Ипотекийг амжилттай хэрэгжхэд тухайн улсын эдийн засгийн чадавхи, тогтвортой байдал, иргэдийн орлогын түвшин, банк санхүүгийн тогтолцоо, бие даасан байдал, ипотекийн зохицуулалтын хууль эрх зүйн орчны боловсронгуй байдал, мөн хөрөнгийн зах зээлийн хөгжлийн түвшин суурь нөхцөлүүд болдог хэмээн эдийн засагчид онцолсон. Ипотекийн зээл иргэдэд сайхан сонсогдож байгаа нь мэдээж. Гэтэл хэрэгжүүлэх тал дээрээ биднийгээ ялгасан журмыг батлаад авсан билээ.

Нийслэлээс хэрэгжүүлж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж, ашиглалтад орсон 2000 гаруй өрхийн орон сууцад байр зээлээр авбал хүү нь таван хувь байх юм байна.

Дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан 2000 гаруй өрхийн орон сууцад газраа чөлөөлж, барилга бариулсан 500 орчим өрх орсон байгаа юм. Үлдсэн 1500 гаруй айлын байрыг барилгын компаниуд борлуулж, барилга барихад зарцуулсан хөрөнгөө эргүүлж олно. Тэгвэл орон нутгийн тухайд төрөөс барьж буй 1000 айлын орон сууцад байр зээлээр авах иргэний зээлийн хүүг таван хувь хүртэл буулгах зохицуулалт хийгдэх юм.

Зээлийн хүү таван хувь болж буурвал хэн хүнгүй байртай болохын төлөө зүтгэх нь лавтай. Харин сүүлийн өдрүүдэд зээлийн хүү таван хувь болохгүй, бүтэхгүй хэмээн монголбанкнаас болоод зарим мэргэжилтнүүд үзэж буйгааа дуулгах болсон. Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд "2016 оны хоёрдугаар сарын инфляци 2 хувь болсон. 1996 онд инфляци хамгийн өндөр буюу 325 хувь байсан. Зээлийн хүүг хоёр зүйлээс хамаарч бууруулах гээд байгаа юм. Нэгдүгээрт инфляци+ банкны зардал байгаа юм.

Үүнээс харахад эдийн засгийн суурь нь бүрдчихээд байна. Аймаг болгонд мянган айлын орон сууц баригдаж байгаа. Ипотекийн зээлийн хүү нь найман хувиар олгоход 1 сая 300 мянган төгрөгийн цалинтай иргэд хамрагдсан. Одоо таван хувийн хүүтэй зээл олгож эхэлвэл 800 мянган төгрөгийн цалинтай иргэн хамрагдах бүрэн боломжтой болж байгаа юм. Хоёр үе шаттай ипотекийн зээлийг олгохоор болсон. Эхний ээлжинд дахин төлөвлөлтийн бүсийг оруулсан бэ гэхээр утаанаасаа хамгийн түрүүнд салах хэрэгтэй байгаа. Үүнд хөшүүрэг болгож ийм шийдвэрт хүрсэн. Эдийн засаг сайн байвал ипотекийн зээлээ олгоод явна" гэсэн юм.