Нийтийн тээврийн үйлчилгээний ачааллын багагүй хувийг үүрэлцдэг микро автобуснуудыг ирэх сарын 1-нээс үйлчилгээнд явуулахгүй болжээ. Тодруулбал, “Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага MNS 5012:2011” стандартын заалтыг үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг тээврийн хэрэгслийг насжилтаар хасдаг журамтай аж.

Түүний дагуу нийтийн тээв­рийн үйлчилгээнд ажиллаж бай­гаа 2003 онд үйлдвэрлэсэн бага багтаамжийн автобуснуудыг ирэх гуравдугаар сарын 1-нээс эхлэн нийслэлийн Тээврийн газрын бүртгэлийн сангаас хасч, нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахгүй болж байгаа юм. Жилийн дөрвөн улирлын ямарч үед түмний хөлд дарагдаж, бум бужигнаж байдаг газар бол “Нарантуул” олон улсын худалдааны төв. Нийслэлийн олон зуун иргэн худалдаа, наймаа хийж тэндээс хоолоо залгуулдаг. Тэднийг “Нарантуул” худалдааны төвтэй хөл залгуулдаг унаа нь микро автобусныхан.

Учир нь, зах руу орж, гарч байгаа хүмүүс ачаа, бараагаа чирээд том оврын автобуусаар үйлчлүүлэхэд бэрхшээлтэй байдгаас тэр. “Нарантуул” худалдааны төвөөс нийслэлийн дөрвөн зүг найман зовхистын 10 гаруй чиглэлд 250-300 орчим микро автобус үйлчилдэг гэж тус үйлчилгээнд 20 жил явсан жолооч хэлж байна. Захын гаднах авто зогсоолд барагцаагаар 100 гаруй микро автобус байна. Зарим нь хүнээ дүүргэж захаас гарч, зарим нь орж ирж байв. Харин замдаа явж байгаатай тооцвол үнэхээр дээрх жолоочийн хэлсэн тооны микро автобус байгаа бололтой. Эхэнд зогсох микроны жолооч нар хажуугаар нь явсан хүнийг “Хархорин”, “Нисэх, Яармаг” “Хаашаа явах вэ.

Суучих” гэж татаж чангаан зорчигчоо авч байгаа харагдав. Харин микроавтобусны жолооч нар хэсэг хэсгээрээ нэг микрондоо суугаад, хооллож, зарим нь муушиг тоглож байна. Түрүүнд нь ирсэн микро хүнээ дүүргээд гарахаар хүнээ ачих гэж дарааллаа хүлээж байгаа нь энэ аж. Тэд бүгд л лийзэнгээр микро автобус авсан аж. Харин үйлчилгээнээс хасвал олон зуун хүн ажилгүй болох болоод байна гэж байсан юм. Ингээд тэдний санал бодлыг сонирхсон юм.

Б.Отгонбаяр: ТӨР ЗАСАГ ЯАГААД МИКРОНЫХОН РУУ ДАЙРААД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ ЮМ

-Би “Нисэх-Яармаг-Зах”-ын шугамд тасралтгүй 17 жил явж байна. Одоо энэ барьж бай­ гаа микро миний гурав дахь лийзэнгээр авсан машин. Банкны өргүй хүн гэж алга. Хууль, стандартыг мөрдөж болно. Гэхдээ 12 жил болсон гээд байгаа автомашиныг үнэхээр жагсаалаас гарсан эсэхийг дахин оношилгоонд оруулж, тэнцсэнийг нь үйлчилгээнд явуулж болно шүү дээ. Бид компаниас нэг ч төгрөг авдаггүй. Сэлбэгээ өөрсдөө авч засвараа хийдэг.

Харин зөвшөөрөл, патентынхаа мөнгөө төлөөд явж байна. Өнгөрсөн жилээс орлого муудсан. Худалдааны төвүүд олон болж, захыг зорьдог хүн багассан. Өдөрт түлшнээсээ гадна 20 гаруй мянган төгрөгтэй бууж байна.

Гэтэл микро автобуснуудыг үйлчилгээнээс хасвал олон хүний амьдрал хэцүүдэхээр болоод байна. Нэг микронд кондуктор, жолооч явдаг. Гэтэл тэд ардаа 4-5 ам бүл тэжээж байгаа шүү дээ. Төр засаг яагаад микроныхон руу дайраад байгааг ойлгохгүй юм. 1990-ээд оноос нийтийн тээвэр уналтад орсон. Тэгэхэд микроныхон л байсан. Гэтэл адаг сүүлд нь хэдэн автобустай болоод биднийг буцаагаад шахаж байгааг ойлгохгүй юм. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, ИТХ-ын дарга Д.Баттулга нар амьдралын төлөө явж байгаа иргэдээ дандаа нухчин дарж байна.

H.Оюунгэрэл: УНАЛТАД ОРСОН НИЙТИЙН ТЭЭВРИЙГ МИКРОНЫХОН Л БОСГОЖ ИРСЭН

-Төр засаг нийтийн тээв­ рийнхээ зохион байгуулалтыг хийж чадахгүй байна. Бид улсаас нөхөн олговор авдаггүй. Түлшний зарцуулалт, кондуктор цалинжуулах гээд бүгдийг өөрсдөөсөө гаргадаг. Гэтэл автобус бааз сэлбэг, түлш нь цаанаасаа, эвдрэл гарлаа гэхэд тусгай механикаар засуулж байгаа. Бидний татварын мөнгөнөөс нөхөн олговор гэж улсаас хэдэн төгрөг авдгыг мэдэхгүй юм.

Түүнийг би хувийн бизнес гэж боддог. Автобус баазад их мөнгө гаргаж байгаа учраас нийтийн тээвэр унаж байна. Уналтад орсон нийтийн тээврийг микроныхон л босгож ирсэн. Бид улсаас юу ч авдаггүй. Төр засгаас “Та нар үнэ мөнгөө барь, замбараатай бай” гэвэл бид машин тэргээ өөд нь татаад явж болно. Харин шаардлагаа зөв тавих хэрэгтэй. Тэртээ тэргүй автобус компануудад он дууссан автобус зөндөө бий. Нийтийн тээврийнхэн хүн алаад байна, осол гаргаад байна гэдэг.

Гэтэл том оврын автобус л осол гаргадаг шүү дээ. Микро байгаа болохоор автобусанд хүн суухгүй байна гэж шахаад байх шиг байна.Тийм биш. Автобусанд нөхөн олговор өгч байгаа учир нийтийн тээвэр уналтад орж байна. Өөрийн хөрөнгө, хөдөлмөрөөр хүн тээврийн салбарт ороод явах хүсэлтэй байгаа биднийг дэмжээд өгвөл нийтийн тээврийн асуудал буурна.

Л.Баяраа: ХАСЧ БОЛНО, ГЭХДЭЭ БИДНИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАХ ХЭРЭГТЭЙ

-Би 20-иод жил микро автобус барилаа. Амьдралаа залгуулах гэж л энэ ажлыг хийж байна. Микро автобусуудыг үйлчилгээнд явуулахгүй болж байгаа нь хоолоо залгуулдаг ажлыг минь булааж байгаагаас ялгаагүй боллоо. Бид муу хэлүүлж, цагдаад торгуулж хавчигддаг ч автобус зогссон оройн цагаар микро автобус л иргэдэд хөл дүүжилдэг. Гэтэл төр засаг биднийг төдийгүй иргэдийг боогдуулж байна. 12 жилийн насжилттай микрог хасна гэж байгаа. Тэгэхээр нийслэлд үйлчилгээ үзүүлж байгаа бүх микро хасагдахаар байна. Хасч болно оо. Гэхдээ биднийг ажлын байраар хангах хэрэгтэй.

Захын чиглэлд явдаг микро­ автобусны олонхыг 2003 онд үйлдвэрлэсэн аж. Тиймээс ирэх сарын 1-нээс “Нарантуул” худалдааны төвийн худалдаачид болон захыг зорих иргэд автобусаар үйлчлүүлэх болж байна. Тус захын худалдаачид микро явахгүй бол оронд нь ямар чиглэлийн унаа явах юм гэж нэг нэгээсээ асууж байгаатай цөөнгүй таарсан. Тэд овор ихтэй ачаа бараатай явдаг болохоор автобусаар явахад хүндрэлтэй байдаг гэнэ.

Энэ талаар тус захын худалдаачин Дэлгэрмаа “Микроавтобус явж байсан нь дээр шүү дээ. Ялангуяа захын худалдаа хийдэг бидэнд микро л аминд ордог. Бид наашаа цаашаа ачаа бараагаа авч явахад микронд бол ачаад ирдэг. Гэтэл тэр болгон автобусанд овор ихтэй ачаа бараа аваад явах хэцүү. Микроныхон цаанаа ам бүлээ тэжээж байгаа хүмүүс. Гэтэл тэднийг үйлчилгээнээс хасвал ажилгүйдлийг л нэмнэ” гэв. Нийтийн тээврийн үйлчилгээний ачааллыг үүрэлцдэг микроныхны 90 хувь нь үйлчилгээнээс хасагдахад тэр чинээгээр ажилгүй иргэдийн тоо нэмэгдэнэ. Гэтэл түүнийг хэрхэн зохицуулах талаар анхаарал хандуулж байгаа газар алга.

 

Ялангуяа захын хорооллын шугамд явдаг автобус 21.00 цаг гээд үйлчилгээгээ зогсооно. Гэтэл энэ үед үнээ нэмсэн ч гэсэн микро л явж байдаг. Тэднийг үйлчилгээнээс хасчихвал 21.00 цагаас хойш мөнгөтэй нь такси байрж, мөнгөгүй нь алхах болж байна. Нэгэнт микроныхныг үйлчилгээнд явуулахгүй болж байгаа бол нийслэлийн Тээврийн газраас захын хорооллууд руу нийтийн тээврийн үйлчилгээг нэмэх тал дээр анхаарлаа хандуулах ёстой. Энэ талаар нийслэлийн Тээврийн газрын Олон нийттэй харилцах албаны ажилтан Д.Болдоос тодрууллаа.

 

-Хэнчнээн микро автобус үйлчилгээнд явж байна вэ. Түүний хэд нь хасагдах вэ?

 

-Нийслэлийн Тээврийн газар­ тай гэрээтэй 10 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын 390 орчим микроавтобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний “Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5012:2011 стандартын заалт бий. Түүнд нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа их, дунд, бага багтаамжийн бүхий л автобус 12 жилийн насжилттай бол хасна гэж заасан. Энэ стандартаар нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 390 орчим микроавтобусны 90 орчим хувийг нь үйлчилгээнээс хасна.

 

-Үйлчилгээг сунгах талаар ярьж байсан?

 

-Мэдээж Тээврийн газар нийслэлийн иргэдийн ая тухтай зорчих бүхий л таатай нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Тиймээс иргэдэд хүргэх үйлчилгээг жигд, тасралтгүй хүргэх үүднээс өнгөрсөн оны аравдугаар сард нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Стандартчилал, хэмжил зүйн үндэсний газар, Зам тээврийн яамд “Стандартын насжилтын хугацааг түр сунгах тухай” албан бичиг явуулсан. Гэвч “Зорчигч тээвэрлэлтийн аюулгүй байдал, зорчигчдын ая тух, үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс өөрчлөлт оруулах буюу ашиглалтын хугацааг сунгахыг дэмжих боломжгүй байна” гэсэн хариуг ирүүлсэн. Иймд дээрхи байгууллагуудаас ирүүлсэн албан бичигт ирүүлсэн үүрэг, чиглэлийн дагуу нийтийн тээврийн үйл­ чилгээнд ажиллаж байгаа 2003 онд үйлдвэрлэсэн бага баг­ таамжийн автобуснуудыг ирэх сарын 1-нээс нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахгүй.

 

-Хасагдсан микроавтобусны орон зайг нөхөх тал дээр хэрхэн ажиллах вэ?

 

-Микроавтобусны үйлчилгээ­ ний орон зайг нөхөх асуудал маш хүнд байна. Өнөөдөр шууд улсын төсвөөс мөнгө гаргаж шинэ автобус явуулах боломжгүй. 100 хувь буухиа туслах чиглэлийн микроавтобусны үйлчилгээг хангаж ажиллана гэж байхгүй. Тийм боломж ч байхгүй. Тиймээс манай зүгээс том оврын автобусны үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн нөөц болоцоог дайчилж нөхөх зохицуулалт хийнэ.

 

-Микроавтобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахгүй болохоор хулгайгаар явах асуудал үүснэ шүү дээ. Үүнд хэрхэн хяналт тавих вэ?

 

-Үүнд Нийслэлийн тээврийн газрын Авто тээврийн хяналт, улсын байцаагчид хяналт тавьж ажиллана. Мөн Замын цагдаагийн газар өөрсдийн эрх үүргийн дагуу хяналт тавина.

 

-Стандартад нийцсэн тээврийн хэрэгсэлтэй иргэд шинээр нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх боломжтой юу?

 

-Энэ тал дээр бүх зүйл нээлттэй. Хамгийн гол нь стан­ дартад нийцсэн байх ёстой. Стандартад нийцсэн бол нийс­ лэлийн Тээврийн газартай гэрээ байгуулж ажиллах боломжтой. Үүнд ямар нэг татвар, төлбөр байхгүй. Хэсэг хүмүүс нэгдэж ажиллах боломжтой. Хамгийн гол нь насжилт бага, өнгө үзэмжтэй, техникийн шаардлага хангасан бол чөлөөтэй. Ямартай ч нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх хүсэлтэй хүн стандартад нийцсэн авто­ машинтай бол тус үйлчилгээг хийхэд чөлөөтэй юм байна. Тэглээ гээд тэдний орон зайг 100 хувь нөхөх боломжгүй учир холбогдох газрууд нь зөв шийдвэр гаргахыг хүлээхээс өөр аргагүй болоод байгаа юм.

 

М.Энхцэцэг

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин