ГССҮТ-ийн хүүхдийн тасгийн хэвтэн эмчлүүлэх нэг өрөө болон асаргааны өрөөг иж бүрэн тохижуулж өнөөдөр хүлээлгэн өглөө.

Энэхүү хоёр өрөөг тохижуулах ажлыг “Тэнгэрийн модун” ТТБ, “Хас медиа” энтертайнмент хамт олон хийсэн юм. Тус хамт олон өнгөрөгч наймдугаар сард албан ёсны эрхтэйгээр “Рэкетир 2” киног Монгол гаргасан билээ. Тэгвэл "Рэкетир" УСК-ны нийт орлогын тодорхой хувийг ГССҮТ-ийн Хүүхдийн тасгийн хэвтэн эмчлүүлэх өрөө болон асаргааны өрөөг тохижуулахад зориулжээ.

Хүүхдийн өрөөг тохижуулснаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн сэтгэл санааг дэмжин өвчнөө мартах, сатаарах зэргээр хүүхдийн сэтгэл зүйл эерэгээр нөлөөлдөг ажээ.

Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасгийн дөрвөн ортой хамгийн том өрөөг иж бүрэн тохижуулсан бөгөөд цонх, хаалга зэргийг эмнэлгийн стандартад нийлүүлэн сольсон бөгөөд өрөөний хоёр хананыг Монгол ардын үлгэрийн баатруудыг зурсан нь хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн сэтгэл санааг дэмжихэд ихээхэн хувь нэмэр болох юм.

Хүүхдийн өрөөг тохижуулснаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн сэтгэл санааг дэмжин өвчнөө мартах, сатаарах зэргээр хүүхдийн сэтгэл зүйл эерэгээр нөлөөлдөг ажээ.

ГССҮТ-ийн Эмчилгээ чанар, дотоод хяналтын албаны дарга Ч.Нямхүү “Монгол Улсын хэмжээнд гэмтлийн ганц эмнэлэг байдаг. Манай эмнэлэг 412 ортой үүнээс хүүхдийн гэмтлийн хоёр тасаг байдаг нийлээд 70 ортой бөгөөд манай хамт олон эмчилгээ сувилгааг цаг алдалгүй хийдэг. Гэвч манай улсын эдийн засагтай холбоотойгоор энэ барилга байшин өрөө тасалгааг яг энэ хэмжээнд засах төсөв мөнгө нь хомс учраас урсгал засвар хийсэн болдог. Өнөөдөр хүүхдүүд эмчлүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж өгсөн хамт олонд баярлалаа. Мөнгө төгрөгтэй бол бүх өрөөгөө ингэж засах шаардлагатай байгаа байна” гэсэн юм.

Дээрх хоёр өрөөг тохижуулсан хамт олон хүүхдүүдийг тохь тухтай өрөөнд амрах орчныг бүрдүүлж өгсөн байсан юм. Тус өрөөнд хөргөгч байрлуулж, номын тавиур байрлуулжээ. Иргэдийн хувьд хүүхдийн ном зохиол хандивлаж болно гэдгийг “Тэнгэрийн модун” ТББ-ын тэргүүн Г.Батхүү залуус даа уриалсан юм.

Түүнтэй ямар учраас энэхүү ажлыг санаачлах болсон талаар тодрууллаа.

-“Тэнгэрийн модун” ТББ, “Хас медиа” энтертайнмент багийн хамт олон өнгөрөгч зуны наймдугаар сард “Рэкетир 2” киног Монголд албан ёсны эрхтэйгээр үзэгч олондоо хүргэж, тоглосон жүжигч нарыг Монголдоо урьж авчран хамтарч кино бүтээхээр хамтын ажилгааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэхүү киноныхоо тодорхой хэмжээний ашгаар бид нар нэг хэвтэн эмчлүүлдэг өрөө, асаргааны өрөөтэй хамт иж бүрэн тохижууллаа. Монголын ирээдүй болсон алаг бяцхан үрс маань эрүүл энх аюулгүй орчинд өсөж торниосой гэсэн үүднээс энэхүү сайн үйлсийг хэрэгжүүлж хийж байгаа юм. Уг явдлаараа Монголын нийт залуучууддаа дусал дуслаар далайд нэмэр гэхчээр сайн үйлсийг хийж бүтээхийг уриалж байгаа юм.

Иргэдийн хувьд хүүхдийн ном зохиол хандивлаж болно гэдгийг “Тэнгэрийн модун” ТББ-ын тэргүүн Г.Батхүү залуусдаа уриалсан юм.

-Өмнө энэ төрлийн ажил зохион байгуулж байсан уу?

-Бид нарын хувьд өмнө сайн үйлсийн аян хийж байсан. Эмнэлэг ялангуяа хүүхдүүдэд чиглэсэн сайн үйлсийн аянг анх удаа зохион байгууллаа. Залуус бид нар боломж боломжоороо сайн үйлсийн аян түлхүү хийе гэдгийг уриалж байгаа.

-Анх нөхцөл байдалтай танилцсан байх. Ер нь яагаад энэ хоёр өрөөг тохижуулахаар болсон юм бэ?

-Тасгийн эрхлэгчтэй уулзаад хамгийн оновчтой байгаа газар нь бид бүхэн энэхүү тусламжийг хүргэе гэж бодсон. Яагаад гэвэл 0-16 насны хүүхдүүд эмчилгээ хийлгэхдээ айдастай байдаг тул тэдний амрах, хэвтэн эмчлүүлэх тасгийг тэдний сонирхолд нийцүүлэн зассан юм.

Хүүхдүүдийг бэртэж, гэмтэж ирэхдээ ямар нэгэн байдлаар тоос шороотой хутгалдсан байдаг. Иймд хагалгаа хийлгэх, эмчилгээ хийхэд асаргааны өрөөнд угааж цэвэрлэдэг байна. Гэвч дээрх өрөөний хувьд таазнаас ус гоожиж, ванн угаалтуур нь шарласан гээд том хүн байтугай хүүхэд орж цэвэрлэгээ хийлгэх нөхцөлгүй байсан юм. Иймд уг өрөөний хана, таац, шал гээд бүх зүйлийг нь шинэчлэн засварлажээ.

ГССҮТ-ийн Хүүхдийн тасгийн эрхлэгч М.Болдбаатар “Манай эмнэлгийн хувьд 1991 онд ашиглалтанд орсноос хойш жижиг засвар хийсэн боловч яг энэ хоёр өрөө шиг иж бүрэн засвар хийгээгүй. Гадаадын оронд хүүхдийн эмчилгээ, өрөө нь хүүхдэд ойртсон эмч нарын өмсөж байгаа хувцас ч гэсэн хүүхдийн анхаарал татахуйц үлгэрийн баатартай байдаг. Өнөөдөр нэг өрөө маань ийм болж байна. Цаашид энэ мэтчилэн 15 өрөөг тохижуулах шаардлагатай байгаа. Хагалгааны дараа болон эмчилгээний дараа хүүхэд ихээхэн айдастай болдог. Эмчилгээ хийлгэсний дараа өрөөндөө ороход хүүхэд эмчээс, эм тариа эмнэлэг гэсэн айдасаас түр ч болов холдуулж, тайвшруулсан сайхан орчин бүрдүүлсэн өрөөг тохижуулсан хамт олонд талархал илэрхийлж байна. Өнөөдрийн байдлаар нийт хоёр тасагт маань 68 хүүхэд хэьтэн эмчлүүлж байна. Энэ өрөөнд маань дөрвөн хүүхэд орж ирж хэвтэн эмчлүүлнэ” гэлээ.

Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудыг тав тухтай орчинд хэвтэн эмчлүүлэх боломжийг хангасан “Тэнгэрийн модун” ТТБ, “Хас медиа” энтертайнментийн нийт залуустаа талархсанаа илэрхийлж байна. Тэдний энэхүү сайн үйлсийн аян цаашид үргэлжлэх болтугай хэмээн ерөөе.

Т.Буянаа