Тэд гуч гаруйхан настай ч дөрвөн хүүхдийн аав, ээж болцгоож, эхнэр Д.Одсүрэн нь "Алдарт эх"-ийн хоёрдугаар одонгоор энгэрээ мялаалгажээ. Энэ өнөр бүлийн нэг өдрийг хамт өнгөрүүлэхээр энэ удаагийн “Танайд өнжье” буландаа урилаа.

Тэдний том хүүхэд нь одоо 13 настай харин “одон”-гийн хүүхэд нь хоёр ой хүрч яваа бяцхан хөвгүүн аж. Дунд хоёр нь ихэр хөвгүүд. Нэг нь юу л хийнэ нөгөөх нь дагаад л явдаг гэнэ. тэд хамтдаа шатар, даам, бөх, теннис, хөлбөмбөгийн дугуйланд суралцаж байгаа. Өрхийн тэргүүнийг бат-Өлзийн баатархүү гэдэг. тэрбээр 14 жил шинжлэх ухааны академийн Түүх археологийн хүрээлэнд ажилласан нэгэн. Мөн СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэнгийн захирлын албыг хоёр жил хашжээ. Тэрбээр соёлын өвийг дагнан судалгаа хийхийн сацуу СУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, БСШУСЯ-ны дэргэдэх Түүх соёлын дурсгалд үнэлгээ, зэрэглэл тогтоох мэргэжлийн зөвлөлд ажилладаг гэнэ. биднийг очиход гэргий Д.одсүрэн нь хаалга тайлан “орцгоогоорой” гэсээр угтлаа.

Тэд өрөөнүүдийнхээ шүүгээ болгоныг номоор дүүргэсэн нь тод анзаарагдана. тэдний ихэнх нь эрт, эдүгээ үеийн Монголын түүх, археологи, угсаатан зүйн номууд байв. Мөн хүүхдүүд нь голдуу уншдаг болов уу гэмээр танин мэдэхүй, шинжлэх ухааны хатуу хавтастай номууд ширээн дээр өрөөстэй харагдана. Харин отгон хүүгийн хэрэглэдэг хоёроос таван настнуудад зориулсан “тоо тоолол” гэсэн ном сонирхол татав. Учир нь уг номыг эсгийгээр урласан бөгөөд хуудас бүртээ элдэв өнгийн эсгийгээр хийсэн хээтэй. Нэгээс 10 хүртэлх тоог нэг өнгийн эсгийгээр хуудас бүрийн дээр бичсэн байлаа. Ийнхүү элдвийг сонирхох зуур эхнэр нь аль хэдийнэ цайгаа чаначихсан “Алив ширээнд сууцгаа, цайлцгаая” гэлээ. Мөн хулууны зутан шөл хормын төдийд хийн бидний өмнө аягалан тавих нь тэр. Энэ хооронд гэрийн эзэн Б.Баатархүүтэй ярилцлаа. Тэрбээр “Миний хамгийн дур сонирхолтой ажил гэвэл, ердөөсөө Монголын соёлын өвийн судалгаа хийх. Би 2001 онд МУИС-ийн угсаатан судлалын ангийг дүүргэсэн юм. Угсаатан судлаач, түүхч мэргэжилтэй гэсэн үг” гэлээ. Түүний суралцаж төгссөн тэнхимийг Төрийн шагналт, нэрт угсаатан судлаач Х.Нямбуу гуай байгуулсан бөгөөд тус тэнхимийн анхны төгсөгчдийн нэг, мөн анхны доктор нь Б.Баатархүү юм байна. Эхнэр Д.Одсүрэн мөн эл тэнхимийг ижил мэргэжлээр дүүргэсэн бөгөөд хоёр дахь доктор аж. Тэрбээр 2015 оноос СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийн захирлаар ажиллаж байгаа.

Гэр бүлийн хоёрын гол хийдэг ажил нь судалгааны ажил юм байна. Тиймдээ ч энэ өрхийн хамгийн эрхэмлэдэг зүйл нь хөлс, хүч, цаг хугацаагаа зарцуулан туурвисан судалгааны ажлууд нь ажээ. Энэ ч утгаараа жил бүр БСШУСЯ-наас зохиодог Шинжлэх ухааны шилдэг бүтээлүүдэд олгодог шагналын тусгай байр эзэлж байсан “Монгол гэр”, “Тувачууд” номынхоо өргөмжлөлийг том өрөөнийхөө хоймрын хананд байрлуулжээ. “Монгол гэр” ном нь гэрийн эзэгтэй, эзэн хоёрын анхны хамтын бүтээл аж. Гэр бүлийн хамтарсан “Монгол гэр” номын судалгааг Увс аймагт хийжээ. Тэд тус номоо 10-аад жилийн судалгаа, таван аймгийн нутагт 100 гаруй гэр урлаачидтай уулзсан туршлага мэдлэгтээ тулгуурлан бүтээжээ.

Тэдний амьдралтай зайлшгүй холбогддог нэг зүйл нь тувачууд. Тэд хоёул олон ч тува найзуудтай бөгөөд Б.Баатархүү Тувад хадмуудтайгаа танилцаж байжээ. Харин эхнэртэйгээ танилцсан түүхээ ярихдаа Б.Баатархүү “2004 онд би магистрант байсан. Манай хүн ахлах курсийн оюутан байлаа. Тухайн үед танихгүй утасны дугаараас надад их мессэж ирдэг байлаа. Тэгсэн сүүлд хэн бичиж байсан нь баригдаад эхнэртэйгээ танилцсан юм” хэмээв. Танилцсаныхаа дараа тэд нэг их удалгүй гэр бүл болцгоосон байна. Б.Баатархүү айл гэр болж байсан анхны гараагаа бусад харчуудын адил хадмындаа амьдарснаар эхэлжээ. Удалгүй тэд одоогийн амьдарч буй байрандаа нүүж ирж өрх тусгаарлажээ. 2005 онд том охиноо өлгийдөн авчээ. 2007 онд Б.Баатархүү Эрхүү рүү докторын зэрэг хамгаалахаар явахад охин нь өөрийнхөө зургийг өгсөн гэнэ. Тухайн үед эхнэр нь жирэмсэн, тогоон чинээ гэдэстэй Улаанбаатарт үлджээ. Хүний нутаг руу авч явсан охиныхоо зургийг өөрийнхөө хичээлийн ширээн дээр тавьсан бөгөөд харах бүрдээ гэрээ санадаг байжээ. Уг нь тэрбээр судалгааны ажил хэмээн хэдэн сараар ч хамаагүй хөдөө яваад өгчихдөг нэгэн. Бүр тувачуудыг судлахаар 120 хоног тэдэнтэй хамт амьдарч байсан. Гэвч хил давсан тохиолдолд түүний толгойд гэр бүлээс нь өөр юу ч орж ирдэггүй. Түүнийг Эрхүүд байхад эхнэр нь хоёр дахь удаагаа төрж, ихэр хүүтэй болсон гэдгээ дуулсан даруйд вагонд суун Улаанбаатарт ирж, Эрхүү дэх сургуулиа тэр чигт нь хаяж байсан гэнэ. Хожим 2012 онд Монголдоо докторын зэргээ хамгаалжээ.

Эхнэрийнх нь тал ихрийн удамтай. Түүний эмээгийнх нь талд олон ч ихэр мэндэлжээ. Д.Одсүрэн хоёр дахь төрөлт дээрээ эмчээрээ тоглоом хийж “За миний гэдсэн дэх хүүхдүүд ихэр байна уу” гэж асуухад эмч нь Эх нялхаст яаралтай очиж үзүүл хэмээсэн байна. Хэлснийх нь дагуу очиж, эход харуулахад эхийн хэвлий дэх нэгдүгээр ураг, хоёрдугаар ураг гэж хяналтын дэвтэр дээр нь ярайтал бичихэд бараг л итгэж яджээ.

Гэрийн эзэн Дорноговиос гаралтай бөгөөд аавынх нь аав лам хүн төдийгүй бас ахмад дайчин байжээ. Тэрбээр хуучнаар Боржигин сэцэн вангийн хошууны Хуум овгийн үр сад аж.

Тэд “Эрдэм номоос өөр зүйл хийж чадахгүй юм билээ” хэмээн инээлдэн суулаа. Учир нь охиноо өлгийтэй байхад тэдэнд мөнгөний хэрэгцээ гарч дэлгүүр түрээсэлж үзсэн байна. Дөрвөн сарын турш дэлгүүр түрээсэлж, орлого муутайхан байтал нэгэн өдөр дэлгүүрт нь орж ирсэн хүн “Эдний дэлгүүр ч гэж ТҮЦ шиг юм” гэж хэлчихээд гарч явахаар нь хоёул бараагаа тоолж үзээд дэлгүүрээ хааж байжээ. Сүүлийн үед энэ гэр бүл Монголын соёлын өвийг олон түмэнд түгээх ажил хийхээр хөдөлмөрлөж явна. Хоёр жилийн өмнө буюу 2016 онд “Монгол гарваль” хэмээх соёлын өвийн талаарх уран сайхны нэвтрүүлэг хийжээ. Уг нь нэг удаагийн нэвтрүүлгээр нэг соёлын өвийг таниулах. Харамсалтай нь санхүүжилт, мөнгөний асуудлаас болоод дараагийн нэвтрүүлгийн санаа нь компьютерт нь л хадгалаастай байгаа гэнэ.

Тэд одоо хүүхдэд зориулсан ном хийхээр төлөвлөж байгаа аж. Учир нь арван жилийн сурах бичгээс гадна соёлын өвийнхөө үнэ цэнийг мэдрүүлсэн танин мэдэхүйн хялбаршуулсан ном байх хэрэгтэй гэж тэд үзэж байгаа гэнэ. Санаж, сэдсэн зүйлс тэдэнд их бий. Үүнийгээ биелүүлэхээр “Shark tank” нэвтрүүлэгт хүртэл орж байжээ. Нэвтрүүлэгт монголчуудын уламжлалт хөлөгт тоглоомоос санаа авч, хөлөг дээр тоглодог, нүүдлийг нь эртний цэргийн урлагаар орлуулан тоглох тоглоом бүтээж орсон байна. Харамсалтай нь нэг төгрөгийг яаж хоёр төгрөг болгох талаар үргэлж бодож байдаг эрхэм Shark-ууд үүнийг дэмжээгүй ажээ. Хэрэв санаачлалыг нь Shark-ууд дэмжсэн бол хүүхэд үүнийг тоглоод түүхийн мэдлэгтэй болохоос гадна сэтгэн бодох чадвар нь хөгжих байжээ.

Биднийг ийнхүү ярилцах зуурт гэрийн эзэгтэй улаан, яагаан, ногоон өнгийн гурилаар хийсэн бууз таваглахаас гадна бидний өмнө пицца тавив. Эд бүгдийг тэр өөрөө хийжээ. Нөхөр нь “Уг нь манай эхнэр чинь анх бэлтгэгчээр л ажилладаг байлаа. Би бол ахлах тогооч. Нэлээд хэдэн жил энэ маягаар явж байгаад саяхнаас эхлэн үүрэгт ажлыг нь өөрт нь хүлээлгэн өгсөн” хэмээн инээлдэв. Харин эхнэр нь “Манай хүн одоо хоол хийнэ гэж хамаг шүүгээнд байгаа бүх түмпэн, савыг гаргаж завааруулдаг” хэмээв. Хадам аав нь хүргэнийхээ хийсэн цуйванд их дуртай гэнэ.

Хоёр ихрээ гэдсэнд байхад тэд гэр бүлээрээ Тувад нэг сар амьдарчээ. Ингэхдээ тарчигхан, мөнгө багатай явж, архивт судалгаа хийж байснаа дурдав. Эдний гэр бүл “Тавин саяын уналт” нэвтрүүлгийн шинэ жилийн тусгай дугаарт буюу “Тавин бэлэгний уналт”-д орж, бусад гэр бүлээс хамгийн их, 11 бэлэгтэйгээр нэвтрүүлгийг өндөрлөж байсан юм байна.

Нэвтрүүлэгт орсон үеийнхээ дурсамжаас ярихдаа “2016 онд энэ тэмцээнд орж байсан. Тэр үед манай хоёр ихэр л биднийг авч гарсан даа. Нэвтрүүлгийн дундуур хоёр ихэр маань ямар сайндаа аавыгаа “Танд ер нь мэддэг юм байна уу” гэж хэлээд амжсан шүү дээ” хэмээв.

Тэдний гэр бүлийн үзэж буйгаар хүн төрөлхтний дунд хэл, биологийн төрөл зүйл, соёл гэсэн гурван зүйл үгүй болж байгаа гэнэ. 2013 онд монгол гэрийг ЮНЕСКО-д бүртгэж авсан. Гэтэл монголчууд гэр гэхээр л утаа, эсвэл ядуу айлын оромж гэж ойлгон соёлоо мөхөөж буй. Гэвч зөвхөн монгол гэрээр музей байгуулах боломжтой талаар дурдав.

Гэрийн эзний мөрөөдөл бол угсаатны зүйн музей байгуулах. Бидэнд сонирхуулахаар номын тавиурынхаа дээд талаас нум, сумны сум шиг зүйл гаргаад ирэв. Үүнийг Дундговь аймгийн өндөр настан н.Баянжаргал түүнд музей байгуулбал тавиарай хэмээн дурсгасан гэнэ. XIX зууны сүүл үеийн эмэгтэйчүүдийн ашигладаг үйл урлах хэрэгсэл буюу индүү гэдгийг тэрбээр бидэнд тайлбарлан өглөө. Сум шиг хэлбэртэй эл зүйлийн ард хэсгээр нь даавуун дээр зурж эсгүүр гаргадаг бөгөөд урд хэсгийн хавтгай жижигхэн гурвалжин зүйлийг галын цогонд бүлээсгэн даавуугаа индүүддэг ажээ.

Монголын соёл, түүхийн өвийг 10 гаруй жил судалж буй гэрийн эзэн Б.Баатархүүгээс удахгүй болох Сар шинийн баярыг яагаад хаврын эхэн сард тэмдэглэдэг болсон тухай асуухад тэрбээр “Дэлхийд данслагдсан Монгол өв” хэмээх цувралаар гурван ном хийх санаатай байгаа. Үүний нэг нь Цагаан сарын тухай байх болно. Энэ баяр хэдийгээр ЮНЕСКО-д бүртгэгдээгүй боловч Соёл, спорт аялал жуулчлалын яам гэж байхад энэ баярыг бүртгүүлэх нэн шаардлагатай өвд тооцож байсан. Өчигдөрхөн би Цагаан сарыг Манжийн гаралтай баяр, ядуус нь баячуудтайгаа золгодог гэж уншлаа. Үгүй ээ, Цагаан сар бол Монгол төрийн баяр. 1921 оны долдугаар сарын 11-нд Нийслэл хүрээг гамингаас чөлөөлөхөд наадмыг тэмдэглэдэг боллоо. Тэгвэл Цагаан сарыг 1206 онд Чингис хаан Монгол Улсыг байгуулж нэг овог, аймгийн нэрийг нийт улсын нэр болж, овог аймгууд нэгдсэн. Иймд Чингис хаан 1206 оны бар жил Цагаан сарыг хаврын эхэн сард тэмдэглэж байхаар болгосон. Үүнээс өмнө нь буюу Хүннүгийн үед Цагаан сарыг Сүүн сар гэж нэрлэдэг байсан. Хуучин намар цагт Хувь сар гэж тэмдэглэдэг баяр Чингисийн үед хавар тэмдэглэдэг баяр болж байсан юм билээ. Үүнийг бид төрийн баяр гэж ойлгох хэрэгтэй. Энэ баярын гол утга нь золголт. Хоёр хүн нэгэндээ хар, муу санаагүй гэдгээ илтгэж байгаа хэрэг. Зан заншил гэдэг нь өөрөө том ой санамж байдаг. Мөн Цагаан сар нь махан болон цагаан идээний баяр. Цагаан сарыг зөв тэмдэглэхгүй бол энэ нь дарамт шиг болчихоод байна. Уг нь дээр үед Цагаан сардаа бэлдэх нь өөрөө бас нэг баяр байлаа. Тухайлбал, хэв залах буюу ул боов хэвлэдэг хүнийг урьж залан хэдэн гэрээрээ хамт ул боовоо хийдэг байсан юм. Тавгийн идээ гэдэг нь домогт гардаг сүмбэр уулаа бэлгэдсэн зүйл. Үүнийхээ дээр шар тос, өрөм тавьдаг. Гэтэл одоо зарим айл тавгийнхаа дээр алим, чихэр, янз бүрийн зүйл тавьдаг болж” гэлээ. Харин тэрбээр шинийн нэгний өглөө үйлддэг мөр гаргах ёсыг мөн тайлбарлав. Түүний хэлж буйгаар, мөр гаргана гэдэг нь шинэ эхэлж буй жилээ цог хийморийнхоо зүгт явахыг хэлж байгаа юм байна. Мөр гаргах ёсыг тухайн айлын гэрийн эзэн нь үйлддэг. Нэг ам бүлд байгаа хүн болгон мөр гаргадаггүй гэдгийг онцлон хэлэв. “Цагаан сарын өглөө цаас барьчихсан, тоолчихсон алхаж байдаг хүмүүс олон. Ингэж зүг гаргаж огт хэрэггүй ээ. Гэрийн эзэн шинийн нэгний өглөө буу саадагтай бол буугаа үүрч, дэлийг нь зассан морио унаж, хол давхин явж, хийморио сэргээдэг юм. Бид залуу гэр бүл учраас ахмад настнуудаа хүндэтгэн золголт хийдэг” гэлээ.

Орчин үед ууцныхаа том, жижгээр өрсөлддөг “мода” дэлгэрээд байгаа. Эрт үед ч мөн энэ зүйл байсан эсэхийг сонирхоход “Барьж ирэх ууц гэж байдаг. Үүнийг таахай ууц гэдэг. Өндөр гэгээн Занабазарыг дүрсэлсэн зурган дээр жижигхэн ууц таллаж байгаа харагддаг. Тэгэхээр Цагаан сарын ууц тийм саяхныг хүртэл нүсэр бус таахай байсан. Эрт үед хангай чигийн хүмүүс Цагаан сарынхаа идээнд ангийн мах тавьдаг байсан түүх бий. Энэ баярын уг сурвалж нь Хувь сар буюу анчин гөрөөчний баяраас үүдэлтэй учир тэр” гэнэ.

Тэд гэрийнхээ баруун хананд дөрвөн хүүхдээ тэврэн авахуулсан гар зурган дээр тойруулан бичсэн ерөөлийн үгээ жаазлан өлгөсөн байв. Тухайн үед эхнэр Д.Одсүрэн докторын зэрэг хамгаалахтайгаа зэрэгцэн “Алдарт эх”-ийн одонгоо зүүсэн бөгөөд “Эхийн баяр, Эрдмийн баяр” хүндэтгэлийн арга хэмжээ хийж байсан тэр үед эл ерөөлийн үгээр хүрээлэгдсэн зургийг бэлэглэсэн байна. Гэрийн эзэгтэй “Бид хоёр бусад сүрхий хүмүүс шиг амьдрал, үр хүүхдээ төлөвлөөгүй ээ. Бурханаас заяасан бэлэг л гэж боддог. Хүүхдүүд эрүүл саруул өсөж байгаа нь л том аз жаргал” гэлээ. Хүүхдүүдээ уг нь ном их уншаасай гэж боддог, даанч заримдаа санаснаар болохгүй сатаарах юм их болчихож. Бид хоёр ч хүүхдүүддээ бага цаг зарцуулах юм. Ээж, эмээ нарын маань ачаар л хүүхдүүд маань өсөж торниж байна. Залуу байсан болоод ч тэр үү, ер амьдралд түүртэж байсангүй. Хүүхдүүддээ цаг гаргаж хамтдаа байх, бас эрүүл мэндэд хэрэгтэй гээд гэр бүлээрээ усанд сэлцгээнэ. Хүүхдүүд маань бидний ажил хөдөлмөр эрхлэхэд огтхон ч түвэг болж байгаагүй. Ажлын тухайд анх их сургуулиа төгсөөд энэ сургуульдаа багшаар ажилд орж байсан. Тухайн үед тосож авсан хамт олон, удирдлагаасаа их зүйлийг сурч авсан. Тэгээд сургалтын алба, эрдэмтэн нарийн бичгийн дарга, улмаар 2010 онд тус сургууль СУИС-д нэгдсэний дараа төв сургуулийн Сургалтын бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байгаад одоо буцаад сургуульдаа захирлаар ажиллаж байгаа” хэмээв. СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургууль 2018 онд СУИС-ийн Шилдэг сургууль болж Д.Одсүрэн Шилдэг захирал болж байжээ. Тэрээр ажил руугаа орохоор нэг л жаргалтай байдаг. Ямар ч ажилд сэтгэл зүрхээ зориулахад л аяндаа ажил бүтээд байдаг гэж ярилаа.

Ийн ярилцсаар нэг мэдэхэд гадаа харанхуй болсон тул бидний яриа өндөрлөж тэд хүүхдүүдээ дагуулан эмээгийндээ очиж Цагаан сарынх нь буузыг хийхээр хамтдаа гарцгаав.

З.МӨНХСУВД