Амьдралын түвшин доогуур айлын хүүхдүүд их, дээд сургуульд суралцах боломж тэр бүр байдаггүй. Харин эдгээр айлын хүүхдүүдийг дэмжих зорилгоор Монголын Залуучуудын Холбоо, “Түгээлэн Ундрага” ТББ хамтран “30 хүүхэд, 30 хүсэл” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн гол зорилго нь суралцах чин хүсэл эрмэлзэлтэй залуусыг дэмжих бөгөөд дан ганц дарга, дээгүүр албан тушаалтай, баян айлын хүүхдүүд гадаадад сурч болдог гэсэн ойлголтыг өөрчлөхөд оршиж байгаа юм байна.

   Төсөлд Чингэлтэй дүүргийн амьдралын түвшин доогуур буюу ядуу айлын хүүхдүүд хамрагдах ба 15-19 насны 80 сурагчдын дунд сонгон шалгаруулалт явуулж шалгарсан 30 хүүхдийг англи хэлний анхан шатнаас IELTS-ийн шалгалтанд өндөр оноо авах түвшин хүртэлх нэг жилийн сургалтандаа үнэ төлбөргүй хамруулахаар болжээ. Түүнчлэн амжилттай суралцсан сурагчдыг дотоодын болон гадаадын их, дээд сургуулиудад 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцуулах юм байна. Мөн хүүхдүүд үнэ төлбөргүй сургалтанд хамрагдахаас гадна дан ганц сурах биш өөрийгөө хөгжүүлэх, олон нийтийн арга хэмжээ болон телевизийн цуврал нэвтрүүлэгт оролцох боломжтой ажээ. Харин үлдсэн 50 сурагчийг “My Key World” хэлний сургалтанд 70 хувийн хөнгөлөлттэй сургах юм. Өнөөдөр энэхүү “30 хүүхэд, 30 хүсэл” төслийн хэвлэлийн бага хурал болж хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдэд дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.Дашрамд дуулгахад “Монгол модель” агентлаг, “Golden Gem” сургалтын төв болон УИХ-ын гишүүн Г.Уянга нар дэмжиж, хамтран ажиллаж байгаа юм байна.