Б.ЭНХТУУЛ

БСШУЯ-ны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярыг сүүлийн үед цахимертөнцийнхөн мүүний шашинтан, Монголын боловсролын салбарт энэ шашны нөлөөг оруулж ирэх гэжбайна гэж хардах болсон. Энэ мэдээлэлтэй холбогдуулан Б.Насанбаяр өчигдөр хэвлэлийн бага хурал зарласан. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Сүүлийн үед таныг “Мүүний шашинтан” хэмээн тодорхойлж, цахим ертөнцөөр багагүй шуугисан. Энэ дундболовсролын салбарт энэ шашны урсгалыг оруулах гэж байна. Энэ шашны үзэл санаагаар хүмүүсийн “тархийг угааж” байна гэсэн мэдээлэл их явж байна. Үүнд та ямар хариулт хэлэх вэ?

-Миний нэр Баавгайн Насанбаяр. Би Наран-Очир гэдэг ургийн овогтой. Ургийн овгоо онцлон хэлж буй шалтгаан нь миний аав Завхан аймгийн Яруу сумын хийдэд шавилан сууж байгаад, 1939 оны нэгдүгээр сард хэлмэгдсэн авга ахынхаа нэрээр ургийн овгоо нэрлэсэн юм.

Өнгөрсөн гурван сарын хугацаанд өрнөсөн үйл явцыг харж байхад хэлмэгдүүлэлт хэрхэн болдог, олон нийтэд яаж буруу ойлголт төрүүлж, хүнийг буруутгаж, гүтгэн доромжилж болдог, зарим нь түүн дээр дөрөөлөөд яаж тоглолт хийж болдог вэ гэдгийг бие сэтгэл, гэр бүл, ажил амьдралд хэрхэн тусч байгааг мэдэрч ойлголоо. Тэгэхээр энд нэг л зүйлийг албан ёсоор хэлье. Монгол Улсын боловсролын салбарт ямар нэгэн шашны нөлөө ороогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Монголын боловсролын салбарт шууд хамааралтай нэг сая хүн байдаг. Үүн дээр нэмж хэлэхэд, эцэг, эхчүүд, цэцэрлэг, сургуулийн багш нарын хүүхэддээ өдөр тутам зааж буй хичээл ном, сурах бичиг, үйл ажиллагаа зэрэгт ямар ч шашны нөлөө ороогүй гэдгийг албан ёсоор хэлж байна.

Энэ удаа хэвлэлийн бага хурал зарласан гол зорилго бол БСШУ-ны сайд Л.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсгийн боловсролын салбарын чанарын шинэчлэл, “Хүүхэд бүрийг хөгжүүлэх” гэж томьёолж буй энэ ажлын хүрээнд хийсэн ажил, хүрсэн үр дүн маш тодорхой болж байна. Тиймээс энэ ажлыг хэн нэгэн үймээн шуугиан дэгдээж, унагах гэсэн оролдлого аль ч талаасаа харсан боломжгүй зүйл. Хоёрдугаарт, энэ салбарт ажиллаж амьдарч буй 40 гаруй мянган багш байна. Боловсролын салбартай холбоотой мэргэжилтнүүд гээд энэ олон хүний үйл ажиллагаанд шашны нөлөө орсон мэтээр суртал­чилж, буруугаар тайлбарлаж байгаад бодит тайлбар хийхийг хүссэн юм.

-Сошиал ертөнцөөр шуугиж буй мэдээллээс харахад таныг “Мүүний шашинд явж байсан. Энэ шашныурсгалыг олон нийтэд сурталчилж байсан. Харин одоо өөр тайлбар хийж байна” гэсэн мэдээлэл цөөнгүйбайсан?

-Өнөөдөр намайг мүүний шашинд байх ёстой эсвэл байсан гэх мэтээр тулган шаардсан зүйл явж байна. Би энэ талаар бүх хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд хандаж, албан ёсны хариулт, тайлбар хийж, байр сууриа илэрхийлж байсан. Дээр нь төрийн бус байгууллагын үйл ажиллагааг удирдаж байсан гэдгээ ч олон удаа хэлж байсан. Үүнийг “Нэг удаа ярихдаа өөр зүйл ярьсан” гэх мэтээр тайлбарлаж байгаа нь бодит үнэнд нийцэхгүй байна. Дээр нь нэмж хэлэхэд, Монгол Улсын боловсролын салбарт аль нэг газрын дарга, хэн нэгэн хүн хүрч ирээд бодлого шийдвэр гаргаад, шашны нөлөөнд урвуулах ямар ч боломжгүй гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй сайн мэднэ. Энэ бүхнийг маш сайн мэдэж байгаа хэрнээ зориуд зохион байгуулалттай, гүтгэн доромжлох удаа дараагийн үйлдэл хийж байгаа учраас албан ёсоор хууль, хяналтын байгууллагад хандаж байна. Үүгээр далимдуулж, боловсролын салбарт ажиллаж байгаа олон мянган багш нарын хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа зүтгэлийг, монгол хүүхэд бүрийн хөгжлийн төлөө явж байгаа боловсролын салбарын бодлогыг нураах гэсэн, харлуулах гэсэн энэ хүмүүсийн үйлдлийг өнөөдрөөс эхлээд зогсоогооч гэж хүсч байна. Энэ олон хүний хөдөлмөр зүтгэл, хийсэн ажлыг нурааж, ирээдүйгээ бодохгүй ийм зүйл хийж байгаа нь маш аюултай байдал үүсгэж байна.

-Энэ мэдээллээр далимдуулаад боловсролын салбар руу дайрч давшлах хүн бас цөөнгүй байна. Жишээ ньсаяхан сурах бичгийг шүүмжилж байсан. Үүнийг та ямар өнцгөөс харж байна?

-Хэвлэлээр гарсан зарим постууд дээр албан ёсны тайлбар өгөхийг хүсч байна. МАН-ын гишүүн, хүмүүсийн сайн таних Хасын Ганхуяг гэж хүн өөрийн цахим хуудаст олон зүйлийг постолж байна. Энэ хүний постолж байгаа зүйл бол Монгол Улсад хэрэглэгдэж буй сурах бичгийн алин дээр нь ч байхгүй. Энэ хүн өөрийнхөө хүүхдэд ийм ном сонгож авч өгчихөөд, түүнийгээ постолж суугаа юм уу гэдгийг өөрөөс нь асуумаар байна. Хоёрдугаарт, боловсролын салбарт ажиллаж буй эрдэмтэн судлаачид, багш нар, 21 аймаг, есөн дүүргийн газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд, 768 ЕБС-ийн захирал, багш ажилтнууд, 1000 гаруй цэцэрлэгийн эрхлэгч, багш нарыг уриалж байна. Үнэхээр энэ хүмүүсийн яриад байгаа, цахим ертөнцөөр цацаад, хиймлээр үүсгээд байгаа энэ зүйл бидний хэрэглэж байгаа сурах бичиг, бидний хүүхдийн эзэмшиж буй боловсрлын үйл ажиллагаанд байгаа юу, үгүй юу гэдгийг албан ёсоор мэдэгдээч гэж хүсч байна. Энэ бол нийгмийг асар том төөрөгдөлд оруулж буй гэмт хэрэг.

-Шүүх цагдаагийн байгууллагад энэ хэргийг шалгуулах хүсэлтээ албан ёсоор хүргүүлсэн гэсэн. Өөр ямарарга хэмжээ авч байгаа вэ?

-Надтай холбоотой олон постуудыг тавьж байна. Жишээ нь, байшингийн орой дээр үсрэх гэж байгаа хүний дүр төрхийг надаар орлуулж хийгээд, МАН-ын бүл­гийн Хуулийн зөвлөх Энхбаяр гэж хүн постолж байх жишээтэй. Хүүхэд залууст ийм зүйл сурталчлаад зогсож байгаа энэ хүн өөрөө үр, хүүхэдгүй бололтой юм. Насанд хүрэгчид, томчууд бид өнөөдөр өөрсдөө ямар аймшигтай, ухамсаргүй болчихсон юм бэ. Энд зориуд нэг зүйлийг онцолж хэлэхэд, “Ээж, аавууд, эцэг, эхчүүд минь хүүхдээ фэйсбүүкийн орчноос хол байлгаарай. Энэ орчин хүүхдийг чинь юу руу ч түлхэж, унагаж мэдэхээр байна. Хэн нэгэн зохион байгуулалттайгаар ямар нэгэн зүйл хийхийн тулд асар олон аймшигтай зүйлийг энэ орчинд хийж байна”. Тиймээс энд албан ёсоор мэдэгдэж буй бас нэг зүйл бол эвлүүлэг хийсэн, сурах бичиг дээр огт байхгүй зүйлийг байгаа мэтээр буруу зөрүү тайлбар хийсэн, постолсон бүх хүмүүсийг Эрүүгийн цагдаагийн газарт албан ёсоор хүлээлгэн өгсөн.

Цэрэндолгор гэж эмэгтэй 2016 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр ийм ийм газар өглөө гэж олон нийтэд мэдэгдээд, 10 зүйлээр намайг гүтгэж гарч ирсэн. Тиймээс энэ хүний намайг гүтгэсэн энэ бүх зүйлийг тодорхой болгож өгөөч. Үнэн мөнийг нь тогтоож өгөөч гэсэн албан бичгээ хүргүүлсэн. Би энэ бүх зүйлийн үнэн, худлыг шүүхийн байгууллагаар явж тогтоолгоно.

-Таны ярианд сая хоёр ч удаа МАН-ын нэр дурдагдлаа. Ямар нэгэн нам улс төр, хувь хүний ашиг сонирхолбайна гэж та харж байна уу. Хоёрдугаарт, мүүний шашны талаарх нэвтрүүлгийг С1 телевизээр гарах гэжбайсныг нь болиулсан гэж сонссон. Таны хүсэлтээр уг нэвтрүүлэг цуцлагдсан гэсэн ойлголт нийгэмдтархаад байна. Үүнд тайлбар хэлээч?

-С1 телевизээр гарах нэвтрүүлгийг харин ч гараасай гэж хүлээж байсан. Зохион байгуулалттайгаар энэ нэвтрүүлгийг гаргахгүй, хүмүүст хүлээлт үүсгээд байгаа нь тухайн хүмүүсийн зохион байгуулалттай хийж байгаа өөрсдийнх нь хэрэг гэж харж байна. Энэ нэвтрүүлэгт намайг Энх ордон гэж компани дээр хувьцаа эзэмшдэг гэсэн мэдээлэл явж байна гэж сонссон. Би тэнд 2009 онд 200 мянган төгрөгөөр 20 ширхэг хувьцаа худалдаж авч байгаад, 2015 онд ногдол ашиг хуваарилдаггүй бэлэгдлийн чанартай байгууллагаас гарах хүсэлтээ өгөөд, шийдвэр нь гарсан байсан. Энэ тодорхойлолтоо авчихсан явж байна. Үүнийгээ би жил бүрийнхээ хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдаад явж байсан.Тиймээс сонгуультай холбоотойгоор нэг хүнийг аймшигтайгаар гүтгэн доромжилж байгаа энэ байдал тэвчээд суухад хэцүү болж байна. Өдөрт миний утас руу, миний цахим хаяг руу дайрч давшилсан, гүтгэж доромжилсон маш олон дайралтууд ирж байна. Энэ үнэхээр миний амьд явах эрх, тайван амгалан амьдрах эрх, гэр бүл, үр хүүхдийн минь аюулгүй байдалд нөлөөлж байна. Тиймээс энэ асуудлаар Эрүүгийн цагдаагийн газарт хандахаас гадна Тагнуулын ерөнхий газарт хандаж, зохион байгуулалттай энэ үйл ажиллагаа болон захиалагч нь хэн бэ гэдгийг тодруулж өгөхыг хүссэн.

-Ер нь та ямар шашин шүтдэг вэ. Энэ бүх дуулиан шуугианаас болоод таныг ажлаа өгөхөөр өргөдлөө өгсөнгэж сонссон?

-Би буддын шашинтай монгол хүн. Миний эцэг, эх ч монгол хүмүүс. Монголдоо амьдарч байна. Миний гэр бүл, нөхөр, үр хүүхэд минь ч монгол гэдгийг маш тодорхой хэлж байна. Би сая хурал хийхээр ирэхдээ хүртэл лам багштайгаа ярьсан. Энэ их хэл ам, шуугиан дээр тайлбар хийхээс аргагүй боллоо гэдгээ хэлсэн. Шаардлагатай гэвэл лам багшийн минь утсыг аваад ярьж болно. Өнөөдөр нэг л зүйлийг тодорхой хэлье. Монгол Улс ардчилсан улс орон. Дээрээс нь хүний эрх, эрх чөлөө хаана очоод зогсож байна вэ. Лхүмбийн хэрэг гэдэг зүйлийг гаргаж ирчихээд, хүн болгоныг тэр хэрэгтэй холбох гэж оролддог байсан шиг тийм байдал хэрээс хэтэрлээ. Энэ бүхэн үндэсний аюулгүй байдалд хүртэл сөргөөр нөлөөлж байна. Тиймээс энэ удаа тодорхой шийдвэр гаргаж, ТЕГ, Эрүүгийн цагдаагийн газар, шүүхэд хандаж байгаа энэ бүх процесс дунд ажлаа хүлээлгэж өгөх албан ёсны өргөдлөө өгнө. Шударга үнэнийг олохын төлөө тэмцэнэ гэдгээ хэлье. Би бүх төвшний хүний эрхийн байгууллагад хандана. Олон улсын төвшинд ажиллана. Өнөөдөр бид залуу үеийнхээ өмнө ийм хариуцлагагүй, муу муухай үлгэр дууриалал үзүүлж байгаагийн төлөө тэмцэнэ. Энэ өдрөөс эхлээд ямар ч тохиолдолд миний араас олон хүн ийм хэлмэгдүүлэлтэд битгий өртөөсэй гэж хүсч байна.

Та бүхэн “Танхай эмээ”-гийн эвлүүлж тавьсан зургийг харсан байх. Миний хүүхдүүд энэ зургийг харвал яах вэ. Хэн нэгэнд хөлслөгдөөд, фэйсбүүкийн комент дээр сууж байгаа залуус ямар ч ухамсаргүй ийм зүйл хийж суугаагийнхаа хариуд хэн нэгнийг асуудалд оруулах, өсвөр үеийнхэнд маш буруу үлгэр дуурайлал үзүүлж байгаагаа болих хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Энэ зохион байгууллалттай, тусгай санхүүжилттэй үйл ажиллагаа. Магадгүй, хэн нэгэнд аль нэг шашныг шүтэх, эс шүтэх эрх нь нээлттэй бий. Гэтэл яагаад заавал боловсролын салбарыг онилж, ганц хүн рүү дайрч давшлаад байгааг ойлгохгүй байна. Энд бас нэг зүйлийг сонирхуулаад хэлэхэд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг та бүхэн маш сайн танина. НҮБ-аас 2012 оны хөтөлбөр дээр боловсролыг нэгдүгээрт гэдэг санаачлага гаргасан. Энэ санаачлага Монгол Улсын боловсролын салбарт хэрэгжиж буй хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлоготой яв цав нийлж байгаа. Тиймээс БСШУЯ-наас гаргаж байгаа бүх эмхэтгэлд НҮБ-аас гаргасан энэ санал санаачлага, энэ хүний хэлсэн үгийг бичсэн байдаг. Гэтэл Бан Ги Мүн гэдэг энэ хүний нэрийг хараад Мүүний шашин гэж ойлгож хүлээж авч байна. Тэгэхээр энэ байдал хэрээс хэтэрч, хэлмэгдүүлэлт, дарангуйлал болж хувирч байна.

-Тэгвэл та хувь хүний­хээ зүгээс мүүний шашны талаар ямар байр суурь баримталдаг вэ. Мөн Цэрэн гэжэнэ эмэгтэйг та хэр сайн таних вэ. Ямар нэгэн хувийн ашиг сонирхол, өс хонзон байна уу?

-Энэ шашны урсгалд хоёр зүйл бий. Нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг ТББ, шашны чиглэлийн хоёр урсгал салсан байдаг. Зарим нь миний гарын үсэгтэй баримт бичиг гаргаж ирээд үзүүлж байна лээ. Тэр бол 2009 онд Монгол Улсад шашны чиглэлээр энэ урсгалыг оруулж ирж болохгүй гэдгийг хэлж байсан, миний гарын үсэгтэй бичиг. Тэгэхээр хэзээ ч хэн ч миний өмнөөс ямар ч тайлбаргүйгээр дүгнэлт хийдэг энэ харгис дарангуйллаа болих хэрэгтэй. Цэрэн гэж эмэгтэйг намайг гүтгэж, доромжилсон тэр үеэс таньдаг болсон. Намайг гүтгэсэн 10 шаардлага чинь ямар ч үндэслэлгүй зүйл байна гэдгийг өөрт нь хэлж уулзсан. Түүнээс хойш уулзаагүй. Тиймээс энэ шуугианы үнэн мөнийг тогтоож өгөөч гэж хуулийн байгууллагад хандсан. Би саяхан Ийгл телевизээр тэр эмэгтэйн хоёр найзтай халз ярилцлаганд орсон. Мөн Цэрэн гэж эмэгтэйтэй нийлээд намайг муулаад байгаа сэтгүүлчид хүртэл ярилцлага өгсөн. Тэгэхээр шүүх цагдаагийн байгууллага энэ бүх асуудалд хараа хяналт тавьж, тайван амьдрах орчныг минь бүрдүүлж, гүтгэлэг доромжлолыг зогсоож өгнө гэдэгт итгэж байна. Эх хүнийхээ үүднээс ч гуйж байна. Би бага насны гурван хүүхэдтэй ээж хүн. Миний гурван хүүхэд сургуульд сурч, тайван амьдармаар байна. Миний аавыг, ахыг хэлмэгдүүлж байсан шиг энэ их хэлмэгдүүлэлтийг зогсоож өгөөч гэж хүсмээр байна.

Би төрийн албаныхаа хуулийн дагуу өнөөдөр халагдах өргөдлөө хүлээлгэн өгч байна. Хийж хэрэгжүүлсэн бүх ажлаа он, сар өдрөөр нь жагсаагаад гаргаж байна. Энэ асуудлыг ямар нэгэн улс төрийн зорилготой, зохион байгуулалттай үйл ажиллагаа байх гэж хардаж байна. Монгол хүүхэд бүрийн хөгжлийн төлөө нойр, хоолоо хасан байж ажилласныхаа төлөө, боловсролын салбарт хийж, хэрэгжүүлсэн ажил, нэр төрөө хамгаалаад, ирээдүйд залуу хойч үед үзүүлэх энэ харанхуй бүдүүлэг байдлыг эсэр­гүү­цэж, энэ асуудлын учрыг олно.