ОБЕГ-аас цаг уурын нөхцөл байдал, гал түймэртэй холбоотой мэдээллийг өгөв. Цаг агаарын нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн “Зуны эхэн сар гарсан хэдий ч цаг агаарын нөхцөл байдал тогтворгүй байна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь аймгийн нутгаар цасан болон шороон шуурга шуурлаа. Цасан шуурганы улмаас малдаа яваад сураггүй болсон, цасанд боогдсон 20 гаруй дуудлага ирж,  64 иргэнийг авран хамгаалсан. Цасан шуурганы улмаас Өвөрхангай аймгийн Богд суманд хоёр иргэн, Өмнөговь аймагт дөрвөн иргэн нас барсан харамсалтай тохиолдол гарлаа. Мөн цасан болон шороон шуурганы улмаас Ховд аймагт 12 гэр, дөрвөн модон шон унасан. 

Төв аймгийн Баяндэлгэр суманд 350 бог мал цасанд дарагдаж, хорогджээ. Цаг уурын байгууллагын мэдээллээр энэ сарын 14-17-нд салхи 14-16 метр секунд хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй. Мөн Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон Сэлэнгийн саваар ахиу хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. Тиймээс малчид малдаа явахдаа дулаан хувцаслах, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, цаг агаарын таагүй нөхцөл байдалтай үед замд гарахгүй байхыг сэрэмжлүүлж байгааг онцгойлон анхаарна уу" гэв.