Жил бүрийн 10-12, 1-3-р саруудад томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгддэг. Тэгвэл өнөөдрийн байдлаар амбулаторийн үзлэгийн 8,8 хувийг томуу томуу төст өвчний үзлэг эзэлж байна гэсэн судалгаа гарчээ. Иймээс томуугийн дэгдэлттэй холбогдуулан өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар, хүүхдийн түргэн тусламж 24 цагаар ажиллаж байна.

Түүнчлэн зарим дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн орыг 100 хувь хүүхэд хүлээн авахаар зохион байгуулж байгаа гэнэ. Нийслэлийн харьяа эмнэлгүүдэд нийт 1800 ор байдгын 800 нь хүүхдийн ор. Хүүхдийн эмнэлэгт хэвтэлтийн тоо хоногтоо дээд тал нь 145 хүүхэд яаралтай түргэн тусламжийн тасгаар үйлчлүүлж байгаагаас 20-25 хүүхэд нь зайлшгүй хэвтэн эмчлүүлэх хүнд хэлбэрийн хатгалгаатай ирж байгааг эмч нар хэлж байна.

Эрүүл мэндийн сайдын 2014 оны 285 дугаар тушаалын дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газраас том хүний орыг хүүхдийн оронд шилжүүлэн орны ачааллыг зохицуулах арга хэмжээг авч байна.

Энэ жил ханиад томуугийн дэгдэлт хожуу эхэлж дөрвөн сарыг дуустал үргэлжлэх төлөвтэй байгаа. Дэгдэлтийн энэ үед ачаалал яг өнөөдрийнх шиг энэ хэвээр байвал эмийн төсөв болоод эмч, ажилчдын хүрэлцээ, илүү цагийн хөлс гээд асуудал их гарахаар байгааг төрийн нарийн бичгийн даргад уламжилж байлаа. Өнөөдрийн байдлаар л гэхэд ханиад томуугийн дэгдэлттэй холбоотойгоор эмийн төсөв 14 саяар, эмч ажилчдыг илүү цагаар ажиллуулсан хөлс 20 гаруй саяар давчхаад явж байгааг хэлж байна. Томуугийн дэгдэлт цаашид буурахгүй бол дээрх хүндрэлтэй асуудлуудыг засгийн газрын хурлаар оруулан хэлэлцүүлэх хүртэл арга хэмжээг авахаа хэлж байлаа.

Эрүүл мэнд спортын яам болоод нийслэлийн эрүүл мэндийн газраас урьдчилан төлөвлөсний дагуу цаашид нийслэлийн харьяа эмнэлгүүдийн орнууд хүрэлцэхгүй болбол хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй хийсэн гэрээний дагуу тухайн эмнэлгүүд дээр зохион байгуулахаар төлөвлөөд байна гэлээ.

Мөн зарим томоохон эмнэлгүүд жишээ нь төмөр замын эмнэлэг, батлан хамгаалах яамны эмнэлгүүдтэй зөвшилцөн нийслэлийн харьяа эмнэлгүүдийн том хүний тасгийг шилжүүлэн хүүхдийн нийслэлийн харьяа эмнэлгүүд 100 хувь ор дэлгэн эмчлэх байдал руу шилжин ажиллах төлөвтэй байна.

 

 

О.Номин