Өмнөх Хотын захирагч Бат-Үүлийн үед иргэдийн дунд цахимаар газар олголт хийж нэлээд олон иргэд газар өмчлөх эрхтэй болсон билээ.

Нийслэлд алга дарам газар өдөр ирэх бүр үнэд орж өндөр барилгууд сүндэрлэсээр. Харин хотын зах руу гэр хороолол хүрээгээ тэлж эмх замбараагүй төлөвлөлтгүй явсаар. Иймээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хотод шинээр газар олгохгүй байх талаар өнгөрсөн оны сүүлээр захирамж гаргасан. Тус захирамж нь нийслэлд газрын эрэлтийг улам нэмэгдүүлсэн

Мөн нийслэлээс нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон нь үүнд ихээхэн нөлөөлж байна. 

Нийслэлд хоёр болон түүнээс дээш жилээр эзэмшиж буй газраа ашиглаагүй 219 иргэн, хуулийн этгээд байгаа гэнэ. Үүний 103 нь хашаа барьсан бол 116 нь хашаа барьж хаалт ч хийгээгүй байсан аж. Тиймээс газар эзэмших эрхийг нь цуцалж эхэлжээ. Түүнчлэн зургаан дүүргийн хэмжээнд 121 хуулийн этгээд 13.13 га газрыг хэтрүүлэн ашигласан гэсэн судалгааг нийслэлийн Газрын албанаас гаргаад байна. Мөн нийтийн эдэлбэрийн газарт хашаа хайс барилга байгууламж барьсан 430 обьект, хайс барьсан 208 иргэн байна гэсэн судалгааг гаргажээ.

“Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 52 байршилд шинээр газар өмчлүүлэхээр НИТХ-аас шийдвэрлэсэн. Ингэхдээ газар өмчлөлийн бүртгэлийг цахим хэлбэрээр явуулахаар болж, журмыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар баталсан. Эхний ээлжинд Сонгинохайрхан, Багануур, Багахангай, Налайх зэрэг дүүрэгт таван байршлыг сонгон, хэсэгчилсэн төлөвлөгөөг батлуулснаар газар өмчлүүлэх ажлыг эхлүүлж байсан.

Ингэснээр нийтдээ 5 удаа, нийслэлийн Засаг даргын есөн удаагийн захирамжаар 69 мянга 836 иргэнд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулсан. Харин цахимаар газар өмчлөх эрх нь үүссэн ч эрхээ 15 хоногийн дотор баталгаажуулаагүй иргэдийн эрхийг шууд цуцалсан аж.

2015 онд цахимаар 13 мянга 356 иргэн газар өмчилж авчээ 2016 онд 16 мянга 139 иргэнд 820.88 га газар өмчлүүлснээс одоо эзэмшиж байгаа газрыг 2720 иргэнд 150.9 га газрыг өмчлүүлсэн бол цахим хэлбэрээр 13 мянга 356 иргэнд 668.64 га газрыг өмчлүүлжээ. Мөн зуслангийн зориулалтаар эзэмшиж буй 18 иргэний 1.14 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байна.

Ямартаа ч хотын дарга нийслэлийн сууршилын бүсэд газар олголтыг зогсоосон нь сайн ч гэлээ эгэл жирийн иргэдийн хувьд алс зэлүүд бүсэд л газар олдох боломжтой байгаа нь үнэн. Түүнчлэн тэдний олдсон газар нь дэд бүтэц болон цахилгаан шугамд холбогдоогүй учир тэндээ байршин суух боломжгүй. Гэтэл арай гэж олсон нийслэлийн Налайх, Сонгино хайрхан дүүргийн нутагт буюу хотын захаар газар авсан азтануудад энэ шийдвэр үйлчлэх болов уу. Тэгвэл тэдгээр иргэд мөн хоёр жил газраа хэрэглээгүй бол эрхийг нь түдгэлзүүлэх үү дарга нар аа. 

С.Отгон