“Дүнжингарав-2016” уралдаанаас гарах эрсдлийг хэн хариуцах вэ

Монголын морин спорт уяачдын холбоо “Дүнжингарав-2016” төвийн бүсийн уралдааныг нөгөөдөр зохион байгуулж, хүслээ биелүүлэх нь.

Засгийн газар тэднийг дэмжиж, унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насыг хөсөр хаях шийдвэрийг гаргалаа.

Уг нь цаг агаарын нөхцөл байдал, өмнөх жилүүдийн гашуун түүхээс сургамж авсан зарим нэгэн холбогдох байгууллагууд өвөл, хаврын уралдааныг зохион байгуулахаас татгалзаж, моринд хорхойтой эрхмүүдийн хүслийг хазаарлахыг хүсэж буй.

 

Өвөл, хавар хүүхдээр хурдан морь унуулахыг хориглов

 

Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын энэ сарын 8-ны өдрийн А/36 тоот тушаалаар "Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт" шинэчлэгдэн батлагдсан. Дээрх журамд өвөл, хаврын морин уралдаан, сунгаа, үсэргээнд насанд хүрээгүй хүнд хурдан морь унуулахгүй байхыг заасан байна. Шинэчлэгдсэн журамтай холбогдуулан аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс хамтарсан санамж бичгийг гаргаж сумдад хүргүүлжээ.

 

Санамж бичигт жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хугацаанд сумынхаа нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж байгаа хурдан морины уралдаанд насанд хүрээгүй хүнээр хурдан морь унуулахыг хориглосон захирамж гаргах, журам зөрчигдсөн талаар хууль хяналтын байгууллагад мэдээлэх, хүүхдийн эрхийн зөрчилд хүүхэд хамгааллын хамтарсан багаар хариу үйлчилгээ үзүүлэх, боловсрол эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг үзүүлэх, харгалзан дэмжигч, эцэг, эхийг ажлын байртай болгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зэргээр дээрх хоёр хэлтэс орон нутгийн удирдлагатай хамтран ажиллах талаар тусгасан байна.

Монгол Улс 1998 онд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг усттах олон улсын байгууллагад нэгдэн орсон байдаг. Гэвч өнгөрсөн жил өвөл, зуны морин уралдаанд зургаан хүүхэд амь насаа алдсан гэсэн харамсалтай тоо баримт бий. Түүнчлэн морин уралдаантай холбоотой 700 гаруй хүүхэд өнгөрсөн жил ямарваа нэгэн байдлаар бэртэж гэмтжээ.

 

Өвлийн уралдаанд хүүхэд оролцуулахгүй байх шаардлагыг Хүний эрхийн дэд хорооноос хүргүүлжээ

 

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт албан бичиг хүргүүлэв. Тус албан бичигт Хөдөлмөрийн сайдын тушаалаар батлагдсан “Өвлийн морин уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байх тухай” тушаалыг хэрэгжүүлэхийг хүссэн байна. Өөрөөр хэлбэл, “Дүнжингарав-2016” уралдаан болон ирэх гуравдугаар сард болон Хангайн бүсийн морин уралдаанд хүүхэд оролцуулахгүй байх, хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд анхаарч ажиллахыг хүслээ.

 

 

Ц.Шаравдорж: Хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй бол хурдан морины уралдааныг хориглоно

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж “Стандартын шаардлага хангасан хамгаалалтын малгай, цээживч, тохойвч, өвдгөвч өмсүүлж, унаач хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, даатгалд хамруулаагүй, хүүхдийн эцэг, эхтэй гэрээ байгуулаагүй бол цаашид өвөл, хаврын хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох нь зүйтэй” гэдгийг мэдэгдсэн.

 

Тэрбээр аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлага, албан хаагчидтай цахим хурал хийхдээ дээрх чиглэлийг өгсөн юм. Түүнчлэн хурдан морины уралдаан зохион байгуулах аймгийн комисст улсын байцаагч нараа оруулж, бүх шатны Засаг дарга, Монголын морин спорт, уяачдын холбоо, аймаг, орон нутаг дахь салбар хороод, хүүхдийн болон хөдөлмөр, нийгмийн хамгаалал хариуцсан байгууллага, ажилтнуудад зөвлөмж хүргүүлж, байнгын хяналт тавихыг үүрэг болгосон.

 

Үүгээр зогсохгүй өвөл, хаврын хурдан морины уралдааныг зохион байгуулахыг хориглосон аймаг, сумын Засаг дарга нарын захирамж хүртэл гаргасан талаар бид мэдээлсэн. Гэвч энэ бүхнийг Засгийн газар үл тоомсорлож, тушаал шийдвэрээ эргэж харалгүй “Дүнжингарав-2016” хаврын уралдааныг зохион байгуулах эрхийг Морин спорт уяачдын холбоонд олгож, тэднийг толгойг илсээр байгаад ард түмэн гомдоллож сууна.

 

Эрх мэдэлтэй эрхмүүдийг тушаал шийдвэрээ эргэн хараач, цаг тавигдаж, цас ханзрах цаг болоогүйг илтгэх мэт өнгөрсөн шөнө цас оров. Энэ нь ч хурдан морьдын уралдаан зохион байгуулах нөхцлийг муутгаж, эрсдлийг нэмэгдүүллээ. Харин “Дүнжингарав 2016” хаврын уралдааныг зохион байгуулах эсэх нь өнөөдөр шийдэгдэж үл чадвал амралтын өдрүүдээр буюу энэ сарын 28-ны өдөр болно.

 

Харин эл уралдааныг хориглоогүйгээс гарах эрсдлийг хэн хүлээх вэ.

24tsag.mn Б.Энхжин