"АЛМАС СУРВАЛЖИЛСАН ТЭМДЭГЛЭЛ" Р.Равжирын 1990 онд хэвлэгдсэн нэгэн ном байдаг бөгөөд түүнд 20 гаруй жил алмасны судалгаагаар ШУА-д ажилласан Равжир гуайн цуглуулсан баримт сэлт бий. Тухайлбал:
  "Арван дөрөвдүгээр жарны улаагчин тахиа жил /1837 он/ Үзэмчний Алтан Үүрэгт гэж алдаршсан Лувсандоной бадарчин Баруун Зууд Лхас Молом арван дөрөв дэх удаагаа аялан очоод буцах замдаа Цэнхэр Номингийн говиос заган дунд үхсэн эрэгчин хүн гөрөөс олжээ. Түүнийгээ ар зоогоор нь ярж хөл гар толгойг нь битүү өвчиж давсалж үүрээд цөсийг нь өвөртлөн Богдын Хүрээнд иржээ. Тэр үед алмасын зөв хатаасан цөс маш үнэтэй байжээ. Маарамбууд түүгээр анагаагдашгүй архаг өвчин, буу жадны шинэ шарх эмчилж цус алдалтыг зогсоон эдгээдэг учир Лха эрдэнэ гэж ихэд дээдэлдэг байв. Лха амьтны гаралтай эмийн зүйлд энэ цөс үлэмж дээгүүр үнэлэгддэг ажээ. Луу Маарамба гэгч Богдод эмч нь болоод төдийлөн удаагүй байжээ. Алтан Үүрэгт бадарчин Луу Маарамбад бараалхаж алмасын цөсөө шугам алт /чигчий хуурууны хэмжээтэй/-аар өгч Богдын сангаас үнэ шангаа хүлээж аваад улмаар хүн гөрөөсний давсалсан арьсаа Галбын Улаан Сахиусанд өргөсөн юм гэнээ. Тэр үеийн Галбын Улаан Сахиусны хийдийн урчууд гар хөл, толгойд нь хөвөн чихэж улаан цэмбээр хэл, улаан шилээр нүд хийж, Улаан Сахиусны дээр янш, лавир болгон хадсан гэнэ.

Янш лавир гэдэг нь амьтны бүтэн арьсаар дүрс гарган хийсэн хагас садган бүрцэг юм. Тэрхүү янш лавирыг харахад бүх бие нь үсээр хучигдсан болохоос биш яг л хүн хүн шиг харагдах ажээ. Уул арьсан лавир хоёр метр орчим өндөр, цээж өргөн, бөгс шувтан, урт гартай, хамрынхаа угт ойрхон улаан нүдтэй, ганц хуруу орчим нарийн духтай, зулайгаараа хавтгай, хойшоо гээдэн толгойтой, азарганы дэл мэт, бусад биедээ улаан саарал ноолуурхаг, суга цавиараа нимгэн үстэй, цүрдгэр гэдэстэй, нүүрэндээ хөмсөг сормуус сахлаас өөр үсгүй, хөлийн эрхий болон долоовор хуруу нь том, палбагар өргөн тавхай нь тэмээний таваг мэт зузаан эвэрлэг сайртай байсан" гэж Лувсандорж гуай Төв аймгийн Баянзүрх сумын харьяат 1974 онд 72 настай агсан хүн бөгөөд үндсэн нутаг нь Галбын говийнх,.. ярьжээ. Тэр нэмж хэлэхдээ "Та "Галбын хөгжил" нэгдэлд очвол 1937-1938 онд 10-с дээш настай байсан хүн бүхэн тэрхүү лавирыг үзсэн тул мэдэх ёстой шүү" гэж захиж билээ. 1939 онд Галбын Улаан Сахиусны хийдийг буулган үрэн таран хийхэд тэрхүү янш лавир хамт устгагджээ.

***
1974 оны 2-р сард Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг Хаш Толгойн үхэр фермийн эрхлэгч Халхвай надтай Хатуугийн Улаан голын эхэнд ирж уулзлаа. Тэр ярихдаа "манай Хаш Толгойгоос доош Бугын голын эрэгт хүн гөрөөс хэвтэж байгаад харзны уснаас морь услахаар явсан хүүхдээс үргэж Бугын гол дээгүүр харайж гараад хавцал өгсөн явжээ. Тэр тухай мэдээлэх гэж ирлээ" хэмээн ярьлаа. Түүнийг шалгаж үзэхэд Бугын голын урд эргийн цасан дээр хэвтэж байгаад үргэж босонгуутаа Бугын голын 1 м 30 см харзан дээгүүр харайж дахин 80 см өндөр эргэн дээр гартал үсэрч цааш хүнчилж явсан 34 см хөлийн мөрийг үзэж зургийг нь авлаа. Халхвай дээр үед Баян-Өлгий аймгийн сэргийлэхийн дарга байгаад тэтгэвэрт гарсны дараа Хаш толгойн фермийн эрхлэгч байгаад одоо сул цалинд суужээ.