Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч Г.Жамьянгийн бичсэн " Сөрөг- Үнэнээр цангасан ард түмэндээ" номын хэсгээс цувралаар хүргэж байна. Уг номонд багтсан "С.Баяр" тэмдэглэлийг зохиогчийн зөвшөөрөлтэйгээр толилуулж буйг хүлээн авна уу?

 

С.Баяр

 

Санжийн Баяр. Би энэ хүний аав ээжийг л таньдаг байлаа. Аав нь эрт өнгөрч, ээж нь саяхан зурагтаар гарч байна билээ. Баяр маань Дулмаа гэж Монголдоо байтугай дэлхийд танигдсан том эрдэмтэн ээжтэй хүн.

 

Дулмаа гуайтай анх танилцсан түүх маань сонин. Сонины эрхлэгчээсээ үүрэг аваад эрдэмтэн Дулмаа гуай руу очиж явахдаа нэг сонин бодолд автаж явлаа. Миний нэг онцлог чанар бол бичих материалынхаа сонин содон нэрүүдийг тэмдэглэлийн дэвтэртээ бичиж тэмдэглэж авдаг. Материал биччихээд тэр нэрнүүдээ шүүрдэж, таарч тохирмоорыг нь засч янзлаад авдаг байхгүй юу.

 

Насаар уул ус бараадсан, өвөл зуны аль ч улиралд гол, нууруудын эрэг сахиж, загас судалсан энэ эмэгтэй над сонин санагдсан юм. Миний нандигнан хадгалж байгаа нэрүүд дунд “Уул усны охин” гэж нэг нэр байгаа юм. Түүнийг л хамгийн эхэнд бодлоо. Дулмаа гуайнх нэгдүгээр дөчин мянгатын хороололд байсан шиг санагдах юм. Эднийд зөндөө саатаж, их ч зүйл бичиж тэмдэглэж авсан. Эрдэмтний яриа болгон нь намайг бишрүүлж байсан. Ганц эмэгтэй хүн, нуурын хөвөөнд майхан барьчихаад загас жараахайтай “ярьж” сар жилийг авна гэдэг, хүний хорвоод ховорхон тохиолдох ажил мэргэжил шиг санагдаж байж билээ. Дулмаа эрдэмтнийхээ ярьснаар хөрөг найруулал хийж “Улаанбаатарын мэдээ” сониндоо гаргасан.

 

Өнөөх нэрээ бодоод байсан чинь “Уул усны охин” гэхэд арай таармааргүй, нас тогтсон бүсгүй. Тэгээд “Уул усны хүүхэн” нэртэйгээр гаргачихаж билээ. Энэ хөрөг найруулалд хүмүүсийн ам гайгүй л байсан. Харин, бараг өдөр болгон шахуу замд тааралддаг Дулмаа гуай л нүүр буруулаад зөрөх болсонд гайхдагбайлаа. Тэгсэн чинь надаасболсныг сүүлд ойлгосон. “Уул усны хүүхэн” гэдэг гарчиг хөнгөдсөн гэнэ. Танил найз нар, ажлын газрынхан нь “Манай уул усны хүүхэн” гэж жаахан тоглоом тохуу хийжээ дээ. Эмэгтэй хүн санаа зовоо л биз. Түүнээс хойш би бичсэн зүйлийнхээ гарчиганд онцгой анхаарах болж, залуу сэтгүүлчиддээ ч захидаг л зүйл дер болсон.

 

Ингэж би Монголын загас судлалын нэрт эрдэмтэн, доктор Дулмаа гуайтай анхлан танилцаж билээ. Түүнээс хойш төдийлөн уулзаж тааралдахгүй л байлаа. Манай авгай хөдөө явах их ажилтай байсан үе. Нэг удаа Дорнод аймагт ажлаар яваад ирсэн чинь доктор Дулмаа гуайн тухай бөөн “магтаалтай” ирлээ. Дулмаа гуайтай хамт байж гэнэ. Тэр доктор Халх гол, Буйр нуур руу яваад ирэхдээ баахан мөчир авчраад Чойбалсан хотын гудамжинд тарьж суулгаж байх юм гэнэ. “Яасан их ухаантай, ямар хөдөлмөрч эмэгтэй вэ!” хэмээн гайхаж ирсэнсэн.

 

Санжийн Баяр гэдэг маань ийм л ээжийн хүү дээ. Баяр гэж хүний барааг хараагүй явж. 1996 оны Улсын Их Хурлын сонгуульд олон намаас, олон хүн нэр дэвшсэнийг та бүхэн санаж байгаа байх. Монголын Үндэсний эв нэгдлийн намын дарга Н.Ням-Осор баахан зохиолч сэтгүүлч, урлаг соёлынхныг цуглуулаад намаасаа нэр дэвшүүлчихэж билээ. Намайг нийслэлийн 20 дугаар тойрог буюу Шинэ циркийн орчим, Гачууртыг хамарсан хамгийн олон хүнтэй тойрогт нэр дэвшүүлсэн юм.

 

Нэр дэвшсэн хойноо харж байсан чинь МАХН-аас С.Баяр, Ардчилсан намаас Лу.Болд, Бүгд найрамдах намаас Г.Заншир, гэх мэт таван хүнтэй өрсөлдөх болчихсон байх юм. Энэ чинь нөгөөх “Ардчилсан хүчнийхнээс шар халзан хонь дэвшсэн ч гаргаж ирнэ” хэмээн хошуурч байсан үе шүү дээ. Энд л С.Баярын барааг сая харж, ярьдаг хөөрдөг төдийгүй, хоолны ширээнд ч хамт сууж үзсэн л дээ. 1996 оны сонгуулиар, Ардчилсан намаас нэр дэвшсэн Лу.Болдтой хэн бэ гуай ч өрсөлдөөд нэмэргүй байсан. Байсхийгээд л судалгаа явуулна. Лу.Болд л тэргүүлж байсан. Сонгууль болохоос өмнөхөн С.Баяр нэг өдөр намайг дуудаад цайлж дайлдаг юм байна.

 

Учрыг нь сайн олоогүй байсан чинь: “Жамьян гуай та нэрээ татчих. Хангай, Занашир, Идэр гурав ч нэрээ татаж байгаа. Тэгвэл би Болдын өмнө гишгэж болмоор юм байна” гэдэг байгаа. Сонгуульд ордог, нэрээ татдаг, хэн нэгэнтэй эвсдэг булхайнуудыг би үнэндээ мэдэхгүй явж. Шууд “Үгүй” гэлээ. “Би ганц хүний санал авсан ч, нэр дэвшүүлсэн намдаа үнэнч явна” гээд нэрээ татсангүй. “Үйлийн үрээсээ” хагацаж, үзэгнээс өөр барих юмгүй яваа над олон түмнээс хичнээн ч санал өгсөн, би түүнийг худалдахгүй гэж хатуу итгэсэн байж билээ.

 

Бусад маань нэрээ татаж, бүгд С.Баярыг дэмжсэн. Миний авсан гурван зуун хэдэн саналыг нэмээд ч Баяр гарч ирэхгүй байсан юм билээ. Лу.Болд тавин хэдэн хувийн саналаар тасархай түрүүлж Улсын Их Хуралд суусан л даа. С.Баяр дараа нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, МАН-ын дарга, Ерөнхий сайд... гээд пуужингийн хурдаар дээшээ явчихсан. Тэр сонгуульд нэрээ татаж, саналаа худалдсан хүмүүс бүгд дэвшсэн байх. Лав л Хангай ОХУ-д суух Элчин сайд болсон юмдаг. Баяр маань энэ сонгуулиас хойш намайг танихаа байсан.

 

* Намын дарга болчихсон үед нь юмсан. Нэг өдөр бодлоо. “С.Баяр ер нь над ямар хандлагатай байдаг юм бол, орж үзье” гэж. Намын даргатай уулзах зайлшгүй нэг шалтгаан ч байсан юм. Миний “хавтас тхэрэг” гэж том хавтас дүүрэн материал МАН-ын архивт “нууцын зэрэглэлтэй” хадгалагдаж байдаг байхгүй юу. Би урьд нь бас л намын даргын зөвшөөрлөөр нэг удаа “хавтаст хэрэг”-ийнхээ материалыг хальт үзсэн юм. Миний хамгийн итгэлтэй найз нөхөд намайг гүтгэж мэдүүлэг өгсөн, хамгийн “сэжигтэн” хүмүүс миний талд мэдүүлэг өгч байсныг ажигласан. Тэгээд би, МАХН-ын удирдлагуудад “Гэмт хэрэгтэн хүн хүртэл хавтаст хэрэгтэйгээ танилцдаг байтал та нар надаас миний хавтаст хэргийг яагаад нуугаад байдаг юм!” гэж маргадаг байлаа. Тэд үзүүлнэ гэчихээд байнга худал хэлнэ. Тиймээс энэ хүсэлтээ МАХН-ын дарга С.Баярт хэлж үзэх гэж оролдъё. Тэгээд ч Баяр намайг ямар байдлаар хүлээж авах нь вэ гэж тандсан хэрэг.

 

Намайг жирийн л байдлаар хүлээж авсан. Ирсэн хэрэг зорилгоо товчхон танилцууллаа. С.Баяр ч нэг дэвтэр дээр хэд гурван зүйл тэмдэглэж байх шиг харагдсан. Тэгээд над: “Ярилцаад танд хариу өгнө” гэсэн. Хариу ч өгөөгүй. Түүнээс хойш бид хоёр ч уулзалдаагүй. Бид хоёрын сүүлчийн уулзалт энэ болсон.

 

С.Баяр маань МАХН-ын дарга, Ерөнхий сайдын өндөр сэнтийд заларсаан. С.Баяр Ерөнхий сайдын үед Монголчууд анх удаа “Онц байдал” гэдэг нэр томьёог сонсож, Д.Сүхбаатарын талбайгаа хүний цусаар угаалгасан. Энэ явдал болж өнгөрсний дараа Цагдаагийн ерөнхий газрын дарга асан генерал Б.Пүрэвтэй ярилцлага хийхэд гол гэм буруутнуудыг тодорхой баримтаар хэлж байсан.

 

Онц байдал зарлах шаардлагагүй нөхцөлд ямарч бэлтгэлгүйгээр онц байдал зарласан Ерөнхийлөгч Н.Энхбаяр, энэ шийдвэрийг хэрэгжүүлэхдээ урьдчилсан арга хэмжээгүйгээр энгийн номхон ард иргэдээ Д.Сүхбаатарын талбайд цагаан зээр шиг хөөн устгуулсан Ерөнхий сайд С.Баяр, Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил нарыг буруутгасан. Гэтэл эдгээр эрх мэдэлтнүүд ямарч гэм зэмгүй үлдэж, үүрэг гүйцэтгэсэн хэдэн офицер генерал хорих ял эдлээд өнгөрснийг ард түмэн мартаагүй байгаа.

 

Энд Санжийн Баяр гэж хүний буруу үйлдэл голлох учраас, сөрөг хүчнээ Засгийн газарт оруулж “амыг нь бариад”, өөрөө найз Сү.Батболддоо Намын дарга, Ерөнхий сайдын албан тушаалаа өгч хилийн чанд руу ум хумгүй алга болж билээ. Онц байдал нэрийн доор алагдсан, шархадсан хүмүүсийн тоо, хоригдож тарчилсан энгийн номхон иргэдийн тоо одоо хүртэл тодорхой бус байдаг. Хүнээ алуулж өнчирч хагацсан өдий төдий хүн өнөө хүртэл гомдолтой “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэгчийн хуулиар тарчилж зовж байдаг нь нууц биш.

 

Гэтэл С.Баяр хэрэг явдлыг хэдэн жил мартагнуулж байгаад, сонгуулийн чимээнээр ороод ирчихсэн гэмгүй царайлаад явж байна гэсэн. Монголын ард түмний хөрөнгөөр баяжсан, АНУ-д л гэхэд 7-6 хаус, эдлэн газартай, гэрийнхээ гадаа ногоо услаад зогсож байгаа фото зураг цахим ертөнцөөр цацагдаж билээ. Энэ хүнийг шударга үнэнээр шалгадаг зоригтой аавын хүү одоохондоо Монголд төрөөгүй байгаа бололтой. Харин ч материалыг олж ирсэн шударга үнэнч УИХ-ын гишүүн буруудах янзтай.

 

Баавгай алсан хүн баривчлагдаж л байх юм билээ. Тэгэхэд монгол хүний цусаар гараа угаасан хүмүүс огт гэм зэмгүй, орон дэлхийгээр доншуучилж явдаг хачин хорвоо шүү. Талийгаач залуучуудын гэр бүлийнхэн надтай хааяа уулздаг юм. Дээр нэр дурдсан гурван хүнээс хүүхдүүдийнхээ, ханийнхаа амийг нэхэх цаг ирнэ гэдэгт баттай итгэж явдаг юм билээ.

 

Монголчуудад нэг онцгой чанар бий. Их итгэж явдаг хүнээ дэндүү муухай зүйл хийхээр төдий чинээ өширдөг. С.Баярт олон түмэн итгэж явсан удаа бий байх.Тэгээд дэндүү гомдсон. Тэдний л нэг-би.

 

 

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч Г.Жамьян