“Нэхмэлийн шар” хэмээгддэг шар байрнуудын оршин суугчид зүдэрч сууна. Хөгц, мөөгөнцөр, чийгэнд битүү дарагдсан байранд өдөр хоногийг өнгөрүүлж байна. Хатуухан хэлэхэд өмхий ханхалсан оо-д амьдарч байна шүү хотын дарга Э.Бат-Үүл ээ!

Тус байрны хана, тааз байнга нурдаг бөгөөд халаалт муу учраас иргэд хэдэн давхар хувцас өмсөж хөнжил, дээлээр биеэ ороож сууж дулаацдаг байна. Хэзээ дээрээс нураад ирэх бол хэмээн айдас, хүйдэстэй амьдарсаар тэд олон жилийн нүүрийг үзэж байгаа.

Өдгөө байдал улам хүндэрсээр оршин суугчид нь хаана хандахаа мэдэхээ байж. Эхэндээ тэд олон газраар явсан ч асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй бөгөөд улам доройтсоор... Хууч өвчтэй хүмүүсийн өвчин нь сэдэрдэг гэнэ. Арга ч үгүй биз хүн битгий хэл нохой хүртэл амьдрахааргүй болсон байрыг яах вэ та минь ээ.

Хана, тааз нь байнга нуралт өгдөг. Үүнийг нь бүүр нураачихгүй нь тулд иргэд өөрсдөө шавардаж өдөр хоногийг аргалдаг бөгөөд 400 гаруй иргэд эрүүл мэндээрээ хохирч байна.

Төрд суугаа хэдэн нөхдүүдийн цөөн хэд нь “Нэхмэлийн шар”-ын иргэдийн зовлонг чихээрээ сонсч, нүдээрээ харсан. Тэгсэн ч дорвитой ажил өрнүүлээгүй аж. Өнгөрөгч онд дахин төлөвлөх, барилгажуулах ажил эхэлсэн ч тендэрт авсан компани нь юу ч хийгээгүй хэмээн 20 байрны 400 гаруй оршин суугчид гомдолтой байна. Энэ байрны тендэрийг удаа дараа мэргэжлийн бус хүмүүс авдаг гэдгийг оршин суугчид онцолсон билээ. Иймд хотын даргадаа хандаж хэлэхэд, уг байрыг өөрийн биеэр очиж нөхцөл байдалтай нь танилцахыг хүсье.

Ялгадастайгаа холилдсон орчинд та амьдарч чадахгүй биз дээ. Тэгвэл цаана чинь 400 гаруй иргэн ийнхүү баас, шээстэйгээ холилдсон, хүйтэн, мөөгөнцөр, чийгтэй орчинд эрүүл мэнддээ заналхийлгүүлсээр нэлээд хэдэн жилийн нүүрийг үзлээ.