мөн 2007, 2008 онд хэвлэгдсэн шар үнэмлэхтэй хүмүүс 2017, 2018 онд ч солиулж болох юм. Тэгэхгүй заавал дараалал үүсгэж, маргаан дэгдээх шаардлагагүй гэдгийг хэлэх байна.

 

-Замын цагдаа нар шар үнэмлэхтэй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, торгож байна гэх мэдээлэл иргэдийн дунд байх шиг байна?

 

-Замын цагдаагийн удирдлагаас өгсөн мэдээллээр “Шар үнэмлэхтэй нэг ч жолоочийг торгоогүй, ямар нэгэн арга хэмжээ аваагүй” гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Харин үнэмлэхээ солиулах ёстой гэдэг шаардлагыг бол тавьж сануулж байгаа юм билээ.

 

-Шар үнэмлэхийг солиулахад ямар бичиг баримт шаардлагатай вэ?

 

-Хуучин шар үнэмлэх солиулах бол иргэний үнэмлэхний хуулбар эсхүл иргэний үнэмлэхний лавлагаа, хуучин шар үнэмлэхний хуулбар, цээж зураг 1% /3х4см/, жолооны үнэмлэхний мөнгө 12500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 900012408, Хүлээн авагч банк - Төрийн сан банк, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын СХГазар/ бүрдүүлэхэд л хангалттай.

 

-Иргэд эрүүл мэндийн тодорхойлолт буюу цусны бүлэг тогтоолгосон байх ёстой гэсэн шаардлага тавьж байна гэх мэдээлэл байна. Жолооч нар заавал цусны бүлгээ тодорхойлуулах шаардлагатай юу?

 

-Одоогийн ашиглаж байгаа шар үнэмлэх нь 10 жилийн өмнө олгогдсон болохоор зарим нэгэн мэдээлэл зөрдөг. Тухайлбал шар үнэмлэх дээр цусны бүлэг бичигдээгүй эсвэл зөрөх тохиолдол байдаг. Энэ тохиолдолд эрүүл мэндийн тодорхойлолт цусны бүлэг тогтоолгох ёстой гэсэн шаардлага тавьж байгаа.

 

-Жолоодох эрхийн үнэмлэхээ солиулсан тохиолдолд хэд хоногийн дотор хэвлэгдэх гарах вэ. Энэ хугацаанд жолооч нар замын хөдөлгөөнд хэрхэн оролцох боломжтой вэ?

 

-Бид иргэдэд аль болох чирэгдэлгүйгээр түргэн шуурхай үйлчлэхийг эрмэлзэж байна. Гэхдээ ачаалал гэнэт ихсэж байгаа тул шар үнэмлэхийг 3-5 хоногт хэвлэн олгож байгаа. Харин энэ хугацаанд жолооч нарын хуучин үнэмлэхийг хурааж авахгүй харин шинэ үнэмлэх гарахаар нь хурааж авах зарчмаар явна. Тэгэхээр үнэмлэхээ захиалсан жолооч нар замын хөдөлгөөнд шар үнэмлэхтэйгээ оролцох учир ямар нэгэн асуудал үүсэхгүй юм.

 

-Хуучин шар үнэмлэхээ солиулах хэдэн жолооч байгаа бол. Энэ талаарх мэдээлэл байгаа болов уу?

 

-Бидний тооцоолж буйгаар 30 гаруй мянган жолооч шар үнэмлэхтэйгээр замын хөдөлгөөнд оролцож байгаа. Тэд үнэмлэхээ солиулах шаардлагатай юм.

 

-Ачаалал их байгаа учир танай төв уртсгасан цагаар ажиллах боломж байгаа болов уу?

 

-Бид өнөөдрөөс /өчигдөр/ эхлэн уртсгасан цагаар иргэдэд үйлчилж байна. Тодруулбал 8:00-19:00 цаг хүртэл үйлчилж байгаа. Тиймээс иргэд цаг заваа алдаж, заавал дараалал үүгэж, үнэмлэхээ солиулах шаардлагагүй зөвхөн энэ ондоо багтаад л солиулах боломжтой гэдгийг дахин хэлье.

 

-Шар үнэмлэхээс гадна жолооны үнэмлэхээ гээгдүүлсэн иргэд бас нэлээд байх шиг байна. Ямар учраас гээгдүүлсэн үнэмлэх 21 хонож байж хэвлэгддэг юм бол. Иргэд энэ асуудалд бас нэлээд бухимдалтай хандаж байх шиг байна?

 

-Тийм ээ. Иргэд гээгдүүлсэн үнэмлэхийг олон хонож байж хэвлэлтээс гаргаж байна гэж бухимддаг. Гээдүүлсэн үнэмлэхийг аймаг, нийслэлийн замын цагдаагийн газар, хэлтсээс лавлагаа авч байж дахин хэвлэж олгодог. Хэрэв лавлагаа авахгүй бол зарим иргэд эрхээ хасуулчихаад гээгдүүлсэн гэж худал мэдээлж үнэмлэх хэвлүүлж авах сонирхолтой байдаг. Гээгдүүлсэн үнэмлэхийг заавал лавлагаан дээр үндэслэж дахин хэвлэдэг юм. Тиймээс хугацаа шаарддаг гэлээ.

 

Харин бид энэхүү мэдээллийн дараа жолооч нараас шар үнэмлэхтэй явж байгаад замын цагдаад торгуулсан эсэхийг тодруулбал мөнгөн торгууль ногдууллаа гэх жолооч таарсангүй. Гэхдээ цагдаа нар "Шар үнэмлэхээ хурдан солиулах шаардлагатай гэдгийг анхааруулж, шаардлага биелүүлэхийг үүрэгдэж байна лээ" гэх хүн олон таарсан юм. Ямартай ч жолооч нар энэ ондоо багтааж шар үнэмлэхээ солиулахад ямар нэгэн торгууль шийтгэл ногдуулахгүй юм байна. Түүнчлэн 2007, 2008 онд хэвлэгдсэн үнэмлэхийг дараа жил ч солиулах боломжтой аж.

24tsag.mn Б.Энхжин