УЛААНБААТАРЫН ДАРАА ЭРЭМБЭЛЭГДЭХ ЭРДЭНЭТ

Зууны манлай бүтээн байгуулалтыг Орос ах нар тэртээ 1974 онд “Эрдэнэтийн овоо”-ны арын хөндийд эхлүүлсэн нь өдгөө 35 насныхаа ойтой золгож байна. Булган аймгийн Эрдэнэт хороог Орхон аймаг болгож улмаар Улаанбаатарын араас эрэмбэлэгдэх хэмжээний том хот болгосон нь хүн амын өсөлт болоод эдийн засгийн эргэлтээрээ  гайхагддаг.

 Эрдэнэт хот нь 90 орчим мянган хүн амтай, 80 мянга гаруй толгой малтай, 20 гаруй цэцэрлэг, дөрвөн цогцолбор, 16 ЕБС, зэсийн болоод хивсний үйлдвэр, 10-аад телевиз, есөн амралт, аялал жуулчлалын бааз, 30-аад зочид буудал гэх мэт бүтээн байгуулалтын нүүр царай, хөрөнгө оруулалтын гол нэгжүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Орхон аймгийн эдийн засгийн голлох салбар нь уул уурхайн олборлох үйлдвэр.  Нийт 1700 шахам аж ахуйн нэгжид 34 мянган хүн ажиллаж жилдээ нэг триллион төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгээс 90 орчим хувийг нь жилдээ 25 сая  тонн хүдэр олборлох хүчин чадалтай Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр дангаараа гаргадаг. Энэ бол “Эрдэнэт” үйлдвэрийн үр ашгийг ярьж эхэлсэн 17 жилийн дараах товчхон амжилт.

ОЮУТОЛГОЙД ХОЁР ДАХЬ ЭРДЭНЭТ СҮНДЭРЛЭХ ҮҮ

Хэдийгээр Монголын хөгжлийг шинэ зуунд эхлүүлэх Эрдэнэт хотын бүтээн байгуулалтыг бут цохих  хэмжээний хөрөнгө босгож тэр хэрээрээ өмнийн говийг баян бүрд болгоно гэх сүржин даржин гоёчлолоор 17 жил амьдарсан Оюутолгойн бүтээн байгуулалт өнөөдөр хэдэн сэндвичээс өөр тоочих юм үнэндээ хомс байна.

Хэдэн тэнэмэл Канадуудын балагаар говийнхоо усны нөөцөөс эхлээд хөрсний эрүүл ахуй, амьд байдлыг үгүйрүүлж байгаагаа шилдэг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн амин чухал урсгалыг бий болгож байна гэх мэт ганган томъёогоор иргэдийн нүд чихийг хучиж байгаа ч байдал газар дээрээ тэс өөр байгааг хэвлэлийнхэн залхтал шүүмжилдэг. Тэгвэл 17 жилийн дараа Эрдэнэтээс мисс төрсөн бол энэ хугацаанд Оюутолгойгоос биеэ үнэлэгчид мэндэлсэн нь хэдийнэ иргэдийн цай уух зуураа ярьдаг сэдэв болжээ.Олборлолт хийх нэрээр говийн гадаргын усыг хэдийнэ ховх сороод гүний ус руу ороод эхэлчихсэн гэдгийг нутгийн иргэд сэтгэл зовнин мэдээлж байсан ч тэгэсхийгээд намжсан. Оюутолгой компани нэг секундэд 870 литр ус ашиглах гэрээг Монгол Улсын Засгийн газартай байгуулж байсныг иргэд мартаагүй. Гэтэл цаасан дээрх гэрээг салхинд хийсгэж, цаг хожих гэсэн Оюутолгойнхон ундны усыг ийнхүү хайр найргүй дуусгаж байна. Учир нь газрын хөрсөнд байх усны гольдирлууд нэг нэгнээсээ эх авдаг нарийн тогтоцтой.Үүнийг нь хүчирхэг техникээр ховх соруулахад усны нөөц хэр зэрэг багасах нь тодорхой.

Оюутолгой компанийнхан 30 жилийн турш гүний цэвэр усыг ашиглана гэгдэж байсан.Элий балай энэ шийдвэрийг нь эрх мэдэлтнүүд болоод эрдэмтэн судлаачид нь нягталж үзээгүйгээс өнөөдөр Өмнөговийнхон ундны усны хомсдолд орох аюулд оржээ.

Одоогоос хэдэн жилийн өмнө Оюутолгой баяжуулах үйлдвэрийн хүчин чадал хоногт 100 мянган тонн хүдэр боловсруулна. Оюутолгой цогцолборын нийт хэрэгцээний усны 84 хувийг эргэлтээр дахин ажиллах бөгөөд 16 хувийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт гүний хоолойн талбайд газрын гүний уснаас авч ашиглана гэж байсныг эргэн сануулъя. Энэ нь Оюутолгой ордоос 25-70 километр зайд орших гүний хоолойн газрын доорх усны ашиглалтын нөөцийг хоногт 75 мянга 168 шоо метрээр ашиглах тооцоо.Энэ бүгд нь “Улсын усны мэдээллийн санд” бүртгэгдсэн байхаар яригдаж байлаа.Тэгвэл Оюутолгойн компани хэдий хэр ус ашиглав, усны нөөц хэдэн хувьтай байна гэдгийг тайлагнах газар өнөөдөр алга.

Энэ бол зөвхөн устай холбоотой зовнил.Үүнээс гадна охид эмэгтэйчүүдийн эрүүл мэндтэй холбоотой асуудал хөндөгддөг ч мөн л намждаг нь Оюутолгойтой холбоотой сөрөг мэдээлэл нийгэмд төрөхөөс болгоомжилсон хэсэг хүмүүсийн санаачлагаар намждаг.Тэгвэл тоочоод дуусамгүй Оюутолгойн өмнийн цэнхэр говьд бий болгосон бүтээн байгуулалтыг Эрдэнэт хотын өнгө төрхтэй харьцуулъя.

М.МӨНХТУНГАЛАГ