Хөдөлмөрийн яам, харьяа байгууллагынхан өвөлжилт хүндэрсэн аймаг, сумын малчдад туслах аяныг салбарын хэмжээнд өрнүүлж эхэлсэн. Аяны эхний ээлжинд цугласан хандивын мөнгө, эд материалын зүйлсийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан өнөөдөр МУЗН-ийн Гамшгийн менежментийн багт гардуулан өгчээ.

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувьд цасан бүрхүүл тогтсоноос Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий зэрэг 12 аймгийн 97 суманд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 7-40 см хүрээд байгаа төдийгүй бусад аймгуудад ч нөхцөл байдал таагүй болох хандлагатайг Онцгой байдлын албанаас мэдээлж байгаа.

Энэ нөхцөлд Монгол Улсын гол баялаг болсон мал сүргээ маллан, улс эх орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулан зүтгэж буй малчин түмэндээ халуун сэтгэлээр туслах нь монгол хүн бүрийн үүрэг хэмээн Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан уриалжээ.

Хөдөлмөрийн яамны хамт олон “Малчдад туслах аян”-ы хүрээнд нэг өдрийнхөө цалинг хандивласан бол яамны харьяа 37 МСҮТ, Политехник коллежийн багш ажиллагсад, оюутан сурагчид малын нэмнээ, элгэвч, төлийн уут 1379, бээлий 1316 ширхгийг оёж, хивэг тэжээл 155 шуудай, өвс 509 боодол, хужир 200 кг, саван 686 ширхэг зэрэг 21,5 сая төгрөгийн 29 нэр төрлийн ахуйн болон хүнсний зүйлсээс гадна бэлнээр 9,9 сая төгрөг цуглуулсан нь нийтдээ 31,5 сая төгрөгийн хандив болсныг Г.Баярсайхан сайд дуулгалаа.

Мөн Хөдөлмөрийн яамны зүгээс малчдад нэн хэрэгцээтэй эсгий гутал 100 хосыг худалдан авснаа энэ өдөр МУЗН-т хүлээлгэн өгсөн. Эдгээр хандивыг өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаж байгаа МУЗН-ийн Гамшгийн менежментийн багийнхнаар дамжуулан малчдад хүргэх юм байна.