Иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан ипотекийн зээлийн хүү таван хувь болж банкууд хүсэлтээ аваад эхэллээ. Одоогийн байдлаар Голомт, Худалдаа Хөгжлийн Банк, Хас Банк, Төрийн банк тус зээлийг авах хүсэлтэй иргэдийн материалыг хүлээн авч байгаа юм. Харин бусад банкууд материал хүлээн ав гэсэн шийдвэр ирээгүй байгаа учир хэзээнээс хүсэлт хүлээн авах нь тодорхойгүй байна гэлээ.

Монгол банкнаас гаргасан судалгаагаар 18 гаруй мянган өрхийн ипотекийн зээлийн хүү гэрээ хийсэн өдрөөсөө эхлэн таван хувь болох юм. Түүнчлэн шинэ байр болгоныг ТАВАН хувийн хүүтэй зээлээр олгох гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй.

Засгаас баталсан Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журамд зааснаар Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг эхний ээлжид бууруулахаар тусгасан юм.

Нийслэлээс хэрэгжүүлж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж, ашиглалтад орсон 2000 гаруй өрхийн орон сууцад байр зээлээр авбал хүү нь таван хувь байх юм байна. Дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан 2000 гаруй өрхийн орон сууцад газраа чөлөөлж, барилга бариулсан 500 орчим өрх орсон байгаа юм. Үлдсэн 1500 гаруй айлын байрыг барилгын компаниуд борлуулж, барилга барихад зарцуулсан хөрөнгөө эргүүлж олно. Тэгвэл орон нутгийн тухайд төрөөс барьж буй 1000 айлын орон сууцад байр зээлээр авах иргэний зээлийн хүүг таван хувь хүртэл буулгасан аж.

Дахин төлөвлөлтийн хүрээнд 2014 онд Ханын материалын орчим СХД-т 168 айлын орон сууц, СБД-ийн долоодугаар хороолол 100 айл орчимд “Бэрэн” группийн барьж буй барилгын А, Б блок, 2015 онд Батлан хамгаалах их сургуулийн орчим, БЗД-ийн 8,16 дугаар хороонд “Баганат өргөө” компани, “Гангар инвест” компани тус бүр 168 айлын оройн сууцыг, 2016 онд БЗД-ийн 14 хороололд “Зургаан талт компани”150 айлын орон сууц зэргийг ашиглалтад оруулаад байгаа юм. Удахгүй 100 айл орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсэд “Бэрэн групп”-ийн барьж буй 800 айлын, БЗД-ийн 8, 16 дугаар хороод баригдаж буй “Гангар инвест”-ийн орон сууцууд шинээр ашиглалтад орох юм байна.

 

 

 

Таван хувийн зээлд хамрагдахыг хүсэгчдийн хувьд:

УБ хотын шинэ суурьшлын бүс

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс

Нийслэлийн алслагдсан 3 дүүрэг (Багануур, Налайх, Багахангай)

Хөдөө орон нутгийн 21 аймгийн нутаг дэвсгэрт баригдсан орон сууцнаас сонгож, ТАВАН ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ.

Нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт:

Багануур, Багахангай, Налайх

Харин Шинэ суурьшлын бүсд хамрагдах орон сууцны байршлыг Дүнжингарав төвийн Төрийн нэгдсэн үйлчилгээний төвөөс авах юм байна.