Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай төвийн хараа хяналтгүй, хагас болон бүтэн өнчин 4-21 насны 104 хүүхдийг баярлуулахаар хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд нэгдэн бэлтгэл ажлаа хангаад байгаа юм байна. Уг арга хэмжээг 3-р сарын 13-ны өдөр Хандгайтад цасны баяр хэлбэрээр зохион байгуулж байгаа ажээ.

Уг ажиллагааг идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, нийгмийн хариуцлагаа өндөрт өргөж яваа компани, иргэдийн дэмжлэг туслалцаатайгаар бэлтгэл ажлаа хангаад байгаа юм байна. Тухайлбал, БХЯамны харъяа Бага Баян амралтын газар нэг өдрийн амралтын байр, өдрийн хоолоор хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилж баярлуулж байна.

Харин зарим нэг компани “гүйх нохойд гүйхгүй нохой саад” гэдгийн жишээг тодоор харуулсан байна. Тодруулбал, “АПУ” ХК компанид хандан МЗХ-ны Хүмүүнлэгийн Байнгын Хорооноос дээрх арга хэмжээнд нэгдэн хүүхдүүдэд туслах хүсэлтэй буйгаа илэрхийлэн өөрийн нэрийн бүтээгдэхүүн дээжисээс 104 ширхэгийг хүсэн албан тоотоор хандсан байна.

Хүсэлтийн дагуу 2016 оны 3-р сарын 4-ний өдөр албан тоотоо хүргүүлэн хариу лавлахад “удахгүй хариу өгнө”, “та бүхнийг дэмжинэ” хэмээн залууст горьдлого удтал төрүүлсний эцэст өчигдөр орой буюу 3-р сарын 11-ний 18:00 цагийн үед менежер н.Мөнгөнцэцэгээр дамжуулан хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх боломжгүй гэдэг хариуг өгчээ. Уг нь 104 ш маамуу ундааг 650 төгрөгөөр бодоход нийт 67,600 төгрөг, сайн сүү, тараг 104 ширхэгийг зах зээлийн ханшаар бодоход 228,000 орчим төгрөг нийтдээ 296,400 төгрөгний бүтээгдэхүүн асрамжийн газрын өнчин хүүхдүүдээс харамлалаа гэж үү? Нөгөө нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэг компани гэж байсан нь энэ бололтой!

“АПУ”- ХК-ийн захирал Г.Батсайхан бизнес эрхлээд олон жил болсон хүний хувьд ингэж “багийн алуур” хийхээргүй хүн. Харин голоо цохив уу? Албат нь голоо цохив уу? Хариуцлагагүй хандсан уу гэдгийг таашгүй. Ядарсан хүүхдүүдэд тусалсан бол эргээд буян нь ирэх л байсан. Нөгөө талаас бусдын ажилд ийнхүү саад учруулж байгаа хариуцлагагүй үйлдлээ ахин давтахгүй байхыг анхаарна бизээ