Улс төрд гишүүд нэгнээ гомдоож уучлалт гуйдаг моод нь эргэв. Шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Батсуурь нар МИАТ-ийн онгоцыг гучаад минут саатуулсан талаар салбарын сайд нь өнгөрөгч долоо хоногт цахим хуудсандаа бичсэнээр дуулиан дэгдэж, томилолтоор Берлинийг зорьсон гишүүд хэвлэлүүдийн “бай” болоод авсан. Онгоц хойшилсноор МИАТ компанид эдийн засгийн хохирол үүсээгүй гэж мэдэгдсэн ч МИАТ-ыг төлбөрт оруулсан мэт мэдээнүүд цацагдаж, нийгмийн сүлжээгээр тэдгээр гишүүдэд хариуцлага тооцох тухай яриа дэгдэж эхэлсэн. Үүний хариуд Зам, тээврийн сайд М.Зоригт томилолтоос ирсэн Шадар сайд Ц.Оюунбаатараас уучлалт гуйсан.

Учир нь УИХ-ын чуулган дээр Д.Ганбат гишүүн Зам, тээврийн яамыг “порно” яам болгосон тухай шүүмж хэлэхэд нь эгдүүцэж байсан М.Зоригт сайд ийнхүү хэвлэлээр “өшөө” авахдаа, нөгөө хоёр гишүүнийг хэлмэгдүүлсэн бололтой.

Угтаа бол 2013 онд батлагдсан “МИАТ ХК-ийн нислэгээр зорчих журам”-д тухайн нислэгийн бизнес ангиллын суудал чөлөөтэй байгаа нөхцөлд МИАТ ХК нь “төрийн өндөр албан тушаалтныг энгийн ангиллаас нэмэлт төлбөргүйгээр дэвшүүлэн суулгах тухай” дурьдсан байх юм. Энэ журам нь УИХ-ын 2002 онд батлагдсан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” 73 дугаар тогтоолоос үндэслэгдсэнийг батлах албан тоотыг Зоригт сайд уучлал хүссэн тухай “мэдээ”-ндээ хавсаргажээ. Салбарын сайд М.Зоригт хэвлэлд өгсөн ярилцлагадаа Шадар сайдыг гол буруутан гэж ойлгогдохоор өгүүлбэр хэлсэндээ уучлал гуйжээ.

Нам дагаж далдайгсад хурган дарга болохгүй

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд Төрийн албаны тухай хуулийн төслийг өргөн бариад байгаа. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын намрын чуулганаар хийж хаврын чуулганаар үргэлжлүүлэхээр болсон.

Төрийн албаны тухай хуулийн гол өөрчлөлт нь төрийн албыг залгамж халаатай болгох бөгөөд нам дагаж далдайгсад хурган дарга болдог явдал дуусгавар болох юм. Ингээд Монгол улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төрийн албаны тухай хуулинд хэд хэдэн гол өөрчлөлтийг хүргэе.

Төрийн албаны томилгоог өрсөлдөөний зарчмаар явуулах юм. Тодруулбал шинээр төрийн жинхэнэ алба хаагч болж байгаа шууд дарга болохгүй, бүхнийг тэгээс нь буюу доороос нь эхэлнэ. Хуулинд ийм заалт орсноор танил талтай, намын харъяалал, даргын хүн байх нь хамаагүй бүхнийг тэгээс нь буюу “цэрэг”-ээс эхэлнэ гэсэн үг. Анх орсон албан тушаалаасаа дэвшихийн тулд дунджаар 5 жил шаардлагатай болно. Ингэснээр төрийн албан хаагчдын чадамжийг нэмэгдүүлэх юм. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагч дор хаяж 5 жил ажиллаж тушаал ахих бөгөөд төрийн дээд албан тушаал хүрэхийн тулд 18-20 жил төрд ажиллах юм. Мэдээж ажлаа сайн хийгээд, амжилт гаргаад гавьяатай ажилснаар хугацаанаас өмнө тушаал дэвших боломжтой. Товчхондоо цэрэг цагдаагийн цолтой ижил гэсэн үг. Үүнтэй холбоотой удирдах албан тушаалтнуудын мэдлэг чадвар нэмэгдэнэ. Яамны төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга зэрэг хариуцлагатай албан тушаалд томилогдохын тулд нийт 20 жил төрийн албанд ажилласан байх хэрэгтэй болж байна. Одоо байгаа гаж тогтолцооны тод жишээ нь зарим нэг агентлагт харагддаг. 20 гаруй настай залуу агентлаг даргалаад явж байгаа. Туршлага мэдлэг чадварыг даргын томилгооноос салгаж илүү үнэлэх бололцоотой болох юм.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Нийгэмд Мүүний шашны талаар нэлээдгүй маргаан дэгдэж, Монголд хориглох тухай эрчимтэй яригдаж эхлээд байгаа билээ. Тэгвэл Христ Мүүний шашинтай хамааралгүй хэмээн мэдэгдэл хийв.

Монголын Эвангелийн эвслийн ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн тэргүүн Д.Батбаяр мөн Монголын пастер ахлагчдын холбооны дэд тэргүүн Л.Баясгалан нар Христийн шашны талаар буруу зөрүү ойлголт гарч байгааг залруулах хүсэлтэй байгаагаа хэлэв. Тодруулбал: “Мүүн бол шашин шүтлэг биш гаж урсгал энийг гадаадууд хүлээн зөвшөөрчихсөн байгаа манай Монголчууд л мэдээгүй. Ийм учраас Христийн шашин, Мүүн хоёр хоорондоо ямар ч хамааралгүй гэдгийг хэлмээр байна. Мүүн буюу Мүүнизм нь Христийн шашны нэг хэсэг биш учраас холбож тайлбарлаж болохгүй юмаа.

Энэ зургийг гурван жилийн өмнөх хүндэтгэлийн зоогийн үеэр авсан. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Мүүний гаж шашны талаар мэдээлэл цацахдаа энэ зургийг ашиглаад байна.

Тухайн үед бид Ерөнхийлөгчийн дэргэдэх шашны асуудал хариуцсан албанд хүсэлт тавьж, бидний арга хэмжээнд оролцохыг урьсан. Уг урилгын дагуу ирсэн хүмүүс мөн хоёр пастер, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар Христэд итгэгчийн хувиар энэ үйл ажиллагаанд оролцсон. Эдгээр хүмүүс Мүүнтэй ямар ч холбоо байхгүй. Мөн УИХ-ын нэгэн гишүүн Монголд Христийн 6000 гаруй чуулган бий гэж ташаа зүйл ярьж байсан. Албан ёсоор бүртгэлтэй, бүртгэлгүй 400-500 гаруй чуулган байгаа. Мөн Монголд албан ёсны хүлээн зөвшөөрөгдсөн 300 орчим пастер байгаа бас янз бүрийн чуулганы 200 орчим пастер байгаа. Христэд итгэгч хүмүүсийн нэр хүнд санаатай буюу санаандгүй хохирч байгаатай холбоотойгоор тайлбар хийхийг хүссэн юмаа.

Гэмт хэрэгт холбогдож байсан Солонгосын иргэн 00-ын өрөөнд нууц камер суурилуулжээ

Солонгос улсын иргэн И К С гэгч Монгол улсад гурван салбар бүхий худалдааны төв ажилуулдаг. Тэрбээр өмнө нь хилээр их хэмжээний сөжүг зөвшөөрөлгүй оруулж ирж худалдсан, хугацаа нь дууссан бэлэн гоймонг солонгос хоолны газруудад “шахсан” зэрэг үндэслэлээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс болон Мэргэжлийн хяналтын газарт шалгагдаж байсан юм. Тэгвэл Солонгос улсын иргэн И К С гэгч цагдаагийн байгууллагад дахин шалгагдаж магадгүй ажээ.

Түүний ажиллуулдаг “Кориа Белл март” дэлгүүр нь хяналтын камеруудтай. Үүнээс гадна ажилчдаа 00-ын өрөө, хувцас солих өрөөнд хүртэл хяналтын нууц камер байрлуулжээ. Тодруулбал И К С гэгч нууц камерыг 00-ын өрөөнд угаалтуурны доор байрлуулсан байжээ.

 

Хувь хүний нууцад халдаж байгаа энэ үйлдлийг нь мэдсэн ажилтандаа тохирч, мөнгө өгөх санал хүртэл тавьж байсан удаатай ажээ. Улмаар асуудал үүсэхтэй зэрэгцэн гар утсаа салган ажил дээрээ ч ирэхээ больсон байна.

Бид энэ асуудлаар тус сүлжээ дэлгүүрт ажиллаж байсан н.С-тай уулзаж тодруулахад: Манай ажил энд тэндгүй камертай. Хувцас солих өрөөнд хүртэл камер байдаг. Харин 00-д камер байна гэж ёстой санаагүй. Энэ бол нэг удаагийн хэрэг биш. Өмнө нь 2015 оны 11-р сарын сүүлээр 00-д камер уначихлаа гэж ээлжийн охин маань хэлсэн. Очоод харахад жижигхэн хар камер байсан. Авч амжаагүй байтал эзэн Солонгос ирээд авчихсан. Тухайн үед ийм зүйл байж болохгүй, ариун цэврийн өрөөнд хүн бие засах гэж л ордог учраас камер байх шаардлагагүй гэж өөрт нь болоод жолооч, туслахуудад нь хэлж байсан ч шаардлагыг маань үл тоож, дахин камер суурилуулсан байсныг саяхан мэдсэн. Тухайн камерын бичлэг нотлох баримтууд надад бүгд байгаа.

Намайг камерын бичлэг авсныг мэдээд араас утасдаж, “наад бичлэгээ устгачих, мөнгө өгье, тохиролцъё” гэж ярьсан. Түүнээс хойш эзэн дахиж яриагүй, ор сураггүй алга болчихсон. Харин нэг Монгол залуу дүрс бичлэгээ өгчих гэх мэтээр байнга утсаар ярьдаг. Хамт ажиллаж байсан эмэгтэй “наад бичлэгээ тараавал дэмий шүү” гэх зэргээр сүрдүүлсэн маягтай ярьсаар байгаа." гэв. И К С гэгч зурагт үзүүлсэн 00-ын өрөөнд эртнээс нууц камер суурилуулсан байжээ. Үүнийг нь ажилчид мэдэж нэг биш удаа болихыг хэлж, ажлаасаа халагдахгүйн тулд цагдаа хуулийн байгууллагад хандалгүй өнгөрөөсөн байна. Гэвч И К С гэгч энэхүү үйлдлээ зогсоогоогүй ажээ.

Эмэгтэй ажилчдыг айлгаж ичээсэн И К С гэгч нь ажлын байрны бэлгийн дарамт үзүүлэхийг завдаж байсан гэдгийг тус сүлжээ дэлгүүрт ажиллаж байсан хүмүүс хэлдэг байна.

 

Эдийн засаг: Доллар өсч, ДНБ-ээс хоёр дахин их орлого ил гарлаа

Монголын эдийн засаг сэхэж чадахгүй тарчилж байна гэхэд болно. Өнөөдөр нэг ам.доллар 2037 төгрөгтэй тэнцэж байна. Арилжааны банкууд 2028-2033-р авч, 2037-2040 төгрөгөөр зарж байна. Доллар дагаж бараа бүтээгдээхүүний үнэ өсдөг жамтай. Энэхүү горимоор ч ажиллаж эхэлжээ. Хонины ястай нэг килограмм мах дунджаар 5935 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7095 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 190 төгрөгөөр, үхрийн цул мах 170 төгрөгөөр нэмэгджээ. Харин хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 395 төгрөг, хонины цул мах 220 төгрөгөөр тус тус өссөн байна.

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-1000 төгрөг байна. Тэгвэл энэ сарын дөрөвдүгээр долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад хүнсний ногооны үнэ тогтворжжээ.

Өчигдөр сангийн сайд Монголчууд хуулиа мөрддөггүй гэдгийг зуун хувь баталсан мэдээллийг хийсэн юм. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтээр нийтдээ 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болжээ. Гэхдээ энэ нь энэ сарын 25-ны байдлаарх дүн гэдгийг Сангийн сайд Б.Болор онцолсон.

34.7 их наяд төгрөг:

  • 8.3 их наяд төгрөгийн татвар
  • 2.5 их наяд төгрөгийн торгууль, алдангаас тус тус чөлөөлжээ.
  • 15.6 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалыг шимтгэл зэргээс гарч иржээ.

Анх энэхүү эдийн засгийн ил тод байдлаас 3-4 их наяд төгрөгийн далд орлого ил болно хэмээн тооцоолж байсан гэдэг. Гэтэл өнөөдөр 10 дахин их мөнгө хэмжээний мөнгөн орлого болон үл хөдлөх эд хөрөнгө ил болов. Ингэхлээр бид хэр хуулиа биелүүлдэг улс болох нь харагдаж байгаа биз ээ. 34.7 их наяд төгрөг бага мөнгө биш. Манай улсын ДНБ-ээс хоёр дахин их гэсэн үг. Ийнхүү энэ долоо хоногт эдийн засагт доллар, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн таагүй мэдээг дуулсан бол 34.7 их наяд төгрөгийн орлоготой болсон сайхан мэдээтэй үдэж байна.

Спорт: Б.Сумъяа "Биеийн тамир спортын тэргүүний ажилтан” боллоо

Залуучуудын өвлийн Олимпийн II наадмаас тэшүүрийн төрлөөр алтан медалийг хүртсэн Б.Сумъяаг өнөөдөр “Биеийн тамир спортын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнав.

Тэрбээр Норвегийн Лиллехаммер хотноо болсон Залуучуудын өвлийн Олимпийн II наадам тэшүүрийн төрөлд Үндэсний олимпийн хороодын нэгдмэл багт уралдан Монгол Улсын өвлийн олимпийн түүхэн дэх анхны алтан медалийг хүртсэн юм.

Түүний гаргасан амжилтыг Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэнд, спортын яам өндрөөр үнэлж, ийнхүү шагнажээ. Эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр нийт дөрвөн тамирчнаас бүрдсэн Үндэсний олимпийн хороодын нэгдмэл 13 баг 1,6 км-т уралдсанаас Б.Сумъяагийн уралдсан баг нэг минут 57 секунд 85 долийн амжилтаар алтан медаль хүртсэн. Тамирчны дасгалжуулагчаар Д.Энхбаяр сонгогдон ажилласан юм.
Б.Сумьяа
нь 2015 оны арваннэгдүгээр сард Нидерланд, Германд болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс Олимпийн эрхээ авсан бөгөөд энэ удаагийн наадамд 500 метрийн зайд 21-р байр, 1500 метрийн зайд 24 дүгээр байрыг эзэлсэн.

Тэрбээр өөрийн эзэмшдэг Монгол Улсын өсвөр үеийн болон насанд хүрэгчдийн улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон билээ.

Урлаг: Хятадууд Монголд “Чингис хаан”-ыг амилуулна

Дэлхийг байлдан дагуулсан Монголын Эзэн Чингис хааны тухай олон ангит шинэ киног хятадууд дахин бүтээхээр болжээ. Энэ талаар саяхан манай холбогдох албаны хүмүүстэй Хятадын нөлөө бүхий томоохон хүн ирж уулзаад ярилцсан байна. Тус киног ойролцоогоор 50 орчим сая доллараар хийхээр төсөвлөж байгаа бөгөөд санхүүжилтийн 20 хувийг тус улсын Засгийн газраас харин үлдсэн 40 сая долларыг тухайн нэр бүхий компани ивээн тэтгэж хийх ажээ.
Хятадууд өмнө нь Чингис хааны тухай 50 ангитай кино хийж байсан удаатай. Өдгөө хийгдөх кино түүхийн үнэнийг хэр зэрэг өгүүлсэн эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд удахгүй Монголын талд ту­хайн кино багийнхан өөрсдийн бичсэн кино зохиолыг ирүү­лэхээр тохиролцоод буцжээ. Оросын нэрт найруулагч Сергей Бодровын “Монгол” хэмээх Чингис хааны тухай өгүүлсэн киног бид сайн мэднэ. Тэрбээр цагтаа мөн л дээрх киног хийхийн тулд Монголын Боловсролын яам­ны сайдтай уулзаж байсан ч манайхан газар нутгаа ашиглуу­лахаас татгалзаж байсан гэдэг. Улмаар тэд Казахстаны Засгийн газартай тохи­рол­цоонд хүрсний эцэст дээрх киноны зураг авалтыг Казахстанд хийсэн нь хэн хэндээ ашигтай зүйл болсон гэдэг.



Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа