МҮОНРТ 2015 оны 12 дугаар сараас эхлэн “MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аяныг орон даяар эхлүүлсэн. Энэхүү аян эхлэснээс хойших гурван сарын хугацаанд хүүхдүүдэд зориулан 200 орчим сая төгрөгийн бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн юм.

Энэ удаад МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь “MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аянд "Монгол Улсын насанд хүрсэн иргэн бүрийг нэгдээсэй" хэмээн уриалж, "Challenge" эхлүүллээ. Энэхүү “Challenge"-ийн хүрээнд тэрбээр гэр бүлийн зургаан гишүүнийхээ тус бүрийн өмнөөс дөрвөн тоосгоны үнэ буюу нийт 24 мянган төгрөгийг "MNB Сэтгэлийн үндэс" аяны Төрийн банкны 100010001009 тоот дансанд шилжүүлсэн байна. Мөн өөрийн найз УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, УИХ-ын даргын Ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөх Г.Байгалмаа, Олон Улсын "Найрамдал" Хүүхдийн төвийн дарга Д.Оюунцэцэг нарыг “Challange”-д уриалан дуудсанаа өөрийн фэйсбүүк, твиттэр хуудсаар мэдэгджээ.

Ц.Оюундарь өөрийн фэйсбүүк хуудаснаа "Та гурвыг миний урилгыг хүлээн авна гэдэгт итгэж байна. Сэтгэлээсээ хийсэн зүйлд их, багын ялгаа байдаггүй. “MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аянд нэгдэцгээе" хэмээн бичжээ.

Дашрамд өгүүлэхэд, “MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аяны хүрээнд Хэнтий аймгийн Баян-Адрага, Төв аймгийн Аргалант сумдын ЕБС-ийн модон бие засах газрыг орчин үеийн стандартад нийцсэн боловсон ариун цэврийн байгууламж болгохоор “Мобиком” корпораци, "Дэлхийн зөн" ОУБ, "Рояал кинг" констракшнтай хамтран ажиллах гэж байна. Мөн Нийслэлийн 12 дугаар дунд сургуулийн зургаан жилийн турш үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан биеийн тамирын танхимыг тус сургуулийн сурагчдын эцэг эх, багш, ажилчдын хамтын хүчээр засч, хэвийн ажиллагаанд оруулахаар болжээ. Түүнчлэн “MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аяны багийнхны гаргасан "Улс орноороо нэгдэн ядаж нэг хүүхдийн цэцэрлэг барьж байгуулъя" гэсэн уриалгыг дэмжин, МҮОНРТ-ийн нийт уран бүтээлчид, албан хаагчид сайн дураараа нэгдэж, нэг өдрийн цалингаа хандивласан юм.

Та бүхэн энэхүү аянд нэгдэхийг хүсвэл "MNB Сэтгэлийн үндэс" хэмээх фэйсбүүк хуудсанд хандах боломжтой.