Энэ долоо хоногийн үйл явдлыг тоймыг хүргэж байна.

Улс төрд Бие даан нэр дэвшин их хуралд гарч ирсэн С.Ганбаатар гишүүн ХҮН-д элсэн орж, намын дарга болсон. Үүнээс хойш нэлээдгүй шуугианд орооцолдож сүүлдээ шүүхэд хүртэл хандах болоод байгаа. Тус нам нэг тамгатай, тэр нь ганцхан Б.Найдалаад байдаг аж. Энэ долоо хоногт өнгөрөгч долоо хоногт өрнөсөн

ХҮН-ын асуудал мөн даргын маргалдаанаар үргэлжлэв

Хөдөлмөрийн үндэсний намын дарга УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон шинээр томилогдсон намын дарга Б.Найдалаа гэсэн хоёр “туг”ын доор хуваагдаад байгаа юм. Учир нь өнгөрсөн долоо хоногт энэ хоёр фракц тус тусдаа Намын төв хороогоо хуралдуулсан. Эхний өдөр Б.Найдалаа, Т.Доржханд тэргүүтэй ХҮН-ын үүсгэн байгуулагчид Намын төв хороогоо хуралдуулж Б.Найдалааг намын даргаар сонгож, С.Ганбаатарыг намын даргаас нь чөлөөлсөн юм. Мөн энэ үеэрээ Б.Найдалаад алга болсон гэгдээд байсан тамга, тэмдгээ гардуулж өгсөн. Харин маргааш нь товлосон ёсоор С.Ганбаатарын талынхан Намын төв хороогоо хуралдуулж Б.Найдалаа нарын гурван гишүүнээ тус намаас хөөсөн. Ингээд ХҮН хоёр даргатай болсон бөгөөд хэн нь жинхэнэ дарга гэдэг нь мэдэгдэхгүй байна. Тэгвэл өдгөө тэдний маргааныг Улсын дээд шүүх хагалахаар болсон. Тодруулбал, тус намаас С.Ганбаатарыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлжээ. Мөн нөгөө талынхан нь Б.Найдалааг намын даргаар бүртгүүлэхээр дээд шүүхэд хүсэлт явуулсан байна. Ямартай ч ХҮН улсын дээд шүүхийн хаалгыг татсан асуудал хэрхэн шийдэгдэхийг харж л сууя даа.

 

С.Зоригийн хэрэгтэй холбоотой ноцтой баримт ирсэн гэв

С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан түүний эхнэр Б.Булганыг саатуулан шалгаж байгаа билээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн О.Баасанхүүд нэр бүхий иргэдээс С.Зоригийн хэрэгтэй холбоотой өргөдөл, гомдол ирсэн байна.

Тус материалд ноцтой гэж болохоор зүйлс байгаа тул О.Баасанхүү гишүүн өөрөө судалж байгаа аж. Энэ талаар тэрбээр “Төр нийгмийн нэрт зүтгэлтний аллагын хэрэг нь төрийн нууцад хамаардаг тул иргэдийн ирүүлсэн өргөдөл, гомдлыг задлалгүй, нухацтай судалж байна. Харин судалж үзсэнийхээ дараа ямар арга хэмжээ авах талаар шийдвэр гаргана” гэж хэллээ.

Түүний хэрэгтэй холбогдуулан Б.Булгантай хамт хоёр ч хүнийг саатуулан шалгаж байгаа гэх албан бус мэдээлэл байгаа боловч хууль хяналтын байгууллагаас түүний хэргийг "нууцын зэрэглэлтэй" хэмээн тайлбарлаад хэвлэлийнхэнд одоогоор мэдээлэл өгөхгүй байгаа билээ. Одоогийн байдлаар тэднийг хориод 3 сар болчихоод байгаа юм. Мөн түүнийг гэрийнхэн болон өмгөөлөгчтэй нь уулзуулаагүй байгаа. Ямартай ч энэ долоо хоногт Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан Д.Булганы ээж Байгальмаа “ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байгаа” гэх гомдлын дагуу цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэхэд шалгалт хийхээр Төв аймгийн Цагдан хорих төвд ажилласан.

Ж.Батзандан ярихдаа “Булганы биеийн байдал харьцангуй гайгүй байна. Хоригдож байгаа байрны нөхцөл байдлын талаар өөрөө ямар нэгэн гомдол байхгүй гэсэн. Харин өмгөөлөгчтэйгөө тогтмол, долоо хоногт дор хаяж нэг удаа уулзах, унших ном, сэтгүүл тогтмол оруулж өгөх хоёр хүсэлт тавьсан. Санаа зовох зүйлгүй. Бүх зүйл шударгаар шийдэгдэнэ гэдэгт итгэж байна гэж хэлсэн” гэж ярьсан байгаа. Харин Монголын тагнуулын байгууллага, улстөрчид энэ хэрэгт оролцдог, мөрдөн байцаагчийг байнга сольдог зэрэг нь хэрэг илрэхэд саад болж байгаа гэж Олон улсын парламент хоорондын холбооны Хүний эрхийн хороо өнгөрсөн арваннэгдүгээр сард Монголд ажиллахдаа хэлсэн байдаг. Тэд Нууцын тухай хуульд өөрчлөлт оруулж, энэ хэргийг нууцын зэрэглэлээс гаргах шаардлагатай гэх дүгнэлтэд хүрсэн юм. Мөн С.Зориг агсны ар гэрийнхнийг нь хүртэл шалгах нь зөв гэх зөвлөмж гаргасан байгаа юм билээ. Ямартай ч түүний хэрэгтэй холбоотой зарим баримтууд тодорхой хэмжээгээр илэрсээр байгаа юм байна.

Нийгэмд ТТХГ-ын дарга Б.Батсайханы мөнгө идсэн баримт цуврал-1

 

 

Төрийн тусгай хамгаалалттай газрын дарга, Хурандаа Б.Батсайхан татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа завшиж байгаа гэх үндэслэлээр АТГ-т шалгагдаж байна. Түүнд эрүүгийн хэрэг үүссэн байгаа бөгөөд түүнийг 20 гаруй сая төгрөгийн завшсан хэргээр шалгаж байгаа юм. Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга Их тэнгэрийн аманд хаяа нийлэн амьдардаг. Оршин суугч нь солигдох бүрт урсгал засвар ордог бичигдээгүй хуультай. Хамгийн сүүлд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болоход урсгал засвар хийхээр болсон байна. Урсгал зардлын өртөг нь 20 гаруй сая төгрөг болсон бөгөөд уг ажлыг хийлгэх гэрээг 2015 оны 05-р сард “Зиг Заг” ХХК гүйцэтгэнэ гэж Б.Батсайхан ТТХГ-ыг төлөөлөн хийсэн байна.

Төрийн тусгай хамгаалалттай газрын дарга Б.Батсайхан энэхүү гэрээг хийхдээ “Их тэнгэр цогцолбор”-ын дарга хошууч Ц.Оргодлын гарын үсгийг дуурайлган хуурамчаар зурсан байдаг. Үүгээр ч зогсохгүй Төрийн тусгай хамгаалалттай газрыг төлөөлсөн этгээдийн тамгыг дараагүй байдаг. Өөрөөр хэлбэл хуурамч гэрээ байгуулан “Зиг Заг” ХХК-ийн дансанд 21 653 664 төгрөгийг шилжүүлжээ. Мөн “Зиг Заг” ХХК огт засвар хийгээгүй бөгөөд ажил хийсэн мэтээр мөнгө авсан нь дараах баримтаар нотлогддог. Гүйцэтгээгүй ажлын хөлс болох 21 653 664 төгрөг “Зиг Заг” ХХК-ийн дансанд орсны дараагаар ТТХГ-ын дарга Б.Батсайхан 18 000 0000 гаруй төгрөгийг тухайн компаниас бэлнээр гаргуулан авсан байдаг.

Өдгөө энэ хэрэг хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа. Тодруулбал, бусдын гарын үсгийн дуурайлгасан, мөнгө идсэн энэ хэргийг анх Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаад прокурорын газраас харьяаллыг АТГ хэмээн үзсэн тул хэргийг АТГ-т шилжүүлжээ. Энэ бол Төрийн тусгай хамгаалалттай газрын дарга Б.Батсайханы мөнгө идсэн ганц жишээ.

Aхмадууд тэтгэврийн зээлтэй тэнгэрт хальж байна

 

Манай улсын хүн амын 10 хувь буюу 240 мянган ахмад настан тэтгэвэр авч байгаагийн 60 гаруй хувь нь сарын 1.5 хувийн хүүтэй жилийн 18 хувийн хүүтэй тэтгэвэр барьцаалсан зээл авч байна. Ахмад настангуудын 70 орчим хувь нь сард 200-300 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Дээрх тооноос харахад тэтгэврийн зээлгүй ахмад гэж байхгүй. Хүн энэ хорвоод ирэхдээ нүцгэн төрж, нүцгэн буцдаг бол ахмадууд маань тэтгэрийн зээлтэйгээ тэнгэрт хальж байна.

60-70 хувь нь үр хүүхэддээ тэтгэврийн зээл авч өгдөг аж.

Улсад 30-50 жил ажилласан ахмадуудын хувьд хураасан эд хөрөнгө гэх зүйлгүй учир тэтгэврийн мөнгөөрөө амьдардаг. Тэр мөнгө нь амьдралд нь хүрэлцэхгүйгээс гадна залуу үеээ тэтгэврийн зээлээрээ тэжээж, тэтгэж амьдарч байгаа нь харамсалтай. МУИС-ийн хийсэн судалгаагаар ахмад настангууд тэтгэврийн зээлээ өөрсдөө зарцуулдаггүй бөгөөд тэднийг хүчээр дарамтлан тэтгэврийн зээл авхуулдаг нь нотлогдсон байна. Ингэснээр тэд хэдэн сар жил “тэтгэврийн гуйлгачин” болдог ажээ. 240 мянган ахмад настан тэтгэвэр авч байгаагийн 60 гаруй хувь нь сарын 1.5 хувийн хүүтэй жилийн 18 хувийг хүүтэй тэтгэвэр барьцаалсан зээл авч байна. Нийт ахмадуудын 52 хувь нь Төрийн банкаар дамжуулан тэтгэвэрээ авдаг байна.

Тэдний 30 орчим хувь нь тэтгэврийн зээлтэй бөгөөд өөртөө зориулж байгаа хүн тун бага бөгөөд 60-70 хувь нь үр хүүхэддээ тэтгэврийн зээл авч өгдөг аж. Иймд зарим нэг эрх барагчид тэтгэврийн зээлийг нэг мөсөн болиулж, сард авч байгаа тэтгэврээ өөрсдөдөө зарцуулах ёстой хэмээн үзэж байна. Зарим хэсэг нь тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ёстой хэмээн үзэж байгаа ч банкны салбарынхан тэтгэврийн асуудлыг зээлийн хүүг бууруулаад шийдэх биш цогц бодлогоор өөрчлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол есөн жилийн дараа хүн амын 17 хувийг эзлэх ахмадууд тэтгэвэрт гарахаас халширч байна. Есөн жилийн дараа энэ л тэтгэврийн тогтолцоогоор явах юм бол монголын хүн амын нэгээхэн хэсэг ядууралд өртөхөд ойрхон байна даа.

Гэм буруугаа хүлээгээгүй эмчийг өршөөлийн хуульд хамруулжээ

“Ачтан” эмнэлэгт 2013 оны есдүгээр сард цөсний хүүдийн чулуу авах хагалгаанд ороод эрүүл мэндээрээ хохирсон иргэн О.Түмэндэмбэрэлийн нэхэмжлэлтэй хэргийг саяхан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцсэн байна. Шүүхээс их эмч Б.Төмөрбаатарыг Эрүүгийн хуулийн 106.2-т зааснаар эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс О.Түмэндэмбэрэлийн биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутай гэж үзжээ . Гэвч уг хэрэг нь 2015 оны долдугаар сараас өмнө үйлдэгдсэн учир Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин хохирогчийн Улаанбаатар сонгдо, Японы анагаахын их сургуулийн дэргэдэх эмнэлэгт эмчлүүлсэн болон хагалгааны төлбөрт зарцуулсан 119 сая төгрөг нэхэмжилснээс 104 сая төргөгийн бодит хохирлыг “Ачтан” эмнэлэг барагдуулах ёстой гэж шийдвэрлэсэн байдаг. “Ачтан” эмнэлгийн удирдлага шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, гомдлыг энэ сарын 09-нд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ.

Хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардлын мөнгө болох 104 сая төгрөгийг “Ачтан” эмнэлэг барагдуулахгүй, тус эмнэлэгийн эмч хагалгааг буруу хийгээгүй хэмээн давж заалдаж байгаа юм. Харин хохирогч эрүүл мэнд, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд хохиролтой байгаагаа шүүх хурлын үеэр мэдэгдсэн юм. Улмаар Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурлаас уг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх хэрэгтэй гэж үзжээ. Учир нь анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн хэмээн үзсэн юм. Тодруулбал, “Ачтан” эмнэлгийн их эмч Б.Төмөрбаатар нь өөрийгөө хагалгаа хийх явцдаа алдаа гаргаагүй хэмээн үзэж байгаа юм байна. Энэ нь хэргээ хүлээгээгүй гэсэн үг бөгөөд гэм буруугаа хүлээсэн хүн өршөөлийн хуульд хамрагддаг. Тиймээс Б.Төмөрбаатар эмч гэм буруугаа хүлээхгүй байгаа тул өршөөлийн хуульд хамрагдах ёсгүй байжээ. 104 сая төгрөгийн бодит хохирлыг “Ачтан” эмнэлэг барагдуулах ёстой гэж шийдвэрлээд байсан мөнгийг өгөхгүй гэсэн байр суурьтай байгаа аж.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Т.Даваасүрэн агсны эхнэр, хүүхдүүдэд байрных нь батламжийг гардууллаа

Хэн нэг иргэний тухай хөрөг нэвтрүүлэг фэйсбүүк хуудсаар цацагдаад чамгүй хугацаа өнгөрч буй. Тэгвэл одоогоос хоёр жилийн өмнө энэхүү нэвтрүүлгийн зочноор таван хүүхэдтэй, таксины жолооч залуу уригдаж оролцсон. Эхнэр хүүхдийнхээ сайн сайхны төлөө, аз жаргалтай амьдрал босгохын төлөө нойр хоолгүй зүтгэн ажиллаж буй талаараа элдэв хачиргүйгээр ярьсан нь олон ч хүний талархлыг хүлээсэн. Олноо мундаг аав хэмээн алдаршсан таксины жолооч залуу бурхны орноо одсон таагүй мэдээг бид сошал ертөнцөөс дуулсан.
Өмнө нь нэвтрүүлэгт оролцохдоо харвалт өгч байснаа ярьж байсныг уншигч та санаж буй биз. Тэгвэл өнгөрсөн намар дахин харвалт өгч, улмаар хүндэрч, асаргаанд байсаар насан эцэслэсэн байна. Талийгаачийн үр хүүхэд, гэргийд эмгэнэл илэрхийлсэн хүмүүс олон байгаа бөгөөд хандив цуглуулж орон байртай болгох аяныг ч эхлүүлсэн билээ. Монголчууд ч мундаг аавын үр хүүхдэд буян үйлдсээр...
“Шинэ Толгойт” орон сууцжуулах хөтөлбөр төслийн хамт олон мөн л фэйсбүүкээрээ дамжуулан нэгэн сайхан мэдээг дуулгалаа. Тодруулбал, “Шинэ Толгойт” төслийн хамт олны зүгээс таван хүүхдийн аав, сайн хань талийгаач Т.Даваасүрэнгийн ар гэрт энэ оны дөрөвдүгээр сард ашиглалтад орох орон сууцнаасаа хоёр өрөө байр өгөхөөр шийдвэрлэсэн гэдгээ мэдэгдсэн. Гэсэн ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байжээ. Талийгаач Т.Даваасүрэнгийн ар гэрт орон сууц өгөх болсон шийдвэрийг төслийн удирдлагууд хуралдан албан ёсны шийдвэр гаргаж баталгаажуулсан. Тэгвэл энэ сарын 10-нд Т.Даваасүрэн агсны эхнэр, хүүхдүүдэд байрных нь батламжийг гардууллаа
Эдийн засаг Хүчээ авсан доллар, хүчгүйдсэн эдийн засгийг яах вэ Ерөнхий сайд аа!!!

Эдийн засгаа аврахаа амласан өнөөгийн ерөнхий сайдын ажил дашин шог болж байгаа бололтой. Ийн хэлэхийн учир нь ард иргэдийн амьдрал улам дорройтсоор ажилгүйдэл нэмэгдсээр, цалингаа цагтаа өгдөг байгууллага, компани гэж байхаа больсон.

Бэлэн мөнгөнтэй хүн ховордож мөнгөнд хайр зарлаж буйг сонсов. Өнөө үед бие биенээсээ банкны өр зээлээ төлөх гэсэн юм "мөнгө байна уу" гэж асуух явдал нэг өдөрт хэдэнтээ давтагдаж байна. Банкуудын чанаргүй зээлийн хэмжээ өсч, иргэд хугацаандаа зээлээ төлж чадахгүй болсон талаар өнгөрөгч улиралын тайлангаас тодоос тод харагдсан.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2016 оны 1 дүгээр сарын эцэст 922.2 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 68.2 тэрбум төг буюу 8.0 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 604.4 тэрбум төг буюу 2.9 дахин өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.8 хувийг эзэлж, өмнөх сарынхаас 0.5 пункт, өмнөх оны мөн үеийнхээс 5.2 пунктээр нэмэгдсэн байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2016 оны 1 дүгээр сарын эцэст 872.9 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 3.1 тэрбум төг буюу 0.4 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 215.5 тэрбум төг буюу 32.8 хувиар өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.4 хувийг эзэлж, өмнөх сарынхаас өөрчлөлтгүй, өмнөх оны мөн үеийнхээс 2.0 пунктээр нэмэгдсэн байна.

Ийнхүү эдийн засагт огцом эргэлт оруулахгүй бол урсгалаараа явбал долларт дарлуулсан хүчгүйдсэн эдийн засагтай Монгол улс ирэх онд дампуурлаа хамгийн түрүүнд зарлана гэсэн яриаг бодитоор харуулж мэдэх нь. Өнөөдрийн байдлаар монголбанкны зүгээс ам.долларын хазаарлах арга хэмжээ авах дорвитой ажил хийхгүй байна. Нэг ам.доллар 2048 төгрөгтэй тэнцэж, арилжааны банкуудад 2052 хүрчээ. Төгрөг үнэгүйдэж, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өслөө.

Энэ хугацаанд хонины ястай нэг килограмм мах дунджаар 6065 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7055 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ 25 төгрөгөөр, үхрийн цул мах 10 төгрөгөөр өсчээ. Хонины ястай махны үнэ 480 төгрөг, хонины цул мах 5.3 хувиар буюу 355 төгрөгөөр өссөн байна. Бага төгрөгөөр нэмэгдсэн байхад сүртэй юм гэж та бодож болно. Тэгвэл өнөө маргаашийн хоолоо арай хийн залгуулж буй олон хүмүүст 10 бай, таван төгрөгөөр өсөхөд маш том зөрүү гардаг юм. Жирийн иргэдийн амьдралын хамгийн жишээг татахад ийм байна.

Ийнхүү эдийн засагт эерэг хандлага гарахгүй байхад загатнасан газар маажив гэгчээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг эдийн засагтаа хувьсал хийх хэрэгтэй хэмээгээд авлаа. Тэрбээр “Бид эдийн засаг гэхээр үндсэндээ инфляц, дотоодын нийт бүтээгдэхүүн гэх мэт хэдэн зүйлийн араас хөөцөлдөөд яваад байдаг. Гэтэл эдийн засгаа хөгжүүлэхийн тулд түүний суурь гурван хэсгийн нэг болох эдийн засгийн дэд бүтцийн асуудал манайд дээд зэргээр орхигдсон байна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Спорт Б.Сумъяад 40 сая төгрөгийн гардуулжээ

Норвегийн Лиллехаммер хотноо хоёрдугаар сарын 12-21-ний өдрүүдэд залуучуудын өвлийн II олимп зохион байгуулагдсан билээ. Энэ уралдаанд гүйлтийн цанын тамирчин А.Очирсүх, гүйлтийн тэшүүрийн төрөлд Б.Сумъяа нар оролцсон бөгөөд багийн төрлөөр Б.Сумьяа алтан медаль авч Монгол улсын спортын түүхэнд нэгэн шинэ амжилтыг бичүүлсэн.

"Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Сумъяа болон дасгалжуулагч Б.Энхбаяр нарт Засгийн газар мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн билээ. Өнгөрсөн баасан гаригт “Sky resort” цанын баазад болсон Монголын бүр ард түмний XIV спортын их наадмын нээлтийн үеэр Б.Сумъяаг 40 сая, түүний багш Б.Энхбаярыг 20 сая төгрөгөөр шагнав.

Тэрбээр медалиа авах гээд зогсож байхдаа маш их догдолж, баярласан гэдэг. "Өөрийгөө алтан медаль зүүж байгаадаа нэг л итгэж өгөхгүй. Ингээд авчихаж байгаа гэж үү л гэж бодогдсон" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Б.Сумъяа 2018 онд болох Пёнчаны олимпод орохын төлөө зүтгэж, бэлтгэлээ базаана гэдгээ амласан билээ.

 

Соёл урлаг Соёлын биет бус өвийг таниулсан хүмүүст 100 сая төгрөг олгохоор болов

Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журмыг хавсралтаар баталж, онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагч, хувь хүн, бүлэг, хамт олныг тодруулж мөнгөн шагнал олгоход шаардагдах 100 сая төгрөгийг 2017 оны төсвийн жилээс эхлэн жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Болор, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нарт үүрэг болголоо.

Монгол Улс улс даяаршил, хотжилтын үйл явцад татагдан орж, монголчуудын аж төрөх ёс, монгол хэл, аялгуу, ялангуяа угсаатан ястнуудын биет бус соёлын өвөрмөц өвийн амьдарч хөгжих, орон зай өөрчлөгдөн, орчин цагийн нийтийн соёл, урлаг түрэн орж ирсээр байгаа нь Монголын уламжлалт биет бус соёлын өвийг богино хугацаанд устган мөхөөх аюулд хүргэж болзошгүй байгаа тул соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг урамшуулах, тэдэнд дэмжлэг үзүүлэхээр энэхүү журмыг баталжээ.

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа