Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11б байрны урд талбайд нийслэлийн төсвөөс 50 сая төгрөг гаргаж хүүхдийн тоглоомын талбай барьсан аж.

Гэтэл энэхүү талбайн тоглоомууд нь чанарын шаардлага хангаагүйгээс гадна саяхан савлуурных нь нэг гинж нь тасарсны улмаас бага насны хүүхэд унаж бэртсэн тохиолдол гарсан байна. Энэхүү мэдээллийн дагуу тус тоглоомын талбайд очсон юм. Тоглоомын талбайд сагсны шийд, нэг нь байхгүй болчихсон савлуур, хэдэн ширхэг тоглоом байлаа. Энэхүү тоглоомын талбайг өнгөрсөн онд  тус дүүргийн гуравдугаар хорооны “Соёмбо” СӨХ-ноос НИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаярт хүсэлт тавьсны дагуу хийж гүйцэтгэсэн юм байна. Тоглоомын талбай барих ажлыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж баталж, Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга О.Одбаяр зөвшөөрлийг нь өгсөн аж. Харин гүйцэтгэгчээр “Хатанбаатар” ХХК ажиллах байсан ч тус компани өнгөрсөн зургаадугаар сард “Чулуун-Овоо” ХХК гэх үл мэдэгдэх компанитай тохиролцож гүйцэтгэлийн ажлаа өгсөн гэнэ.

 

Ч.Чулуунцэцэг: ШИНЭЭР ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨХ ҮЕД САВЛУУР НЬ ХОТОЙЧИХСОН БАЙСАН

 

Энэ талаар Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны “Соёмбо” СӨХ-ны нягтлан Ч.Чулуунцэцэгээс тодруулсан юм.

-Танай хорооны 11б байрны урд байрлах тоглоомын талбайд тоглож байсан бага насны хүүхэд савлуурнаас унаж бэртсэн байна. Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юу?

-Хүүхэд унасан савлуурыг хүлээж авахаас өмнө доошоогоо хотойчихсон байсан л даа. Үүнийг нь гүйцэтгэгч компанид хэлэхэд өөдөөс “Зүгээр. Ямар нэгэн асуудал гарахгүй” гэж байсан. Бид уг компанийг ажлаа гүйцэтгэж байх үеэр нь хэд, хэдэн удаа очиж ажлын гүйцэтгэлийг нь харж байсан юм. Гэтэл хүүхдүүд суудаг саравчны сандалыг нь л гэхэд хар банзаар хийчихсэн, хүүхэд байтугай том хүн гараараа хүрэхэд гар руу нь өргөс орчихмоор байсан. Уг тоглоомын талбайг хүлээлгэж өгөөд удаагүй байхад буюу өнөөдрөөс 14 хоногийн өмнө хүүхэд савлуураас унасан тохиолдол гарлаа. Бэртсэн хүүхэд манай энэ хавийн оршин суугчдын хүүхэд биш байсан юм билээ. Хаанаас ирж тоглож байсан юм бүү мэд. Энэ талаар бид оршин суугчдаас л  дуулсан.

-“Чулуун-Овоо” гэдэг ком­панийн хүмүүст тоглоом нь шаардлага хангахгүй байгаа талаар шаардлага тавьсан юм уу?

-Бид тоглоомын талбайн гүй­цэтгэлийг тус компани хийж байхад  бөх хийх, мөн хүүхдийн тоглоомын талбайг, автомашины зогсоолоос тусгаарлаж хашлага хийж өгөхийг хүссэн. Гэвч үүнийг биелүүлээгүй. Уг компанийн захирал болоод байгууллагатай нь холбогдох утсыг одоо ч мэдэхгүй л байна. Нууцлагдмал байгаа юм. Албан ёсоор тоглоомын талбайг хүлээж авчихаад байгаа юм ч алга. Энэхүү асуудлыг нийслэлийн иргэдийн төлөөлөгч болоод холбогдох хүмүүст хүргүүлж, арга хэмжээ авч өгөхийг хүссэн. Одоогоор чимээгүй л байна. Ажил  гүйцэтгэх байсан “Хатанбаатар” ХХК-ийн талаар ямар ч тохиолдол гарлаа сураг байхгүй байгаа. 

-Хүүхдийн ар гэрийнхэн нь гомдол гаргасан уу? 

-Манай хажууханд 33 дугаар дунд сур­гууль  бий. Тэр  сургуулийн хүүхдүүд шинэ тоглоомын талбайтай болчихсон гээд манай тоглоомын талбайд байнга ирж тоглодог юм. Гэмтсэн хүүхдийн тухайд манай оршин суугчдын хүүхэд биш байсан болохоор ч тэр үү ямар нэгэн гомдол ирүүлээгүй. Нийтийн эзэмшлийн тал­бай болохоор хамаагүй дуртай нэгэн нь ирээд тоглодог шүү дээ хэмээсэн.

Харин энэ талаар тус хорооны Засаг дарга Ц.Ичинхорлоо “Хүүхэд бэртсэн нь худлаа. Надад ирсэн оршин суугчийн мэдээллээр бол хүүхэд бэртсэн зүйл байхгүй гэсэн байсан. Гэсэн хэдий ч савлуурны гинж тасарсан нь үнэн. Гэхдээ хүүхэд зүгээр байсан” гэв. Хэдийгээр уг хэрэгтэй холбогдсон бага насны хүүхэд бэртэж гэмтээгүй өнгөрлөө гэхэд цаашид ийнхүү чанарын шаардлага хангаагүй, хүүхдийн нүд хуурсан, хэврэг зарим нэгэн тоглоомноос болж дахин хүүхэд гэмтэж, бэртэхгүй гэх  баталгаа алга. Ямартай ч дахин ийм хэрэг гаргахгүйн үүднээс холбогдох албаныхан нь арга хэмжээ авах нь зүйтэй болов уу.

 

Т.Болорцэцэг