Энэхүү мэдэгдлийг  Нарантуул ОУХТ-ийн түрээслүүлэгч Ш.Сайхансамбуу хоёр хоногийн өмнө тус төвийн хохирогчидтой уулзах үеэрээ мэдэгджээ.

Энэ талаар  “Нарантуул” олон улсын худалдааны төвийн үйлдвэрчний эвлэлийн хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн З.Амаржаргалаас тодруулахад:  Хэрвээ даатгуулаагүй бол  захын зүгээс  түрээсийн гэрээгээ сунгахгүй гэж  шаардлага тавьж байсан болохоор дийлэнх түрээслэгчид “Монгол даатгалд” даатгуулсан юм билээ.  Мөн түрээсийн гэрээнд  гоо сайхны нэг  тасаг зургаан сая хүртэл төгрөг,  сүү цагаан идээний нэг тасаг лангуун дээрээ  хоёр хүртэл сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн байрлуулах бөгөөд үүнээс их хэмжээний барааг  зооринд хийнэ гэж заасан байдаг. Тэгэхээр  хохиролыг тэр гэрээнд заасан мөнгөн дүнгээрээ л барагдуулах байх.  Гэрээнд энэ хохиролыг 3 сарын дотор барагдуулна гэж заасан байгаа. Гэхдээ энэ талаар яг тогтсон зүйл байхгүй.  Хоёр өдрийн өмнө Ш.Сайхансамбуу дарга ирж ажилласан.  Тэгээд  хууль хяналтынхан  юутай ч энэ үзлэг шалгалтаа хийгээд  дуусаг.  Дараа нь  энэ байгууламжийг бүхлээр нь буулгаад  наанадаж шинэ жилээс өмнө цаанадаж цагаан сараас өмнө дахин байгууламж барьж, ажлын байраар хангана гэж байсан.  Өнөөдрийн байдлаар гал гарсан хэсгийн  түрээслэгчид  21 гишүүнтэй түр хороо байгуулсан байгаа.  Тэдний 12 гишүүнтэй нь манайх байнгын холбоотой ажиллаж байа.  Тэдний ярьж байгаагаар төмс ногооны тасаг харьцангуй бага шатсан. Харин гоо сайхны тасагтай эсргээрээ байгаа гэсэн.  Гоо сайхны тасгийн түрээслэгчдийн хэлж байгаагаар зарим нэгэн нь бараа дөнгөж татсан болохоор 50-200 сая төгрөгийн бараа хадгалсан байсан гэж байна лээ.  Одоо бүгдээрээ л галын дүгнэлт хурдан гарч , ажилдаа орохыг хүсэж байна” гэж мэдээллэв.  

Нарантуул ОУХТ-ийн хүнсний захад гал гарсантай холбогдуулан нийслэлийн Онцгой комиссоос  Баянзүрх Дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагаар ахлуулсан ажлын хэсгийн мэдээлж байгаагаар: 1999 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Хүнсний зах”-ыг улсын комисс хүлээж аваагүйгээс гадна үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлгүй байсан. Галын ямар ч дохиолол, усны нөөцгүй, аливаа гамшиг, эрсдлийг огтхон ч тооцоолоогүйг удаа дараа сануулж, мэргэжлийн байгууллагуудаас 10 удаа шаардлага хүргүүлж, 3 удаа үйл ажиллагааг нь зогсоох акт хүргүүлж байсан ч захын удирдлагууд ямар ч арга хэмжээ аваагүй.  Одоогоор шинжээчид галын шалтгааныг судалж байгаа бөгөөд ажлын хэсгийнхэн шаардлагатай арга хэмжээг тасралтгүй  хэрэгжүүлж байна”  гэв.

Өнөөдрийн байдлаар Нарантуул  захын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд гал гарсан хэсгийг хашаагаар тусгаарлан  галын дүгнэлтийг гаргахаа ажиллаж байгаа ажээ.  

А.Баярмаа