Нийслэлийн Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд барьж байсан барилгын хашаанд аравдугаар сарын 4-нд хоёр хүн осолдож, нэг нь амиа алдсан аймшигтай осол гарсан.

Тухайн үед хэвлэлүүдээр энэ ослын тухай цухас мэдээ гарсан ч илбэ шидийн гэмээр “журам”-аар энэ мэдээлэл алга болж байв. Гэвч цагдаагийн албан мэдээллээс эх сурвалжтэй гэх мэдээлэлд “Баянцээл” компанийн барилга, “Цаст констракшн” гэсэн хоёр өөр зөрүүтэй мэдээлэл гарч байсан . Мэдээж хэрэг, хэрвээ компанийн нэрийг ташаарсан бол тухайн компанийн нэр хүндэд халдсан хэрэг болно.  Гэтэл  ч энэхүү мэдээлэл гарсны дараахан “Цаст констракшн” компаниас эмгэнээд ч байгаа юм шиг, тавлаад ч байгаа юм шиг сонин үгтэй, салаа үзүүртэй мэдэгдэл гаргасан байх юм. Үүнд 


“Цаст констракшн” ХХК-ийн МЭДЭГДЭЛ 
Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт орших Номинхапермаркетын барилгыг буулгахаар ажиллаж байсан компанийн туслах ажилтан осолд орж, алтан амиа алдсан явдалд “Цаст Констракшн” ХХК-ийн нийт хамт олны зүгээс гүнээ эмгэнэж буйгаа илэрхийлж байна.Тухайн газар дээрх хуучин барилгыг буулгасны дараа манай компани орон сууцны барилга барихаар төлөвлөж байсныг үгүйсгэхгүй. Гэвч 2013 оны аравдугаар сарын 04-ний өдөр мэдээ мэдээллийн зарим сайтаар “Цаст Констракшн ХХК-ийн ажилтан амиа алдлаа” гэх зэрэг үнэн бодит байдалд нийцэхгүй, ташаа мэдээллийг олон нийтэд түгээсэн байна. Иймд “Цаст Констаркшн” ХХК-ийн хэвлэл мэдээллийн албанаас манай ямар ч ажилтан осолд өртөж, амь насаа алдаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. 
Мөн дээрх мэдээллийн талаар мэдээлэл гаргагчаас тодруулахад (102-оос) буюу цагдаагийн байгууллагаас авсан гэсэн тул бид үүнийг шалгаж өгөхийг хүсч цагдааныг байгууллагад хандсан. Цагдаагын байгууллагын зүгээс ийм мэдээлэл өгөөгүй, үүний мөрөөр шалгаж тодруулж өгнө гэж мэдэгдсэн болно” гэсэн байх юм. Хэдийгээр ийн мэдэгдэл гаргасан ч “Тухайн газар дээрх хуучин барилгыг буулгасны дараа манай компани орон сууц барихаар төлөвлөж байгааг үгүйсгэхгүй” гэж бичсэн байгаа нь гайхалтай.   
Уг нь осол гарсан гэх газар хуучнаар Номин хапермаркет байрлаж байсан. Харин энэ зун буулгаж “Энд 16 давхар барилга баригдаж байна,  гүйцэтгэгч “Цаст констракшн” гэсэн самбар хадаатай байсан гэдэг. Гэвч осол гарсны дараахан мөнөөх самбарыг яаравчлан буулгаж, хашаагаа хаалгагүй мэт цэмбийлэн, мэдээллээ нууцлах болсон гэдгийг хэвлэлүүд бас мэдээлсэн. Ийн “салаа үзүүр”-тэй, тодорхойгүй зүйл олон байгаа учир бид энэ талаар тодруулахыг хүсэв. Гэвч нөгөө мэдээлэл илбэ шидийн юм шиг аргаар алга болоод байдаг гэдэг шиг л энэ талаар мэдээлэл олоход их төвөгтэй юм. 

Бидний тус газар очиж, зарим зүйлийг тодруулах гэтэл ам ангайх хүн олдсонгүй. Хашааны сахиул нь “Би мэдэхгүй, юу ч сонсоогүй, саяхан ажилд орсон” гэсэн үг унагаад хаалгаа тасхийтэл цоожилж орхив. Хүний амь настай холбоотой асуудал болохоор хариуцагч нь хэн байж болох талаар хэчнээн асуусан ч тэр манаач ажилладаг газрын нэрийг ч мэдэхгүй, нэг ч хүн танихгүй, өөрөөс нь өөр хэн ч энд байхгүй болж таарав. Ядахдаа хариуцах компани ч олдсонгүй. Харин тус хорооны цагдаагийн хэлтсээс  асуухад мөн л мэдэн будилсаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү чиглүүлэв. Бид энэ хэргийн талаар тус цагдаагийн хэлтсээс тодруулах гэсэн боловч  бас л эзэн биегүй болж мухардав. Зөвхөн “Тухайн барилгын гүйцэтгэгч нь хэн байсан бэ” гэсэн ганцхан асуултад хариулт авах гээд бүтэлгүйтэв. 

Ингээд дахин Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Сүхбаатар дүүрэгт шалгаж байх ёстой доо” гэснээс цаашгүй. Харин Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн “Тийм хэрэг гарах нь гарсан. Мөрдөн байцаалтын явцад мэдээлэл өгөх боломжгүй” гэх. Ер нь бол цагдаагийнхны хамгийн дуртай ам тагладаг хариулт энэ мөн. Гэхдээ ямар ч гэсэн уг нь ийм компанийн хариуцсан ийм обьектод хэрэг, осол гарсан, бид шалгаж байна л гэдэг сэн. Гэтэл “Цаст констракшн” гэдэг нэрийг сонссоод л айх мэт чимээгүй болох. 

Бидний мөн олж тодруулснаар энэ газар нь “Номин зэрэглээ” гэдэг компанийн харьяаллынх бололтой юм. Гэтэл тус компанийнхан болохоор “”Номин констракшн”, мэднэ”, “Номин групп” мэднэ гэхмэтчилэнгээр тус тусдаа өөр хариулт өгөх. Нэг ийм л ээдрээтэй, ойлгомжгүй хэрэг бий болчихож. Угаасаа “Цаст констракшн”-тай холбоотой янз бүрийн таагүй зүйл зөндөө л сонсогддог. Саяхан 300 гаруй айлыг орох гарах гарцыг хааж барилга барьсан гэгдэж байсан бол өдгөө бас төсвийн хөрөнгөөр дунд сургуулийн барилга барьж өгнө гэчихээд анх төсөвлөснөөсөө хэд дахин үнээр шахсан гэсэн мэдээлэл байгаа юм. Мэдээж энэ ч бас ноцтой асуудал учраас бид энэ талаар эргэж хөндөн мэдээлэх болно. Ялангуяа өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг төсвийн хөрөнгөөр хэт их балгалзаж, нэг сургуульд л гэхэд өч төчнөөн илүү мөнгө төсвөөс гаргуулдаг компаниудтай хатуу ярина гэж байгааг ч хэлэх үү?  “Цаст констракшин”-тай холбоотой дахин нэг асуудал дэгдэж магадгүй болоод байна. Энэ бол мэдээж хэрэг жичдээ асуудал. Тэгээд ч “Цаст”-ийн цадиггүй явдлуудын талаар хэл ам, хэрүүл маргаан зөндөө л байдаг. Энэ бүхний талаар хэвлэлүүд ч нэг их бичээд байдаггүй. Бичсэн нэгэнтэй нь шүүх цагдаагаар заалдаж, эсвэл илбэ шидийн аргаараа чимээгүй болгочихдог. 

Гэвч саяхан болсон аймшигт осол, нэг хүний амины хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуулт тодорхойгүй хэвээр байна. Тэгэхээр цагдаагийн байгууллагаас албан ёсоор үүнд ил тодоор хариулт өгөх нь зүйтэй болов уу? Угаасаа ч хариулт өгөхгүй ч байхын аргагүй асуудал юм чинь. Тийм болохоор Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл, мэдээллийн алба, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс үүнд хариулт өгнө үү хэмээн хэвлэлийн хуудсаар ийн хандаж байна. Эсвэл тэд аль нэгэн компанитай хуйвалдаж, албаар мэдээллийг нуун дарагдуулж байна? Хүн амиа алдчихаад байхад ингэж, нохой ч мэт тоохгүй байж болно гэж үү? 




Ж.Гал 

   
Хоёр хүн осолдсон хэрэгт “Цаст констракшн” буруутай юу
Хоёр хүн осолдсон хэрэгт “Цаст констракшн” буруутай юу