"Эрдэнэт" үйлдвэрийн  49 хувийн хувьчлалтай холбоотой хэргийг ЦЕГ, АТГ-ын  хамтарсан ажлын хэсэг шалгаж буй билээ. Үүнтэй холбогдуулан өчигдөр (2019-3-5)  Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг ЦЕГ-ийн Эрүүгийн Цагдаагийн Газрын албан хаагчид албадан саатуулж, мэдүүлэг авсан юм.

Үүнтэй холбоотойгоор тэр даруйд нь Худалдаа Хөгжлийн Банк мэдэгдэл гарган," ... үйл ажиллагаагаа хэвийн байгааг хариуцлагатай мэдэж байна" хэмээв.

Гэсэн хэдий ч Д.Эрдэнэбилэг, О.Орхон нараас байцаалт авч дуусмагцаа цагдаагийнхан Худалдаа Хөгжлийн Банкин дахь тэдний албан өрөөнд нэгжлэг хийсэн юм.

Өөрөөр хэлбэл Д.Эрдэнэбилэг, О.Орхон нарыг шалгахтай холбоотойгоор Худалдаа Хөгжлийн Банкны үйл ажиллагаа, холбогдох зарим бичиг баримтуудыг шалгах нь тодорхой болоод байна.

 

Нөгөөтэйгүүр Худалдаа Хөгжлийн Банк бодит байдал дээрээ удирдлаггүй болоод байна гэхэд болно.

Учир нь тус банкны эзэн буюу ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, банкны өдөр тутмын бүхий л үйл ажиллагааг гардан зохион байгуулах чиг үүрэг бүхий гүйцэтгэх захирал О.Орхон нар нь гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна.

 

 

Гэтэл тус банкны удирдлагаас одоогоор сул чөлөөтэй ажлаа хэвийн хийж буй хамгийн том албан тушаалтан болох Худалдаа Хөгжлийн Банкны Ерөнхийлөгч Б.Мэдрээгийн хувьд мөн л улс төртэй холбоотой хүн.

Тодруулбал тэрээр АН дахь МҮДН фракцийн гол гишүүдийн нэг.

Улс төрийн хүрээнийхний дунд шууд яригддагаар бол "Эрдэнэт"-ийн 49 хувийг авсан бүлэглэлийн нэг хэсэг нь АН дахь МҮДН фракци ч гэгддэг.

Мөн Худалдаа Хөгжлийн Банкны 27 тэрбум төгрөгөөр бариулсан төв байрныхаа хоёрхон давхрыг Хөгжлийн Банкинд 28 тэрбум төгрөгөөр зарсан гэрээн дээр ч Худалдаа Хөгжлийн Банкны Ерөнхийлөгч Б.Мэдрээгийн гарын үсэг бий.

Иймээс ч цаашид "Эрдэнэт"-ийн 49 хувийн ба бусад хэрэгт шалгагдахгүй гэхэд бэрх.

Гэтэл банкны салбар маш эмзэг, улс төрөөс хол байх ёстой байдаг.

Ер нь ч Монголын банкны салбар, ядаж л гүйцэтгэх удирдлагууд нь улс төрийн намаас хол байдаг бичигдээгүй хууль байдаг. 

 

Голомт банкны Гүйцэтгэх захирлаар Ө.Ганзориг, Хаан банкны Гүйцэтгэх захирлаар Жонн Бэлл, Хас банкны Гүйцэтгэх захирлаар Г.Амартүвшин, Капитал банкны Ерөнхий захирлаар А.Ариунболд, Капитрон банкны Ерөнхий захирлаар Л.Ариунаа, Улаанбаатар хотын банкны Гүйцэтгэх захирлаар Л.Энхмэнд, Чингис хаан банкны Гүйцэтгэх захирлаар, С.Сандагдорж , Ариг банкны Гүйцэтгэх захирлаар Д.Төмөрхүү, Богд банкны Гүйцэтгэх захирлаар Г.Саруул, Кредит банкны Гүйцэтгэх захирлаар Кравцов А.С, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Гүйцэтгэх захирлаар Б.Тулга нар тус тус ажилладаг ба бүгд улс төрийн намын гишүүн бус юм. Харин улсын өмчийн Төрийн банк, хувийн өмчийн Худалдаа, Хөгжлийн Банкны удирдлагууд улс төрийн намын гишүүнчлэлтэй. 

 

Гэтэл "Сахал" Д.Эрдэнэбилэгийн эзэмшлийн банк энэ жишгийг эвдэж, улс төрийн томилгоогоор удирдлагыг нь сонгодог Төрийн банкны түвшинд хүрсэн нь анхнаасаа "мордохын хазгай" болох шалтгааныхаа нэгийг өөрсдөө  тавьчихав yy? гэж дүгнэхэд хүргэж байна.

 

Худалдаа Хөгжлийн Банкны Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирлууд нь "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг  "Монголын зэс" авах үед Засгийн эрх барьж байсан  АН-ын гишүүн, тэгэхдээ жирийн ч гишүүн нь бус нэг нь Сүхбаатар дүүргийн АН-ын дэд дарга, нөгөөх нь "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг авах ажиллагаанд оролцсон гэх АН-ын МҮДН фракцийн гол төлөөлөгч байгааг жирийн тохиолдол гэхэд итгэмгүй.

Банкны салбар нэн эмзэг болсон үед Худалдаа, Хөгжлийн Банкны гүйцэтгэх удирдлагууд улс төрийн амбиц, шийдвэрээсээ салж чадахгүй байгаа нь мэргэжлийн хүрээнийхний дунд ихээхэн эргэлзээ үүсгээд байгаа нь нууц биш.

Иймээс ч Монгол улсын үндэсний хэмжээний маш олон тооны харилцагчидтай Худалдаа Хөгжлийн Банкны үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд  улс төртэй холбогдсон тус банкны гүйцэтгэх удирдлагуудыг нэн даруй чөлөөлөх шаардлага үүсч буй юм биш үү?

Ядаж байхад өчигдөр (2019-3-5)-нд гаргасан тус банкны албан ёсны мэдэгдэл нь Монгол төрийн зарим албан тушаалтныг үгүйсгэсэн, шүүмжилсэн агуулгатай байсан билээ.

Гэтэл төртэйгээ тэрсэлдэж байгаа мэт хандлага гаргаж буй банкинд иргэд итгэх нь зөв үү?

Эсвэл "Эрдэнэт"-ийн 49 хувийн хэрэгт холбогдолтой гэж УИХ-ын нэр бүхий гишүүдийн шууд нэр заан өгүүлдэг АН-ын МҮДН фракцийн төлөөллийн удирдаж буй банктай харилцаж буй хэн бүхэн болгоомжтой хандах ёстой юу? 

 

Юутай ч энэ мэт олон эргэлзээг тайлж, улс төртэй холбогдсон гүйцэтгэх удирдлагуудаа үүрэгт ажлаас нь чөлөөлж, нэр цэвэр мэргэжлийн банкируудаар удирдуулах уу?  ТУЗ-ийн даргынх нь шалгагдаж буй хэрэг банкных нь цаашдын үйл ажиллагаанд нөлөөлөх үү? гэх мэт олон сорилт Худалдаа Хөгжлийн Банкны өмнө тулгараад байна.

 

П.Энхмандах

Эх сурвалж: www.sonin.mn