Номхон далайн Баруун Бүс (НДББ)-ийн төвд болж байгаа Бүсийн хорооны 64 дүгээр чуулганы өчигдрийн хуралдаанаар Бүсийн захирлын сонгууль болж өнгөрлөө.

Бүсийн захирал Др. Шин Ян-су дээрх албан тушаалд хоёр дахь удаагаа нэр дэвших хүсэлтээ гаргасны дагуу ирэх 5 жилийн хугацаанд НДББ-ийн хэмжээнд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилго, зорилт бүхий хөтөлбөрөө нийт гишүүн улсуудад танилцуулав. Др. Шин хэлэхдээ ДЭМБ-ын хэмжээнд хийгдэж байгаа шинэчлэлийн бодлого, стратегийн зорилттой бүсийн үйл ажиллагааг нягт уялдуулах замаар улс орнуудын өвөрмөц хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн бодитоор төлөвлөж ажиллана гэлээ.

Др.Шин өөрийн хөтөлбөрийг танилцуулсны дараа гишүүн улсууд сонирхсон асуудлаар асуулт асуув. Энэ удаагийн сонгуульд Др. Шинээс гадна өөр нэр дэвшигч байхгүй тул түүнийг дэмжих, эс дэмжих гэсэн сонголт бүхий саналын хуудсаар сонгууль явагдаж санал хураалтад оролцсон гишүүн улсуудын 100 хувийн саналаар Др. Шин Ян-суг дахин 5 жилийн хугацаагаар сонголоо. ДЭМБ-ын дүрмийн дагуу Бүсийн хорооны чуулганаас нэр дэвшиж, ялалт байгуулсан нэр дэвшигчийг ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанд танилцуулж, дэмжсэн тохиолдолд гэрээ байгуулдаг байна.

Чуулганы хоёр дахь өдрийн хуралдаанаар бүсийн 2012-2013 оны төсвийн гүйцэтгэл болон 2014-2015 оны төсвийн төлөвлөлтийн талаар дэлгэрэнгүй хэлэлцүүлэг хийж байна.