Сайд нарын тогтоолоор нийслэлд 1954 онд 20 гаруй автомашинтайгаар анхны такси үйлчилгээнд нэвтэрсэн гэдэг. Өдгөө 800 орчим такси албан ёсоор, албан бусаар 10 мянга гаруй такси иргэдэд үйлчилгээ үзүүлдэг болжээ.

Энэ талаар ШӨХТГ-аас мэдээлэл хийж, такси үйлчилгээний хөлсийг нэмэгдүүлж байгаа талаар албан ёсоор мэдэгдлээ. Энэ талаар ШӨХТГ-ын дарга О.Магнайгаас тодрууллаа. Тэгвэл энэхүү такси үйлчилгээний үнэ яагаад нэмэгдэх болсон талаар Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн Х. Болдбаатараас зарим асуултанд хариулт авсан юм.

 

О.Магнай: Надад таксины үнийг тогтоох эрх байхгүй

 

-Таксины үнийг км тутамд 1000-1500 төгрөг болгосон тухай шүүмжлэлүүд маш их гарч байна.

-Яг өнөөдрийн байдлаар гарсан шийдвэр байхгүй. Түүнчлэн үүнд тодорхой тайлбар өгөхгүй бол зарим хүмүүс буруу ойлголттой байна. Хүмүүс намайг таксины үнэ тогтоодог  гэсэн ойлголттой байх шиг байна. Надад тийм эрх байхгүй. Хуулийнхаа дагуу таксины үнийг нийслэлийн Нийтийн тээврийн газар тогтоодог. Такси эрхлэгч компаниуд нийслэлийн Нийтийн тээврийн газар үнээ нэмэх хүсэлтээ ирүүлсэн юм билээ. Тус газраас энэ асуудлыг тооцож үзээд хүсэлт нь үндэслэлтэй юм байна гэж үзсэн байгаа юм.  Түүнийхээ дагуу надад мэдэгдсэн. Би энэ асуудалд үнэхээр үнээ нэмэх гэж байгаа бол одооноос баталсан стандартын дагуу таксигаа явуул гэсэн шаардлага тавьсан. Тоолууртай болго, дотоод орчныг нь цэвэрхэн болго, гаднаас нь харахад хаана ч байсан такси гэж мэдэгдэхээр болго, ийм шаардлагуудыг тавьсан.

 

-Таксины үнийг зайлшгүй нэмэх шаардлага тулгарсан юм уу. Үнийн асуудлаар хийсэн судалгаа юм байна уу?

-Оргил үедээ манай улс 3000 гаруй такситай байсан. Одоо бол бүртгэлтэй 800, хувиараа такси эрхлэгч 500 орчим. Сая хүнтэй хотод шүү дээ. Тэгэхээр энэ зах зээлийн таксины үнийг дэндүү их хүчээр барьж, тухайн зах зээлийг нь хамгаалахгүй, хүн бүр таксинд явж байгаагаас үүдээд татвар төлж, яг албан ёсны зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхэлдэг компаниуд хумигдаад байгаа гэсэн үг. Хоёр, гурван жилийн дараа ямар ч таксигүй болчихвол амар юм болов уу. Москвад бол ямар ч машин таксинд явдаг. Гэхдээ үнээ тохирдог. Тэр хүртэл хэдэн төгрөгийн өртөгөөр  зорчихоо тохирдог гэсэн үг. Ялангуяа гадаадын хүмүүс ирэхэд ийм тохиолдол их гарна. Би Монгол Улсыг  иймэрхүү жишигтэй болоосой гэж бодохгүй байна. Улаанбаатарыг Лондон, Нью Иорк шиг такси нь хүртэл тухайн хотын нэг өнгө үзэмж, имиж болсон тийм л такситай болохыг хүсдэг. Мэдээж өнгө үзэмжтэй үйлчилгээ сайтай такситай болохын тулд үнэ нэмэх зайлшгүй шаардлагатай байна гэсэн хүсэлт ирсэн юм.

 

-Таксины үнэ  нэмэгдлээ гэж бодьё. Яг үнэ төлсөн шиг  сайн үйчилгээ авч чадах уу.Такси үйлчилгээг тойрсон элдэв гомдол санал иргэдийн дунд их бий шүү дээ?

-Энэ бол үнэн. Миний зүгээс яг энэ асуудлыг 30 хоногийн дотор шийд. Дараа нь үнийн асуудлыг яръя л гэсэн юм. Яг болсон процесс энэ.  

 

-Хувиараа такси эрхлэгчдийг такси үйлчилгээ эрхлэгч компанид бүртгүүлээгүй бол үйлчилгээнд явуулахгүй гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Бүх автомашин таксинд явж болохгүй. Хэн ч хамаагүй жижиг автомашинтай иргэд таксинд явснаас үүдэн гэмт хэрэг их гарч байгаа. Хариуцлагын асуудал цаана нь  давхар гарч ирж байна шүү дээ. Ер нь дуртай нь өөрийн машинаар такси үйлчилгээ эрхэлдэг улс дэлхийд их цөөн шүү дээ. Тэгэхээр манай улс тэр цөөн улсуудын нэг баймааргүй байгаа юм. Тэгэхээр тухайн автомашин нь яг өөрийнх нь амжиргааны эх үүсвэр болчихсон хүн бол машинаа такси компанид бүртгүүлээд явахад эрх нь  нээлттэй.

 

Тэрээр ийн ярьсан юм.

 

Энэ талаар Таксины холбооны тэргүүн Х.Болдбаатар ярихдаа:

 

-Такси нэг сарын дараагаас нэг км тутамд 1000 төгрөг болно. Энэ асуудал багагүй шүүмжлэл дагуулж байна. Энэ хэр бодит үнэ вэ?

-Улаанбаатар хот такситай байх уу үгүй юу гэдэг асуудлыг өнгөрсөн гурван сараас эхлээд ярьж эхэлсэн. Учир нь цаашдаа энэ салбар явж чадахаа больж байна. Өнөөдөр 700-800 таксины асуудлыг ярьж байна. Тэгвэл маргааш 70 автомашины асуудлыг ярих дээрээ тулбал яах вэ. Төрийн оролцсон салбар болгон унадаг гэж нийтэлч Баабар хэлсэн. Таксины үнэд төр оролцдог байгаад гурван жилийн өмнөөс больж, зөвшилцдөг болсон. Такси компанийн ар талд инженер техникч, парк, граж, засвар үйлчилгээ, улсад төлөх татвар, жолоочийн нийгмийн, эрүүл мэндийн татвар  гээд тооцож үзэх олон зүйл бий. Ингэхээр нэг автомашин үйлчилгээний урсгал зардал 860 төгрөгийн зарлагатай байдаг. Тэгвэл таксины үйлчилгээний үнийг 1 км–ыг 1000 төгрөгөөр явуулж байгаагийн цаана 140 төгрөгийн ашигтай ажиллаж байна.

 

-Такси ашиггүй бол яагаад такси компаниуд үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна вэ?

-Таксины үйлчилгээнд  олон жил явсан, бие сэтгэлээ зориулаад энэ салбарт ажилладаг нэг хэсэг нь бий. Нөгөө талаар хилийн чанадаас хүмүүс өөрсдийн мөнгөө автомашин болгож оруулж ирдэг. Иргэдэд таксигаар үйлчилгээ үзүүлдэгт хүмүүс талархдаг.

 

-Нийслэлд 800 автомашин үйлчилгээ үзүүлдэг гэлээ. Ер нь сая гаруй хүн амтай хотод хэдэн такси үйлчилгээнд явбал хүрэлцээтэй байдаг вэ?

-Өнөөдөр нийслэл 360 мянган автомашин явж байна. Хүн амаар тооцох юм бол 1000 хүнд 50-60 такси байх ёстой. Гэтэл нийслэл такси байна уу, байхгүй . Байх ёстой юу ёстой. Үнэ нэмснээр хариуцлага нэмэгдэнэ.Иргэдийн тав тухтай, цэвэрхэн, аюулгүй таксигаар үйлчилгээ үзүүлэх шаардлагыг өндөржүүлж байгаа. 

 

-Нэг сарын дараа таксины үнэ км тутамдаа 1000 төгрөг болно. Үйлчилгээ нь ч дагаад чанаржина гэж ярьж байгаа. Такси компаниудын бэлтгэл ажил хэр байгаа вэ?

-Бид бэлтгэл ажилаа 70-80 хувьтай хийчихээд байна. Энэ үнэ дээр тогтох юм бол бид кассаа тавиад тасалбараа өгдөг болно. Нөгөө талаар барилгын компани дээр нэг хүний дээр тосго оочоод нас барчихвал бөөн асуудал үүсдэг. Гэтэл нийтийн тээврийн салбарт хууль бус таксигаар үйлчлүүлж байсан хүн нас барахад төр засаг яагаад дуугарахгүй байгаа юм. Өнгөрсөн жил гэхэд 4-5 хүн ийм байдлаар амь насаа алдсан байна. Тэгэхлээр бид бүртгэлтэй хариуцлагатай, чанартай такси үйлчилгээг иргэдэд үзүүлье гэж зорьж байгаа.

 

-Хууль бус такси үйлчилгээ нийслэлд хэр байдаг бол. Та бүхэн судалж үзсэн үү?

-Нийслэлд 10-аад мянган такси халтуур хийж байна. Нэг машин өдөр 35000 төгрөгийн орлого хийдэг гэж бодохоор 175 сая төгрөгөөр улаанбаатарчууд таксидаж байна. Тэгвэл бүртгэлжүүлчихвэл энэ мөнгөнөөс татвар орж ирнэ гэсэн үг.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу