Арилжааны банкууд өнөөдрөөс эхлэн найм болон таван хувийн хүүтэй ипотекийн зээлийн материал хүлээн авч эхлэхийг Монголын банкны холбооноос мэдээллээ. Ипотекийн зээлд шинээр хамрагдах хүсэлтэй иргэдийн худалдан авах орон сууц хаана байршиж байгаагаас хамаарч зээлийн хүүг тогтоохоор болсон байна. Тодруулбал, Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс болон Багануур, Багахангай, Налайх дүүрэгт баригдсан орон сууц, мөн 21 аймгийн нутаг дэвсгэрт баригдсан орон сууцыг таван хувийн хүүтэй ипотекийн зээлээр авах боломжтой.

 

Энэ сарын эхэнд батлагдсан журмын дагуу 18.4 мянган иргэн найман хувийн зээлээ таван хувь руу шилжүүлэх эрхтэй болсон. Эдгээр иргэний хувьд харилцаж буй банкиндаа очиж, зээлийн гэрээгээ өөрчилснөөр сард төлөх эргэн төлөлтөөсөө дунджаар 150 мянган төгрөг багасгах боломжтой болж байна.

 

Ипотекийн таван хувийн зээлийн нөхцөл найман хувийн зээлтэй ижил байх бөгөөд энэ нь зээлийн хүртээмж нэмэгдүүлэх эерэг мэдээ бий. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар өрхийн сарын орлого нь1.3 сая төгрөгөөс дээш байх үед зээлд хамрагдах босго давдаг байсан бол зээлийн хүү таван хувь, урьдчилгаа төлбөр 30 хувь, төлөлт 20 жил гэж тооцвол өрхийн орлого 500-800 мянган төгрөг байхад зээлийн босго давах боломжтой болох юм байна. Банкууд өнөөдрөөс иргэдийн зээлийн материалыг хүлээн авч эхэлжээ.

 

Б.Төгөл