МУ-ын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй "Сайн малчин" хөтөлбөрийн хүрээнд малчны зээлийн хүүг жилийн 10 хувь болгон бууруулж байгаа талаар ХХАА-н Сайд Р.Бурмаа, Төрийн банкны удирдлагууд мэдээлэл хийлээ.
Мал аж ахуйн үйлдвэрлэл, борлуулалтыг дээшлүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн экспортыг дэмжих, малчдын ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор малчдын зээлийн хүүгийн ачааллыг бууруулах ажлыг эхлүүлсэн.
ХХАА-н Сайд Р.Бурмаа "Малынхаа үүлдэр угсааг сайжруулж, бэлчээр орчноо зохистой сайхан ашиглаж, туслах малчин авч дадлагажуулж байгаа үлгэр жишээ малчдаа дэмжих зорилгоор Засгийн газраас "Сайн малчин" хөтөлбөрийг баталсан юм. Үүнийгээ дэмжихийн тулд "МАА-н үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөр"-ийг бас баталсан. Уг дэд хөтөлбөрийн хүрээнд зээлийн хүүг бууруулах, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг хөнгөлөлтэй үнээр олгох гэх мэт ажлуудыг хэрэгжүүлж байна. Малчны зээлийн хүү жилийн 29.5 хувь, сарын 2.5 хувь байсныг Төрийн банктай хамтран Цагаан сарын өмнө жилийн 18 хувь, сарын 1.5 хувь болгож бууруулсан. Тэгвэл өнөөдөр
Малчны зээлийн хүүг жилийн 10 хувь, сарын 0.8 хувь болгон бууруулж байгаагаа албан ёсоор зарлаж байна. Малчид маань үйлдвэрлэлээ өргөтгөх зорилгоор бага хүүтэй зээл авах боломж нээгдэж байна. Өнөөдрөөс Төрийн банк жилийн 10 хувийн хүүтэй малчны зээлийг олгох бөгөөд бусад арилжааны банкууд ч гэсэн ийм нөхцөлөөр малчны зээл олгох нь нээлттэй" гэдгийг онцоллоо.
Малчид "Малчин данс"-тай бөгөөд дансаа ашигладаг байх, Эрүүл мэнд, Нийгмийн даатгал сайн дураараа төлдөг, Малаа тарилга, туулга, вакцинжуулалтад бүрэн хамруулсан бол 10 хувийн зээлд хамрагдах бүрэн боломжтой юм.

Т.Буянаа