“Өнөөдөр бид гэмт хэргийн гаралтыг бууруулах талаар цагдаагийн байгууллага юу хийж байгаа юм бэ” хэмээн бухимдангуй шүүмжилдэг. Гэвч гэмт хэрэгтэй тэмцэх нь дан ганц цагдаагийн байгууллагын ажил мөн үү гэдгийг бодох хэрэгтэй.

Олон удаагийн үйлдлээр дэлгүүр дээрэмдсэн хэргийг илрүүлэхэд хамгаалалтын албаны залуу их тус болсон юм билээ. Тиймээс ч Нийслэлийн цагдаагийн газрын даргын баярын бичгээр шагнуулсан гэж дуулсан. Түүнчлэн 13 настай охины гар утсыг булаагаад зугтсан хоёр гэмт хэрэгтний араас ХААИС-ийн гуравдугаар дамжааны оюутан Б.Ёндонжамц хөөцөлдан саатуулж, гэмт этгээдүүдийг дүүргийн цагдаагийн ажилтнуудад хүлээлгэн өгсөн байна. Энэ явдал өнгөрсөн 9-р сард болжээ. Оюутан залууг иргэнийхээ үүргээ биелүүлэн цагдаагийн албаны ажилд сайн дурын туслалцаа үзүүлж байгаа нь гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой гэж албаны хүмүүс үзэж буй.

 

Тийм ч учраас түүнийг гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлэхэд авхаалж самбаа, эр зориг гарган, иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн хэмээн үнэлж Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батжаргалын тушаалаар баярын бичиг, мөнгөн шагналаар шагнасан биз. Оюутан Б.Ёндонжамцыг баярын бичиг, мөнгөн шагналаар шагнасныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа В.Отгонбаяр ХААИС-д очиж оюутан залуус, хамт олных нь өмнө гардуулан өгчээ.

 

Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар хүүхдийг сургуулийн ойр орчимд, сургуулиас гэр хүрэх замд нь айлган сүрдүүлж, гар утас, цүнх зэрэг үнэ бүхий эд зүйлсийг нь дээрэмдэх, булааж зугтаах гэмт хэрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдал зөрчигдөж, осол аваарт өртөх зэрэг хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан сургуулийн насны хүүхэд хохирогч болох нь олширдог. Иймээс сургуулийн орчинд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлийн цагдаагийн газраас "School police" төслийг зохион байгуулахаар ажиллаж байна. Энэхүү төсөл нь эцэг, эхчүүд жилдээ нэг удаа хүүхдийнхээ сургуулийн орчинд эргүүл тойруул хийснээр хүүхдүүд гэмт хэрэгт өртөхгүй, хохирохгүй байх  орчинг бүрдүүлэх гол ач холбогдолтой аж. Эцэг эхчүүдэд хүндрэл чирэгдэл багатайгаар хүүхдүүд аюулгүй орчинд байх нөхцөл бололцоог бүрдүүлэх нь "School police" төслийг эрхэм зорилгын нэг. Ингэснээр Цагдаагийн албаны эргүүл, гэрэлтүүлэгтэй, камержуулсан гудамж талбай, нийтийн эзэмшлийн орчинд гэмт хэрэг, зөрчил бага гардаг шиг зохион байгуулалттай эцэг эхчүүдийн эргүүл гарснаар тухайн сургуулийн орчинд аюулгүй орчин бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

 

2014 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөх цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад олон нийтийг түшиглэсэн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны тухай заасан байдаг. Үүнд 20 нас хүрсэн иргэнийг сайн дурын үндсэн дээр, Засаг даргаас ирүүлсэн саналыг үндэслэн олон нийтийн цагдаагийн ажилтнаар томилох шийдвэр гаргаж, гэрээ байгуулан ажиллах тухай бий. Тиймээс дээрх хууль мөрдөгдөж эхлэхэд энгийн иргэдийг хэв журам сахиулах ажилд татан оролцуулах үйл ажиллагаа идэвхжин дэлгэрүүлэх юм байна.

 

Цагдаагийн байгууллага өөрийн үйл ажиллагааны хүчин чадлын хэмжээнд ажиллаж, гэмт хэргийн гаралтыг бууруулахын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байна. Шинэ шинэ хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж, түүнийхээ үр дүнд хүрч буй. Нэгэн жишээ дурьдахад НЦГ-аас санаачлан Тэнэмэл арга хэмжээ зохион байгуулж, гудамж талбай, орц хонгил, траншейгаар гэр орон хийж амьдардаг иргэдийг бүртгэж, зарим нэгэн иргэдийг нь өөрийнх нь хүсэлтээр төрийн бус байгууллагад байрлуулж, эмчилүүлж, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд суулгаж, ажилд зуучилж өгсөн билээ. Энэ ажил нь ч үр дүнгээ өгч, хөтөлбөрт хамрагдсан иргэд нь ажилтай, амьдралтай болж, тэдэнд талархлаа илэрхийлээд буй. Тэдний үр дүнтэй эхлүүлсэн ажлыг холбогдох газар нь хүлээн авч, үргэлжлүүлэх болсон байдаг.  Ийнхүү цагдаагийн байгууллага иргэдийг аюулгүй, амар амгалан орчинд амьдруулахын төлөө ажиллаж буй юм. Харин тэдний энэхүү ажилд иргэд бидний оролцоо ч багагүй хэрэгтэй гэдгийг хэлэх нь зөв биз ээ. Өнөөдөр гудамжинд хэн нэгэн дээрэмдүүлчихээд ч юм уу, эсвэл эд зүйлээ булаалгачихаад бусдаас тусламж хүсэхэд  туслалцаа үзүүлэхээсээ илүү зугтах гэж оролддог хүн бий шүү дээ. Тиймээс иргэн бүр оюутан залуу Б.Ёндонжамц шиг иргэнийхээ үүргээ биелүүлэн цагдаагийн албаны ажилд сайн дурын туслалцаа үзүүлэн гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох үйл ажиллагаанд оролцож байхыг уриалж байна.

 

Н.Чинзориг