Монгол улсад ажиллаж, амьдарч байгаа гадаад иргэдийн тоог БНХАУ-ын иргэд тэргүүлдэг. Өөрөөр хэлбэл БНХАУ-ын иргэн олон байгаагаас үүдэн тус улсын иргэд гэмт хэрэгт холбогдох тохиолдол их байдаг. Үүний нэг болох ял авсан БНХАУ-ын нэгэн иргэний жишээгээр хүргэж байна.

БНХАУ-ын иргэн ямар хэрэг үйлдэв?

БНХАУ-ын иргэн Ф.З.Х, /F.Z.H/ нь Өмнөговь аймгийн Номгон сумын “Дэрсэнэ-Ус” багийн нутаг дэвсгэрт ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй "Дун Юань" ХХК-ийн Хар толгойн уурхайн даргаар ажиллах хугацаандаа компанийн удирдлагад мэдэгдэлгүйгээр дур мэдэн компанийн жолооч Н.Г-О-д үүрэг өгөн тусгай зөвшөөрөлгүйгээр Натрийн сульфид /Na2S-60%, Fe-0.15%, Sodium sulfide СAS-1313-82-2/ гэх химийн хорт, аюултай бодис 82 тонныг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 6-82 тоот хашаанаас Өмнөговь аймгийн Номгон сумын “Дэрсэнэ-Ус” багийн нутагт байрлах “Дун Юань” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг Хар толгойн уурхайд 2017 оны 09 дүгээр сарын 10-наас 28-ны өдөр хүртэл хугацаанд хууль бусаар тээвэрлэсэн,

 Өмнөговь аймгийн Номгон сумын “Дэрсэнэ-Ус” багийн нутаг дэвсгэрт байрлах “Дун Юань” ХХК-ийн Хар толгойн уурхайн баяжуулах үйлдвэр дотор болон гадна орчинд 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр химийн хорт, аюултай бодис болох 82 тонн натрийн сульфид /Na2S Sodium sulfide/-ыг хууль бусаар хадгалж, улмаар тусгай зөвшөөрлийн дагуу олборлосон хүдрийг боловсруулах зорилгоор дээрхи химийн хорт, аюултай бодисыг ашиглаж гаргасан хүдрийн баяжмалаас 203.75 тонныг 4 автомашинд ачуулж 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд Номгон сумын төв хүртэл, 60 тонн хүдрийн баяжмалыг 1 автомашинд ачуулж, 2017 оны 10 дугаар сарын 28-наас 29-ний өдөр хүртэл хугацаанд Өмнөговь аймгийн Номгон сумын Дун-Овоо гэх газар хүртэл хууль бусаар тус тус тээвэрлэсэн,

 2017 оны 09 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд хууль бусаар олж аван тээвэрлэн Өмнөговь аймгийн Номгон сумын “Дэрсэнэ-Ус” багийн нутаг дэвсгэрт байрлах “Дун Юань” ХХК-ийн Хар толгойн уурхайн баяжуулах үйлдвэрт авчирсан дээрхи химийн хорт, аюултай бодис болох 82 тонн натрийн сульфидыг хууль бусаар хадгалж, ашиглан хүдрийн баяжмал бэлтгэх явцдаа баяжуулах технологийн горим /баяжуулах үйлдвэрийн болон хаягдлын далан/ зөрчсөнөөс говь цөлийн хуурай ландшафтад гадаргын ил урсац үүсгэсэн, далд уурхайн шүүрлийн усыг байгальд шууд асгаж 5120 м2 хөрс талбай химийн бодисоор бохирдож, 2.27 га талбайд эвдрэл үүсгэж, 41150 м3 ухаш бүхий эвдрэлийг газрын хэвлийд үүсгэсэн зэргээр Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт нийт 134.168.951 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан

 

Дураараа дургисан БНХАУ-ын иргэн хэн бэ?

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн /паспортын дугаар Е889****/, 1965 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр БНХАУ-ын Шандунь мужид төрсөн, 53 настай, эрэгтэй тусгай дунд боловсролтой, үнэлгээчин мэргэжилтэй, “Дун Юань" ХХК-ийн Хар толгойн уурхайн даргаар ажилладаг, ам бүл 5, ээж, эхнэр 2 хүүхдийн хамт БНХАУ-ын Шандунь мужийн Лин И хот, Нужуан дүүрэг Вэньхуа зам, 180 тоотод оршин суудаг, Монгол Улсад Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “.............” хотхоны ...байрны ... тоотод түр оршин сууж байгаа гэх, өөрийн харъяаллын улсаас болон Монгол Улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэгдэж байсан талаар цагдаагийн байгууллагад мэдээлэл бүртгэгдээгүй, “Цадигт гэгээн” ХХК-ийн нэр дээр Монгол Улсад хөдөлмөр эрхлэгчээр оршин суух зөвшөөрөл бүхий CHN0000187750 дугаарын үнэмлэхтэй Ф.З.Х, /F.Z.H/

Түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас  тухайн газрын хөрс ус ургамал амьтан зэрэг байгальд ноцтой их хэмжээний хохирол учруулж, байгаль орчны тэнцэл алдагдуулсан байна. Үүнийг шинжээч нотолсон байдаг. Тодруулбал шинжээч Т.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Эцэст нь дүгнэхэд “Дун Юань” компани ашигт малтмал баяжуулах явцдаа байгалийн нөөцүүдэд нийт 134 сая 168 мянга 951 төгрөгний хохирол учруулсан байна. Баяжуулах үйл ажиллагаандаа химийн бодис ашиглаж, химийн бодисын ашиглалт хадгалалт хамгаалалтын дүрэм журмын мөрдөөгүй зөрчсөн байгаа нь тогтоогдлоо. Технологийн процестой химийн бодис ашиглан хоргүйжүүлэх процес хийгээгүйтэй холбоотой хөрс ус ургамал амьтан зэрэг байгальд ноцтой их хэмжээний хохирол учруулж, байгаль орчны тэнцэл алдагдуулсан байна..." гэжээ.

Ноцтой энэ хэргийг орон нутгийн иргэн анх мэдэж орон нутгийн захиргаа, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг зохих байгууллагуудад мэдэгдснээр ил болсон юм. 

Энэхүү хууль бус үйлдлийг тухайн уурхайд ажиллаж байсан хүмүүс мэдэж байсан ч зохих байгууллагад нь хандаагүйгээс ийнхүү байгаль орчинд ноцтой их хэмжээний хохирол учирсан байгаа юм.

“Дун Юань” ХХК-иас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийн дагуу нэхэмжилсэн 134.168.951 төгрөгийг шүүгдэгч Ф.З.Х, /F.Z.H/ нь мөрдөн байцаалтын шатанд төлсөн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нөхөн төлсөн гэж шүүх үзсэн. Улмаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон Ф.З.Х, /F.Z.H/ -г химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар тээвэрлэсэн, ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Ф.З.Х, /F.Z.H/ -г 15000 / арван таван мянга/-н нэгж буюу 15.000.000 / арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм.

Монгол улс эзэнгүй мэт авирласан энэ үйлдэлд цаашид гарахгүй гэх баталгаагүй. Тиймээс орон нутгийн иргэд энэ мэтээр нутаг орныхоо төлөө нутгийн удирдлага, цагдаа, мэргэжлийн байгууллагадаа хандах нь зүйтэй юм.