Би анх найман настай сургуулийн сурагч болж, аравдугаар ангийн боловсрол эзэмшээд оюутан болдог үеийн хүүхэд. Тухайн үед бие даасан догь гар байснаа санаж байна. Хичээлдээ ганцаараа гүйж оччихоод багшийн хэлсэн, ярьсныг бүгдийг аав, ээждээ дамжуулчих хэмжээний байснаа бие даасан догь гар гэж тодорхойлоод авлаа. Харин одоо боловсролын систем тэс өөр болсон. Өмнө нь цэцэрлэгийн бэлтгэл ангиа төгсөөд намар сургуульд явахаасаа өмнө хавар нь сургуулийн сурагч болох бэлтгэлийг хангаж "бэлтгэл" анги гэж хэдэн сарын сургалтад хамруулдаг байсан юм. Гэтэл өдгөө энэ арга хэдийнээ үгүй болж, тоглож наадах насан дээрээ "хичээл" гэдэг том хадны мангаатай учирсан бяцхан үрс мэдрэлийн ядаргаанд орж байна. Багшийнхаа хэлсэнийг хүртэл бусдад дамжуулах манатай бушуухан амрахын түүс болдог болсон.

Уг нь зургаан настай буюу нэгдүгээр ангид "хичээл" заахгүй тоглоомын аргаар заана гээд л боловсролын системийн өөрчлөлтөө рекламдаж байсныг эцэг, эхчүүд ч санаж буй биз ээ. Гэтэл өнөөдөр амьдрал дээр юун тоглоомын аргаар хичээл сурах, толгой өөд татахгүй гэрийн даалгавраа хийгээстэй. Цаашлаад нэгдүгээр ангийн хүүхэдтэй айлд дор хаяж хэн нэг нь ажилгүй сууж байж түүний гэрийн даалгавар, хичээлд нь хүргэж өгөх, авах гээд том ажилд давхар цүйтгэх болсон. Адаглаад замын хөдөлгөөний хуулиндаа 10 нас хүртэлх хүүхэд асран хамгаалагч, эцэг эхийн хэн нэгэнтэй нь хамт яваагүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэдэг болсон болохоор гэр ойрхон гээд орхиж болохгүй. Нөгөөтэйгүүр, зургаахан настай балчирууд цүнхээ үүрч дийлэхгүй, багш эцэг эх, асран хамгаалагчийн гарт сурагчаа хүлээлгэж өгнө. Энэ мэтчлэн тоочивол асуудал ургаад л байна. Угтаа хуулиндаа  1-2 цаг амарсны дараа, гэрийн даалгавар хийж эхлээд хагас цаг тутамд 10 минут амраах ёстой гэсэн байдаг гэнэ. “Эко царс” гэр бүлийн боловсролын төвийнхөн зургаан настнууд гэрийн даалгавраа хийхэд олон улсын стандартаас 13 дахин их хугацаа зарцуулж байгааг судалж тогтоожээ. Хичээлээсээ ирээд шөнө болтол даалгавраа хийдэг хүүхдүүд зөндөө бий.   Бага балчиртаа эрдэм сурвал ухаан сэргэг болно гэлцдэг. Харь орноос хуулбарласан боловсролын тогтолцоогоо Монголын хөрсөнд маш муу буулгасан нь олон зүйлээс харагдах болсон. 

-Сурах бичгийн агуулга, стандарт, үг хэллэг, сэдэв

-6 наснаасаа сурагч болоод 12-р ангиа төгсөж байж бүрэн дунд боловсролтой болно

-Анги дэвшин суралцах боломж хумигдсан

-Бэлтгэл ангигүй болсон

-Багш нараа бичиг цаасны ажлаар хэт дарсан

-Багш нар нь цахим журналтай ноцолдоод хамаг цагаа бардаг

-Сурах бичигт оруулсан эх нь хүүхдэд юуг ойлгуулах гээд байгаа нь эргэлзээтэй сэдвүүдтэй

-Унших бичгийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөсөө хассан

-Сурах бичгүүдэд орсон эхүүд утга зүй болоод логикийн алдаатай. Үүнийгээ тэд "цөм хөтөлбөр"-ийг баталсан сайд хурдан ажил хэрэг болгох тушаал гаргасанаас үүдэлтэй. Номын зохиолч нарыг "хичээл орохоос өмнө шинэ сурах бичиг зохио" гэдэг тушаал өмнөх сурах бичгүүдийг хаа ч хүрэхгүй "хачин ном" болчихсон. Багш нар нь ч өөрсдөө зарим эхийн учрыг үл олдог гэдгээ нуудаггүй. Туршлагатай багш нар сурах бичгийг дагасан болоод өөр номоор хичээлийн эхээ орчихдог гэдэг.  Энэ нь ном шахлаа, номгүй гэх асуудлыг үүсгэх болжээ. 

Агуулга нь томдсон, сургах зүйлгүй гэж ахмад багш нар шүүмжилж байсан. Гэтэл үе үеийн боловсролын сайдууд үл тоомсорлосон юм. Зургаан настай хүүхдэд тоглоомын аргаар хичээлээ зааж байгаа багш тун ховор. Цэцэрлэгтээ тоглоод, хүмүүжээд явж байх насан дээр нь сандал, ширээний ард дөрөв, таван цагаар номхон суулгана. Сүүлдээ зааж байгаа хичээлийг ойлгохгүй байгаа сурагчдыг эцэг эхтэйн хамт аашилж, загнадаг болсныг хэн хүнгүй дуулах болсон. Ийм бүрхэг боловсролын системийн "хонгилын үзүүрт гэрэл асаасан" сайд Ё.Баатарбилэг "цөм хөтөлбөр"-ийг өөрчлөнө гэж ам алдсан нь өдгөө хүлээлт үүсгээд эхэлжээ. 

 

 

 

Бага ангийн боловсрол /цуврал-1/ - Иргэний боловсрол хичээл Уран зохиолын хичээлийг орлож чадах уу

Бага ангийн боловсрол /цуврал-2/: Зөв бичих дүрмийн аль нь зөв бэ? буюу Цээж үү, Чээж үү

Бага ангийн боловсрол /цуврал-3/: "Унших бичгийн хичээлээ оруулъя" сайд аа

Бага ангийн боловсрол /цуврал-4/ : Цөм хөтөлбөрийн уршгаар "сурах бичиггүй хичээлээ хийж байна"