ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулав.

-Солют худалдаанд цагдаагийн байгууллага ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

-Нийслэлийн цагдаагийн газар, дүүргүүдийн мэргэжлийн хяналтын хэлтсүүд, Мэргэжлийн хяналтын байгууллагууд дэлгүүр, зах, гадуур худалдаа эрхэлдэг улсуудад хяналт шалгалт хийж байна. Солют, бенгалын гал, тэсэрч дэлбэрэх бодисуудад хяналт тавьж байгаа. Гар дээрээс болон зөвшөөрөлгүй газар үүнийг зарахгүй. Зарвал захиргааны хариуцлага хүлээнэ.

-Тэгвэл иргэд бенгалийн гал, солют хаанаас худалдаж авч болох вэ?

-Солют, бенгалын гал, тэсэрч дэлбэрэх бодисуудыг Улаанбаатар хотод хоёрхон газар тусгай зөвшөөрөлтэйгээр зарж байгаа. Тэр хоёр газар ийм үйлчилгээ үзүүлж, зарахдаа мэргэжлийн хүнийг аваачиж энэ үйлчилгээг хийнэ. Түүнээс биш хувь хүн, байгууллагууд дур мэдэн ашиглахыг хориглоно.

-Ямар хоёр газар юм бол?

-Бизнесийн үйл ажиллагааг нь сурталчилах шаардлагагүй. Өөрсдөө сурталчилах биз.

-Тэгэхээр захуудад ил задгай зардаг байсан нь одоо больсон гэсэн үг үү?

-Тийм ээ. Захуудад ил задгай, гар дээрээс хэн ч солют, бенгалын гал, тэсэрч дэлбэрэх бодисууд зарахгүй. Хэрвээ ийм тохиолдол гарвал 102 утсанд яаралтай мэдэгдээд арга хэмжээ авахуулах шаардлагатай. Захын гэр хорооллоор зарах магадлал их байдаг.