Монголчууд махны үнийг дийлэхээ болих шинжтэй. "Мах үнэтэй байхад битгий ид" хэмээн улс төрч нь хүртэл ард түмнээ дорд үзээд авах нь тэр. Одоогоос зургаан жилийн өмнө өндөгний үнэ 500 төгрөгт хүрэхэд, тухайн үед ерөнхий сайдын албыг хашиж байсан эрхэм "Өндөгний үнэ нэмэгдсэн нь үнийн өсөлт биш.

Бүх юмны үнийг  тогтвортой байлгадаг Засгийн газар хаа ч байхгүй. 230 нэр төрлийн бүтээгдэхүү нэмэгдэж байж үнийн өсөлт гэнэ. Будааны үнэ өндөр байгаа бол гурил идчих хэрэгтэй шүү дээ" хэмээж байсан удаатай. Тэгвэл монголчуудыг өдөрт 200 грамм мах ид, махны замбараагүй хэрэглээгээ боль гэчихээд сууж байдаг улс төрч байдаг л юм байна. Тэдний үзэж буйгаар махны үнэ өсөх нь үнийн өсөлт биш ажээ. 

Одоогоос гурван жилийн өмнө  тавдугаар  сарын 11-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас  2.8 хувь, үхрийн ястай махны үнэ 4.1 хувь, үхрийн цул махны үнэ 1.1 хувь, адууны ястай махны үнэ 2.7 хувь, ямааны ястай махны үнэ 4.5 хувиар өссөн үзүүлэлттэй байжээ. Уг үзүүлэлтийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад хонины ястай махны үнэ нэг хувь, ямааны ястай махны үнэ гурван хувиар буурч, үхрийн цул махны үнэ 0.1 хувь, адууны ястай  махны үнэ 2.7 хувиар өсч, үхрийн ястай махны үнэ өөрчлөлтгүй байсан гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн байна.

Тодруулбал,  нэг кг хонины /ястай/ мах дунджаар 7125 төгрөг, үхрийн /ястай/ мах 8505 төгрөг, үхрийн цул мах 9785 төгрөг, адууны /ястай/  мах 5790 төгрөг, ямааны /ястай/  мах 5305 төгрөгийн үнэтэй байв. Хоёрхон хоногийн өмнө Өвөрхангай аймгийн махны худалдааны төвөөс хонины нэг хүзүү худалдаж авахад 20 гаруй мянган төгрөг болсон тухай сонсоод чихэндээ итгэсэнгүй гэвч энэ нь үнэн бөгөөд "хужаа нар мах өндөр үнээр аваад байгаа болохоор лангуунд нийлүүлэх мах олдохгүй байгаа" хэмээн нутгийн иргэд ярьж байв.

Нөгөөтэйгүүр, махны үнэ тэнгэрт хадсан энэ цаг үед монголчуудыг их үрэлгэн гэдгийг батлах нэгэн судалгаа гарлаа. Юу гэхээр, монгол хүмүүсийн "зарлага" нь орлогоосоо давсан үзүүлэлттэй гарсан байна. Өрхийн орлого нэмэгдэх төдийд хэмнэлт хийн "хураах" байтал бид их үрэлгэн ханддаг байж магадгүй бололтой. 

Өрхийн орлого бага зэрэг нэмэгдсэн ч зарлага энэ өсөлтөөс гурав дахин илүү нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан Өрхийн нийгэм, эдийн засгийн 2019 оны I улирлын судалгаа харуулав.

Судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 116.6 (11.3%) мянган төгрөгөөр өсжээ. Энэ өсөлтөд цалин хөлсний орлого 58.5 (10.5%) мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 30.4 (34.5%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Харин өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлогын хэмжээ 2019 оны нэгдүгээр улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 44.5 (4.3%) мянган төгрөгөөр өсөв.

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2019 оны 1 дүгээр улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 165.1 (15.6%) мянган төгрөгөөр өслөө. Ийнхүү зарлага орлогын өсөлтөөс гурав дахин нэмэгдсэн нь хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 132.2 (16.7%) мянган төгрөгөөр өссөнтэй холбон тайлбарласан юм.

Нэг хүнд ногдох сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) орлогын хэмжээ амьжиргааны доод түвшнээс улсын дунджаар 68%, Төвийн бүсэд 88.6%, Зүүн бүсэд 80%, Улаанбаатар хотод 71.4%, Хангайн бүсэд 58.2, Баруун бүсэд 44.3 хувиар тус тус их байна. 

 

Нэг хүнд ногдох сарын дундаж бодит орлого, амьжиргааны доод түвшний харьцаа, бүсээр Хүн амын нийт хэрэглээнд хамгийн ядуу бүлгийн хүн амын хэрэглээ улсын хэмжээнд 8.0 хувийг, хамгийн чинээлэг бүлгийн хүн амын хэрэглээ 39.2 хувийг эзэлж байна.  Энэ нь хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас 4.9 дахин их байгааг харуулав.