Аяга, шанага, халуун сав, цаг тооны бичиг гээд улс төрийн сонгуулийн үеэр иргэдэд үнэгүй тараадаг улстөрчдийн гарын бэлгээс дэлгэсэн үзэсгэлэнг өнөөдөр Монгол Улсын их сургуулийн хичээлийн хоёрдугаар байранд дэлгэлээ.

Ихэнх улстөрчийн гарын бэлэгт УИХ-ын гишүүний өөрийнх нь зураг, овог, нэр бичээстэй байв. Үзэсгэлэнгийн танхимын гол хэсэгт УИХ-д нэр дэвшсэн гишүүдийн овог, нэртэй төрөл бүрийн аягыг дэлгэжээ. Мөн үзэсгэлэнгийн баруун хэсэгт хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн улстөрчдийн гарын бэлэг тарааж буй зураг тайлбартайгаа, доод хэсэгт нь шуудай гурил, будаа, сүү, шашны эд зүйл, ном гээд олон гарын бэлгүүдийг байрлуулжээ.

Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байгаа Монгол Улсын их сургуулийн Улс төр судлалын тэнхимийн ахлах багш, доктор Д.Эрдэнэдалай “Монголын улс төр гэдэг  хичээл үздэг оюутнуудтайгаа хамтран “Монголын улс төрд ямар асуудлууд байна вэ” гэж ярилцаж, судалсан. Тэгээд нэг сонирхолтой санагдсан зүйл юу вэ гэхээр улстөрчид сонгуулийн болон сонгуулийн бус үеэр иргэдэд гарын бэлэг тараадаг. Заримдаа тэд ажлаа тайлагнаж байгаа нэрийдлээр бэлэг тараадаг. Ардчилсан нийгэм нь сонгуульд оролцож буй иргэдийн тэгш эрхийг хангах ёстой байдаг. Гэтэл өнөөдөр хэн мөнгөтэй эрхэм нь сонгуульд оролцож, ард түмний саналыг худалдан авч байна. Энэ нь ардчилсан нийгмийн сонгох, сонгогдох эрхийг ч гэсэн зөрчиж байгаа юм.  Тэгэхээр энэ нь буруу учраас оюутнууд хаанаас ч хамаагүй  улстөрчдийн өгсөн гарын бэлгийг цуглуулж, үзэсгэлэнгээ дэлгэсэн юм. Нөгөө талаасаа сонгогчид ч эдгээр бэлгийг авах сонирхол маш их байгаа. Тиймээс сонгогчдод улстөрчдийн гарын бэлгийг бус мөрийн хөтөлбөрийг нь харж, сонголтоо хийх нь чухал гэдгийг хэлэхийг хүссэн” гэлээ.