-Тэр дарга хэвээрээ юм бол тэгээд Д.Эрдэнэбат өнөөдөр хэн болж хувирсан бэ?!-
З.Энхболд Ардчилсан намын дарга хэвээрээ гэдгийг мэдэгдсэн үр дүнтэйгээр тус намын ҮЗХ-ны хурал өндөрлөлөө. Сонгуулийн ялагдлын дараа үүний хариуцлагыг хүлээж даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ тэрбээр өөрийн сайн дураар гаргасан учраас түр орлон гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг томилсон үйл явдал болоод өнгөрсөн. Үүнд нь үнэмшсэн Ардчилсан намын гишүүд, уг намд саналаа өгдөг, өгдөггүй олон зуун мянган иргэн “З.Энхболд дарга хэвээрээ” гэдгийг мэдэх хүртэл гурван сарыг зарцуулжээ. Тэр дарга хэвээрээ юм бол тэгээд Д.Эрдэнэбат өнөөдөр хэн болж хувирсан бэ?!


“Хариуцлага хүлээнэ” гэдгээ сонгуулийн санал хураалтын дараа өдөр буюу зургаадугаар сарын 30-нд мэдэгдсэнээсээ хойш таван сар, наймдугаар сарын 17-ны өдрийн ҮЗХ-ны хурлаар үүргээ Д.Эрдэнэбатад шилжүүлснээс хойш гурван сарын хугацаатайгаар намынхан нь З.Энхболд даргадаа түр сахилгын арга хэмжээ авсан болж таарлаа. Түүнд “гэм”-ийг нь ухааруулах гурван сарын “шийтгэл”-ийн хугацаа ҮЗХ-ны 48 дугаар хурал болсон уржигдраар тийнхүү дуусгавар болжээ.
Дарга буцан ирлээ. Тэрбээр шинэ жилийн уур амьсгал дунд 12 дугаар сарын 6-нд болох Их хурлаа удирдаж, дөрвөн есийн хүйт тачигнасан нэгдүгээр сарын 20-доор эхлэх дараагийн даргын сунгаагаа “манлай уяач”-ийн байрнаас ажиглах бүрэн эрхтэй боллоо. Мөрдөгдөөд эхэлчихсэн ч юм шиг, үгүй ч юм шиг “шинэ дүрэм” гээчийг батлах үүрэгтэй 12 дугаар сарын 6-ны Их хурлын гишүүддээ тэрбээр эрх биш хот үзүүлж, хоол идүүлж, хундага тулгуулах байлгүй дээ...
Их хурлын гишүүд шинэ жилийн шил шилээ дарах хүлээн авалтын буухиагаа хотоос эхлүүлэх учир нигууртай нь одоо чиг тодорхой харагдах бөгөөтөл намынхаа шинэчлэл гээчид хөөрхийс ямар үүрэгтэй нь бүдэг бадаг бүрэлзэнэ. Учир нь намын шинэ дүрмийн төслийг бэлтгэчихсэн, дараагийн даргын сунгаа нэгдүгээр сарын 20-нд эхлэхийг товлочихсон юм байна шүү дээ?! УИХ-ын дэд дарга Я.Санжмятав сунгаагаа товлоод зогсохгүй “Ардчилсан намын даргаар сонгогдож байгаа хүн дараагийн Ерөнхийлөгчийг АН-аас гаргана гэж очихоос биш би дараагийн Ерөнхийлөгч болно гэсэн зүйл байхгүй” гэж хэлснээс үзвэл сунгааны зарчим ч тодорхой болсон, сунгаанд хэнийг оролцуулах, үгүйг ч шийдчихсэн юм байна гэж ойлгогдохоор.
Лав л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэйгээ илэрхийлчихсэн Н.Алтанхуягийг сунгааны гадна үлдээхээр тохирчихсон юм байна. Олон асуудалд шийдлийг нь олоод амжуулчихсан дарга нарын энэхүү чадварлаг технологийг “хуйвалдааны арга” гэж энгийншүүлэн хэлдэг байх аа?! Тус намын тулхтай хуучин гишүүдийн нэг П.Цагаан “хуучин хуйвалдааны аргаар Ардчилсан намыг шинэчилнэ гэж байхгүй шүү” гэж шазруухан хэлсэн харагдана.
Дүрэм нь шинэлэг, сунгаа нь шударга болж, Ардчилсан нам ариусан шинэчлэгдэнэ гэдэг итгэл найдвар энэ намыг олон жил даган давхисан эгэл жирийн гишүүдийнх нь хэнгэрцэг цээжинд хадаатай яваа байх. Харин сонгууль бүрт энэ намд саналаа өгдгөөс өөр түй ч хамааралгүй хөөрхий ард бидний найдвар зуун жилд нэг тохиох хүйтэн өвлийн хайруу жавраас урьтаад хөрч эхэллээ.