-Нарантуул захад гал...-

Арван таван мянган лангуу түрээслэгчдийг тэжээдэг Нарантуул захад өнгөрсөн наймдугаар сар 23-ны  06.10 цагийн орчимд гал гарлаа гэсэн мэдээллийн дагуу онцгой байдлын албаныхан, Гал командынхан хүч нэмэгдүүлэн ажилласан ч хүнсний зах нь тэр чигээрээ шатсан юм. Дотор нь цайны газрууд байдаг тул хийн баллонууд нь дэлбэрч галыг унтраахад хүндрэл учруулсан гэж тухайн үед галыг унтараахаар ажиллаж байсан холбогдох мэргэжилтнүүд хэлсэн.

Зөвхөн хүнсний захад гэхэд 100 гаруй худалдаачин лангуу түрээсэлдэг байжээ. Галын шалтгааныг албаны хүмүүс тогтоогоогүй байгаа ч захын худалдаачид гадны нөлөөтэй хэмээн хардаж байна. Гал гарахаас өмнө "Нарантуул" захыг хоёр хоног хааж, зам тавих гэснээс үүдэн маргаан гараад байсан үе. Худалдаачид хичээлийн шинэ жил эхэлж, наймааны сезоны үе ирж байхад захыг хаах гэлээ хэмээн эсэргүүцэн "Нарантуул" зах дотор ээлжээрээ гурав, дөрөв хоносон байдаг юм. Нарантуул зах дотор нийтийн тээвэр явах боломжтой зам тавих гэж байгаа нь сайн ч төв замаасаа Нарантуул зах хүртэлх замаа засаагүй байж шууд захыг хаах гэж байгаа нь хэн нэгний явуулга гэж түрээслэгчид дүгнэсэн. Тодруулбал энэ захаас бараагаа авч сурсан иргэд шинээр ашиглалтанд орсон "Дүнжингарав" худалдааны зах руу орж үйлчлүүлэхгүй байгаагаас болж  "Нарантуул"-ын наймааг түр хугацаагаар зогсоож, "Дүнжингарав"-ын орлогыг нэмэгдүүлэх гэсэн санаа хэмээн хардаж  байсан мэдээллийг нарантуулын түрээслэгчид мэдэгдсэн байдаг.

-Хэн юу өгүүлэв-

Нарантуул захад гал гараад удаагүй байхад  Ш.Сайхансамбуугийн хувьд түрээслэгчдийнхээ хохирлыг гурван сарын хугацаанд барагдуулж дуусах болно гэх яриа хэвлэл мэдээллээр гарах болсон. Гэтэл энэ асуудал өдийг хүртэл шийдэгдээгүй л байсаар...

Мөн Нарантуул захын наймаачид захыг хаалгахгүй гэж үймэж байсан.  Наймаа эрхэлдэг З.Ариунболд энэ асуудалд  "Хэрэв зөвхөн зам тавихын тулд захыг хаах байсан юм бол наадмын өдрүүдэд амарч байхад хаахгүй яасан юм бэ? Яг сезоны үеэр чухал шаардлагагүйгээр захыг хаах гэж оролдож байгаа нь буруу. Хэрэв ХСҮТ-өөс засмал замаа татаад ирвэл бид үг дуугүй зам тавих газрыг чөлөөлж өгнө. Гэтэл зах руу ирэх зам нь байхгүй хэрнээ "Нарантуул"-ыг хаана, зогсооно гэж байгаа нь цаанаа учиртай" хэмээн бухимдаж буйгаа илэрхийлж хэлсэн юм.
Мөн наймаачид  галыг  "Нарантуул"-ын үйл ажиллагааг зогсоох гэсэн хэн нэгний явуулга хэмээн өдийг хүртэл наймаачид хардсаар л.. .

Галын шалтгааныг гадны нөлөөтэй, хохирлын хэмжээ хэдэн тэрбумаар тоологдоно хэмээн шуугиж байсан билээ. Түүнчлэн энэ хэрэгт холбоотойгоор дөрвөн хүнийг саатуулан хорьж, шалгаж эхэлсэн.
Тэгвэл галын улмаас нийт 12 тэрбум 300 гаруй сая төгрөгийн хохирол учирсан байна.
Мөн таван тэрбум 430 сая төгрөгийн барааг галын аюулаас аварсан гэсэн дүгнэлт гарчээ.

-Шатсан захын түрээслэгчид хэвлэлийнхэнд хандав-

Нарантуул худалдааны төвд гал гарснаас хойш 57 хоног өнгөрсөн ч түрээслэгчдийн зүгээс ямар нэгэн гомдол чирэгдэл гаргалгүй, яаралтай ажлын байртай болгох хүсэлтийг тавьсаар өдийг хүрснээ тэд хэлсэн. Гэвч тэдний талаар ташаа мэдээлэл гарч байгаад залруулга хийх үүднээс хохирсон түрээслэгч нар сэтгүүлчид өчигдөр хандлаа.

Түрээслэгчдийн  төлөөлөл болон ирсэн үндсэн төлөөлөгч Д.Цамбажав "Өнгөрсөн хугацаанд бид төлбөр ийм тийм юм гэж нэхсэнгүй. Хурдан түргэн хугацаанд ажлын байрыг гаргаж өгөөч хэмээн өргөдөл өгсөн, хэд хэдэн удаа уулзсан. Шатсан байр сар гаруй цагдаагийн хамгаалалтанд байсан. Одоо хог, шороог нь цэвэрлээд явж байна. Ажлын байраар хохирсон 800-аад хүн байх шиг байна. Ерөнхийдөө нэг павьлион шатсан асуудал биш. Хоромхон зуур шатсан, хачирхалтай л гал даа" гэв.

Мөн түрээслэгч С.Эрдэнэцэцэг "Манай захын тухайд гэрээр бол “хар овоохой” шиг л юм яригдаад байна. Захын хувьд бүх стандарт шаардлагад нийцсэн байсан. Онцгой байдлын газар ч, мэргэжлийн улсууд ирж шалгалт хийж, сургалт хүртэл явуулдаг байсан. Тэр тал дээр бол асуудалгүй" гэсэн юм.
 

-Галын хохирлын хэмжээ-

Хохирлынхоо хувьд өндөр хэлж байна гэсэн мэдээллийн талаар “энэ олон хүн дунд тийм хүн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ цагдаагийн байгууллага тогтоох биз” гэсэн хариултыг хэллээ. Мөн “Нарантуул” ОУ-ын худалдааны төвд гарсан гал цахилгааны богино холбооноос үүссэн гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл энэ худал мэдээлэл болохыг тэд хэлсэн юм.

Уг хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаад шалгалтын ажил одоо ч үргэлжилж байгаа. Нийт 60 орчим шинжээч ажиллаж байгаа. Мөн түрээслэгчдийг хохирогчоор тогтоох, шатсан эд зүйлийнх нь үнэ, хэмжээг тогтоох ажиллагаа дуусах шатандаа орсон. Одоогоор эхний дүгнэлтүүд гарч байгаа ч галын шалтгаан тодорхойгүй байна.
Мөн энэ хэрэгт нийт 11 хүнийг шалгаж байгаа бөгөөд үүнээс дөрвийг нь цагдан хорьсон ч одоо батлан даалтад гадуур байцаалт өгч байна.

 “Нарантуул” захын галын дүгнэлт гарч, түрээслэгчдийн хохирлын хэмжээ тогтоогджээ. Дүгнэлтээр нийт 411 түрээслэгч 12 тэрбум 300 сая төгрөгийн хохирол учирсан болох нь батлагдсан байна. Энэ дагуу Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад, ”Нарантуул”-ын хэргийн дүгнэлт хараахан гараагүй байна. Шинжээчдийн баг ажиллаж байна гэв.

-Нарантуул олон улсын худалдааны төвийн эзэн 500 сая долларын хөрөнгөтэй -

Дээрх хэргийн хохирогчид ажлын байраар болон хохирлын мөнгөө гаргуулж аваагүй байхад бас нэгэн дуулиан дэгдлээ. Саяхан олон улсын санхүүгийн зөвлөх үйлчилгээ эрхэлдэг “WealthХ” компаниас “World Ultra Wealth Report” буюу дэлхийн хэт их хөрөнгөтэй иргэдийн тоог улс орноор нь жагсааж манай улсын  35 иргэн багтсан байсан. Тэгвэл энэхүү 35 эрхмийн 17-д жагссан  ноёнион бол  Ш.Сайхансамбуу 500 сая долларын хөрөнгөтэйгөөр бүртгэгдсэн хэмээн зарлажээ.

Ямартаа ч монголын толгой баячуудын нэг болох эрхэм УИХ-ын гишүүн ноёнтон хөөрхий муу ард иргэдийнхээ нүдийг бүлтийтэл, нулимсын ширгэтэл хүлээлгэхгүй байлгүй дээ гэж найдахаас өөр замгүй.

Харин эрхэм Ш.Сайхансамбуу хохирлыг барагдуулах нартай өдөр нэг их удахгүй л байгаасай билээ. Учир нь одоо хүйтний ам хаяанд ирсэн үед орон байраа банкны зээлд алдчих вий гэсэн айдастай байгаа гэсэн. Тэдгээр хохирогчдын ард талд нялх хүүхдээс авахуулаад настан буурай хүртэл бий.

Түрээслэгчид нь харин үнэн зөвөөр хохирлын хөрөнгөө мэдүүлж, зовсон нэгэндээ задарсан худалч нэг нь битгий гай болоосой билээ.

Урьдын Бөмбөгөр ба Алтан хатагтайн холбоо үлгэр шиг сунжирсан түүх болж галд  хохиросон түрээслэгчид хохирохгүй байх баталгаа байна уу. Хүн нь гайгүй юм даа гэдэг шиг Ш.Сайхансамбуу эр хүн, бидний хохирлыг шууд л бэлэн төлчих байх байх гэсэн түрээслэгчдийн найдлага биелээсэй дээ.

Дээрх зүйлд хэн нэгнийг буруутгахыг хүссэнгүй. Хэргийн бодит үнэнийг л хүргэхийг хичээсэн юм.

Х.Даваа