“Багшийн хөгжлийн тухай” хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байгаа. Уг хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй  хүргэж байна.

“Багшийн хөгжлийн тухай” хууль нь Монгол Улсын боловсролын 2006-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө, Улсын Их Хурлын 45-р тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол улсын Засгийн газрын 316-р тогтоолоор 2008 онд батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын багш бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” зэрэг Монгол улсын хөгжлийн бодлого, стратеги, урт болон дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөг тодорхойлсон баримт бичгийн үзэл санаа зарчимд үндэслэсэн “төрсөн” хуулийн төсөл юм.

Хуулийн төсөл нь 8 бүлэгтэй байх бөгөөд багшийн хөгжлийг дэмжих тогтолцоо, үйл ажиллагаа, багшийн ёс зүй, хариуцлага болон холбогдох урамшуулал, баталгаа, төрийн байгууллагын оролцоо, харилцан уялдаатай холбоотой харилцааг хуулийн төсөл нарийвчлан зохицуулна.

Багшийн хөгжлийн тухай хууль батлагдсанаар Багшийн хөгжлийн талаарх бодлого, арга хэмжээ тодорхой болох бөгөөд багш нар өөрсдийгөө хөгжүүлэх хүсэл сонирхол нэмэгдэх, ажлын байран дээрээ хөгжих бололцоо бүрдэн боловсролын чанарыг сайжруулахад түлхэц болох болно. Хуулийн төсөлд багшийн хөгжлийн төвийг сургууль бүрт байгуулах бөгөөд тус төв нь багш хүн ажлын байран дээрээ хөгжих үндсэн суурь нөхцөл болж өгөх юм. Энэхүү төвийг сургуулиуд одоо байгаа бааз суурин дээрээ түшиглэн байгуулах боломжтой бөгөөд төсөвт ачаалал болохгүй гэж хуулийн төсөл санаачлагдчид тооцож байгаа аж.

Уг хуулийн төсөлтэй уялдуулан Боловсролын тухай хуулийн холбогдох заалтад өөрчлөлт орно.

Хуулийн төсөл батлагдснаар багш нарт дараах давуу тал бий болно. Тодруулбал

Иймд хуулийн төслөөр дараах тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр тодорхой заалтуудыг тусгасан болно.

 

  • Багш ажлын байран дээрээ хөгжих боломжийг бүрдүүлэх
  • Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын чанарыг сайжруулах
  • Ажлын  гүйцэтгэлд суурилсан цалингийн урамшуултай болох.
  • 5 жил ажиллаж байж мэргэжлийн зэрэг ахиж буй системийг илүү уян хатан болгож ажлын ажлын гүйцэтгэлээс хамааруулах
  • Бага ангид туслах багштай болж ачааллыг бууруулах.
  • Багшийн нэр хүндийг хуулиар хамгаалах.
  • Багшийн хүүхдийг цэцэрлэгт тэргүүн ээлжинд авдаг болох
  • Багшийн эрүүл мэндэд анхаарал хандуулах

Энэ хуулиас хамгийн их анхаарал татаж байгаа нь бага ангид туслах багштай болох юм. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, тэдний онцлог, бусдаас ялгаатай байдлыг нээн илрүүлж, хөгжлийг нь дэмжиж буй багшийн тэргүүн туршлагыг олон нийтийн хүртээл болгох, багшийн ачааллыг бууруулахаар туслах багштай болгох ажээ. Ингэснээр багш нараас илүү хариуцлага нэхэж, хүүхэд нэг бүрт тулж ажилла гэдгийг хууль санаачлагч хэлж байна.

Хуулийн төсөл батлагдснаар багшийн хөгжилд тулгамдаж буй дээрх асуудлуудыг шийдвэрлэснээр багш өөрийгөө хөгжүүлэх хүсэл сонирхол, боломж бололцоог бодлогоор дэмжиж, ажлын нөхцөл, тэдэнд тулгарч буй зарим нэг асуудлуудыг шийдвэрлэх юм. Урт хугацаанд чадварлаг, дэлхийн жишигт нийцсэн мэдлэгтэй боловсролтой залуу үеийг бэлтгэх чанартай боловсролын үндэс суурь болох юм.

Хуулийн төслийн хэлэлцүүлгээр УИХ-ын гишүүд юу хэлсэн, хэрхэн шийдвэрлэсэн талаар бид эргэн мэдээлэх болно.