Казахстаны соёл судлаач, нийгмийн нэрт зүтгэлтэн Мурат Мухтарович Ауэзов Хятад улсын талаар нэвтэрхий мэддэг нэгэн.Тэрбээр бага залуудаа химич болохоор мөрөөдөн, Никита Хрущевийн “Коммунизм гэдэг бол цахилгаанжуулалт дээр нэмэх нь хөдөө аж ахуйн химижуулалт” гэдэг үгийг хэлэх дуртай байсан гэдэг.

Гэвч аав нь түүнийг Хятад судлалаар хичээллэхийг зөвлөсөн. Холын хараатай, ухаалаг тэрбээр Хятад хэзээ нэгэн цагт дэлхийд тэргүүлэх гүрэн болно гэдгийг урьдчилан харж, хүүдээ “Хятад биднийг хүссэн хүсээгүй хөрш орон маань байсаар байх болно. Тэд казахуудын амьдралд маш том үүрэг гүйцэтгэнэ” хэмээн сургаж байсан гэдэг. Нэрт хятад судлаач Ауэзовтой Казахстаны сэтгүүлч В.Новиков уулзан, хоёр орны харилцаа, урьд хөршөөс гарч болох аюул заналын талаар ярилцсан байна.

- Та Хятад дахь Казахстаны элчин сайдын албыг хашиж явсан хүн. Энэ албанд мэргэжлийн дипломат биш хятад судлаач таныг тавьсаныг хятадууд яаж хүлээж авсан бол?- Би Хятадын уран зохиол, урлаг, түүхэд дуртай. Тиймээс элчин сайдаар томилогдоод их баярласан. Тэр үед ЭСЯ-ны барилга ч байхгүй, бид бүхнийг тэгээс эхэлж , хүмүүсээ сонгон, аж ахуйгаа өөрсдөө хийдэг байлаа. Гэвч Хятадын дипломатуудтай сайхан харилцаа тогтоож чадсан. Миний ажиллаж хөдөлмөрлөж байгааг тэд үнэлсэн. Тэд сайн тоглоом шоглоомонд дуртай. Тийм болохоор сэтгэл зүйн тал дээр ямар ч асуудал гараагүй. Тэр үед л Хятад манай оронд их анхаарал тавьдаг, сонирхдог байсан.

- Хятад ёс заншил гэж хүн ойлгохын аргагүй зальтай юм байдаг гэж сонссон.-

Янз бүрийн арга хэмжээ болж байсан боловч харин хуурамч инээд, долигнох зэрэг явдал ер байгаагүй. Хятадууд юуны өмнө улсынхаа эрх ашгийг дээгүүр тавьдаг ч хувийн харилцаанд маань асуудал гарч байгаагүй. Харин одоо хятадууд өөрчлөгдөж эхэлж байна. Тэд их зантай болж, манайхантай их дээрээс харж ярьдаг болсон байна. Урьд нь тэдний нэг жижиг түшмэл таны гараас татаад хажуу тийш нь дуудна гэдэг ер байгаагүй бол одоо жирийн нэг явдал болон хувирсан байна. Гарнаас тань татахдаа бүгдийн нүдэн дээр, ажилтангаа дуудаж байгаа мэт л ил тод хийдэг болж. Та нар харцгаа, одоо бид өөр болсон шүү. Бээжингийн олимпод түрүүлсэн, цаашдаа эдийн засгаар ч гэсэн маягтай. Хүмүүжлийн системийн доголдол дээр хүний онгироо зан нэмэгдэхээр ийм болдог юм байна. Гэхдээ энэ бол тэр түшмэл өөрөө хийгээд байгаа хэрэг биш цаанаас нь наадуулдаа местийг нь зааж өг гэсэн тушаал заавар байгаа болохоор тэр.

- Хөрш хөршөө таалдаггүй гэдэг. Бид тэднийг таалах ёстой юу?

- Амьдрах газар нутаг, идэх хоол гээд хамаг юмаа хуваан авдаг болохоор сайн хөрш гэж бараг байдаггүй. Тэдний хооронд заавал зөрчил гарна. Энэ зөрчлийг яаж шийдэх вэ гэдэг л гол асуудал. Хятадууд өөрийн сонирхлоо үргэлж хөршийнхөөсөө дээгүүр тавьдаг улс. Гэхдээ ямар зальтай, сэргэлэн гээч. Элчин сайд байхдаа миний боловсруулсан хамгийн анхны баримт бичиг хилийн Или, Иртыш голыг хамтран ашиглах талаар байлаа. Хятадууд энэ баримтыг маш удаан судалсан. Зян Зяминь Казахстанд ирээд судалгаа, ярилцлага хийгээд Бээжинд буцангуутаа хил орчмын голын асуудлыг Хятадын талд ашигтайгаар шийдлээ гэж зарладаг байгаа. Зарлаж байхдаа л Засгийн газартаа хил орчмын голуудын асуудлын талаар гэрээ байгуулах цаг ирэх нь тодорхой. Гэхдээ гэрээнд гарын үсэг зуртал Хятадаас Казахстанд урсаж байгаа 32 голыг Хятадууд л ашиглана гэж тодорхой гэгч нь заавар өгсөн байлаа. Энэ зааврыг бүх холбогдох яам газрууд нь 24 цагийн дотор л баталчихаж байгаа юм. Маргааш нь л хятадууд гол дээр далан, суваг бариад л эхэлсэн. Тэд далан барилгын зургийг хийж байхдаа л барилгаа бариад байсан гээд бод. Ингээд хэдхэн хоногийн дотор Или, Иртыш голууд тэдний гарт орж, миний боловсруулсан баримт бичиг ямар ч утгагүй болчихсон доо.

- Казахстаныг Хятадын нутагт оруулсан газрын зураг байдаг гэсэн. Та үзсэн үү?

- Хятад манай орны 400 мянган шоо километр газар нутгийг өөрийн хэмээн тооцдог. Тэд албан ёсоор хэлдэггүй ч энэ тоо бүх хятад хүний толгойд шингэсэн байдаг. Тиймээс тэд элдэв газрын зураг хийхдээ ичиж зовдоггүй. Тийм зураг надад бүтэн цуглуулга байна. Энийг үз л дээ. Казахстан бүхлээрээ, тэр байтугай Монгол хүртэл Хятадад орчихсон байгаа биз дээ. Хятадад “си юй” буюу баруун хязгаар гэсэн ойлголт байдаг. Хятадын ганц ч улстөрч, эрдэмтэн Хятадын хилийн зурвас яг хаагуур өнгөрч байгааг хэзээ ч хэлэхгүй. Си юй бол хятадуудын гадаад бодлогын үндэс болсон зүйл. Энэ үндэсээр тэд олон зуун жил хүмүүжиж ирсэн. Алдарт торгоны замаар худалдаа хийж байсан хятадууд очсон газраа тэнд нь нутгийнхан байсан ч өөрсдийн нутаг хэмээн тооцдог байлаа. Си юй гэдэг бол хятад хүний хөл хүрсэн газар. Яг л тэнгэрийн хаяа гэсэн үг. Ойртох тусам холдоод л байна.

- Хятадын түүхчид Хятадууд эрт дээр үеэс Төв Азид оршин сууж байсан гэж баталдаг. Туркмений зарим сүмд үнэхээр хятад лууны зураг бий. Харин Казахстанд тийм түүхийн олдвор байгаа юм биш биз дээ?

- 40 жилийн дараа 2051 онд Хятадын Тан гүрний армийг араб, түрэгүүд дарсны 1300 жилийн ой болно. 751 онд Талас голын эрэгт болсон энэ тулаанаар бут ниргүүлсэн Хятадууд баруун зүгт түрэмгийлж чадаагүй. Үүгээр тэдний си юй зогссон ч тэд одоо болтол энэ талаар мартаагүй л байгаа. Бид ч гэсэн энэ тулааны ойг мартаж болохгүй, өргөн тэмдэглэх ёстой. Яагаад гэвэл хятадууд түүхээ байнга хөтөлж, бичдэг тул энэ тулааны ойг өшөө авах хэлбэрээр тэмдэглэж магадгүй юм.

- Эдийн засгийн хэлбэрээр өшөө авах гэж үү?

- Хятадад улстөр, эдийн засаг, түүх бүгд холбоотой. Тэд Казахстаныг баруун талаас нь буюу Актобегээс эхлэн эзэмших гэсэн нь цаанаа учиртай бодлого байлаа. Баруун нутгийн нефтийн ордуудаа Хятадад худалдсан манай түшмэлүүд ард түмнийхээ өмнө уучлашгүй нүгэл хийсэн улсууд. Одоо хятадуудын гарт Зөвлөлтийн үед хийсэн нууц газрын зурагнууд орчихоод байна. Бүх баялаг ордуудыг маань мэдэж байгаа болохоор тэдэнд хайгууль хийх ямар ч шаардлага байгаагүй, бэлэн газар ирээд л олборлоод эхэлсэн. Тэнд тавьсан тоног төхөөрөмжийг Түвдэд тавих гээд байгаль орчинд хөнөөлтэй эсэхийг нь тодорхойлох гэж бөөн шинжилгээ, судалгаа болсон гэж байгаа. Тэгэхэд бид хятадууд юу бариад байгааг одоо болтол мэдээгүй л байдаг. Манай газар нутаг дээр хятадуудын хэрэгжүүлж байгаа бүх төсөл иргэдийнхээ энд байхыг хуульчлах гэсэн арга. Энд зөвхөн инженер, ажилчид байгаа биш. Тогооч, эмч гээд л есөн шидийн улсууд орж ирчихээд байна. Дахиад нэг ордыг авлаа, ахиад баахан хятад ороод ирнэ гэсэн үг. Одоо Казахстанд хятадууд 50-100 хувийг нь эзэмшдэг 15 нефть, байгалийн хийн компани ажиллаж байна. Тэдний орлого нэг жилд 80 сая тонн болохоос хятадууд орлогын 31 хувийг нь авч байна. Гуравны нэгийг нь шүү. Бодох ёстой асуудал.

- Манай улстөрчид хахууль аваад л орд газраа зараад байгаа гэсэн хэрэг үү?

- Энэ талаар прокурорын газар авч хэлэлцэх ёстой. Хятадад хахууль өгөх явдал хүнд гэмт хэрэгт тооцогддог. Хятадууд улсынхаа юм уу компанийхаа төлөө эндхийн нэг түшмэлд хахууль өгөхдөө эртний хүннү мэтийн нүүдэлчид алт мөнгө, торгонд дуртай байсныг бодож байдаг.Хахууль өгөж байхдаа хятадууд маш өгөөмөр, сайхан зан гаргадаг ч дотроо энэ муу худалдагдсан новш гэж тэр түшмэлийг үзэн ядаж байдаг. Хятадад хүнийг худалдан авах бүхэл бүтэн систем бий. Тэд хахуулиа мөнгө төгрөггүй, хэн ч авилга гэхийн аргагүй хэлбэрээр өгөж чаддаг. Энэ бол улс төр, ажил хэргийн харилцааны маш нарийн арга хэлбэр юм. Түүний биеийн хөдөлгөөнөөс эхлээд бүгдийг нь хянамгай ажиглаж байхгүй бол дэгээнд нь орчихно гэсэн үг. Хэрэв та түүний бүх бодлыг мэдэж байна, оролдоод хэрэггүй гэдгээ харуулбал эсрэгээр тэд таныг хүндлэн, ажил хэрэгч харилцаатай болдог. Тиймээс хятадуудтай харилцаж байгаа манай бүх албан хаагч нар тэдний арга залийг мэдэж байна гэж тэдэнд ойлгуулж байх хэрэгтэй. Энэ нь манай нийгмийн ухамсрын нэг хэсэг болох ёстой.

- Хятадууд Африкаас Австрали хүртэлх орон зайд газар нутаг худалдаж авахаар их хэмжээний мөнгө бэлтгэж байгаа гэсэн мэдээ бий.

- Хятадууд Кыргызстаны Жалал-Абадагийн нефтийн ордод их хэмжээний мөнгө оруулсан. Тэнд саяхан бөөн үймээн бужигнаан болсон доо. Энэ орд баян биш ч Хятадад тэнд өөр ямар нэгэн ашиг сонирхол байгаа гэсэн үг. Хэрэв тэнд дахин ямар нэг үймээн болбол тэд ашиг сонирхлоо хамгаалахаар ороод ирэхийг байг гэх газаргүй. Орос шиг агуу оронд ч тэдний нөлөө мэдэгдэж байна. Хятадтай харьцахаа мэдэхийн тулд хятад судлалыг хөгжүүлэх хэрэгтэй. Бид Хятадтай 1670 километр нутгаар хиллэдэг. Яагаад ч юм удахгүй бид Хятадын өмнө могой харсан мэлхий шиг хөдөлж ч чадахгүй болох юм шиг санагдаад байдаг юм.

- Хятадууд манай орныг хэр зэрэг судалсан гэж та боддог вэ?

- Тэд манай цаг агаар, байгаль, эдийн засгийн боломж гээд бүгдийг нарийн судалсан байгаа. Казахстанд Хятадын тухай бичсэн, нийтэлсэн бүхнийг анхааралтай ажиглаж байдаг. Би олон хятад хүнтэй уулзсан, тэд миний бичсэн юмыг бүгдийг нь уншсан байна лээ. Зарим нь гомдоод, нэг хэсэг нь хүндэлдэг. Гэхдээ тэд хэзээ ч намайг дайснаа гэж үздэггүй. Яагаад гэвэл Хятад агуу, хүчирхэг гүрэн, зүүгээр хатгаад ямар ч хор хүргэж чадахгүй гэж тэд итгэдэг юм.

- Хятад дэлхийн хамгийн хаалттай орны нэг. Гадаад хүн тэднийг хэзээ ч ойлгож чадахгүй гэж ярьдаг.

- Хятадын дотоод, гадаад бодлогын нууц хөдөлгүүрийг гадаад битгий хэл тэдний ихэнх нь өөрсдөө мэддэггүй. Энэ хөдөлгүүрийн талаар хэзээ ч бичиж байгаагүй. Хятад коммунист, хувьсгалч орон болоод удаж байгаа ч тэнд улстөрд нөлөө ихтэй нууц нийгэмлэг олон зууны турш тогтсоор ирсэн, одоо ч байгаа. Хятадын бүх түүхийн турш улс орныг удирдаж ирсэн энэ нийгэмлэгүүд “Хулсан төглийн хөгшчүүл” гэх мэт нэртэй байдаг. Тэдний зөвшөөрөлгүй Хятадад юуг ч шийддэггүй.

- Манай овгийн ахлагч нар шиг эд үү?

- Тэднээс хамаагүй хүчтэй. Мэдээж түүхийн үе бүрт тэдний нөлөөний хэмжээ өөр өөр байсан. Саяхан Бээжинд Засгийн газрын ордны өмнө хэдэн арван хүн гарч ирээд амиа хорлосон. Тэд ямар ч шаардлага тавиагүй, уриа лоозон хашгараагүй. Зүгээр л амиа хорлосон. Энэ нь засгийн газарт хандсан аймшигтай сануулга байсан гэхэд болно. Засгийн газар ч тэднийг юу хүссэнийг ойлгосон. Амиа хорлогчдын “Фа Лун Гун” нийгэмлэгийн гишүүд коммунист намын гишүүдээс олон гээд бодоод үз дээ. Ийм нууц хөдөлгүүр олон ч энэ орон өмнөө тавьсан зорилгоо хэнээс ч нуудаггүй. Тэд амьдрах газар орон зай хайж байна. Хятадын ихэнх нутаг хүн амьдрахын аргагүй уул нуруу, цөл. Хүн амын ихэнх нь эрэг дагуу амьдардаг. Энэ хүн амын бөөгнөрөл л улстөрийг тодорхойлж байна.

- Дэлхийн бүх оронд хятад хотхон байдаг. Тэд хэзээ ч байгаа орондоо уусдаггүй.

- Хятадуудын гадаадад нэвтрэх, гарах процессыг хэн ч зогсоож чадахгүй. Тэд маш зохион байгуулалттайгаас гадна Бээжин тэднийг удирдаж байдаг. Хятадын 22 муж бүгд өөрийн аялгатай, ярилцахад нь бэрхшээл гардгийг бид мэднэ. Гадаадад гарсан хятадууд газар нутаг, хэл амнаасаа болоод дайсагналцан муудалцахаас сэргэмжлэн Хятадын засгийн газар нэг оронд нэг мужаас л хүмүүс цагаачлах талаар хяналт тавьдаг. Энэ зорилгоор асар их хөрөнгө гаргадаг ч бүх мөнгө буцаад л орж ирдэг тул ямар ч алдагдалгүй. Хятадад “Нин Цзюй ли” буюу соёлын нэгдлийн хүч гэдэг ойлголт байдаг. Энэ нь хятад хүн хаана амьдарч, ямар улсын иргэн байсан ч Их Хятад орны төлөө амьдарч ажиллана гэсэн үг.

- Цаашдын хэрэг явдлын талаар таамаглал дэвшүүлээч.

- Би үзмэрч мэргэч биш тул юу гэж хэлэх вэ. Харин улс орноо бүрэн бүтэн авч үлдэхийн тулд юу хийх ёстойг л хэлье. Хятад хэмээх аварга араатан байгааг тооцон бодож байж л бид 21 дүгээр зуунд амьдарч чадна. Казахстан бол Европ Хятадын завсрын бүс. Бид фронтын эхний эгнээнд байгаа тул хүлээсэн үүргээ сайн биелүүлэх хэрэгтэй. Энэ бол бидний хувь заяа. Гэвч удахгүй асар том мангас гүрнүүдийн эзэрхийлэх цаг дуусаж, найрсаг харилцаа тогтоно гэдэгт би итгэдэг. Хэрэв тэгэхгүй бол дэлхий өөрөө сөнөх болно.

 

Даяар Монгол сонин