Агаар, хөрсний бохирдлын асуудлаасаа салж чадахгүй байгаа нийслэл хотын иргэдийг орон сууцжуулахад төрөөс бодлогын хүрээнд авч үзэж байгаа. Гэсэн хэдий ч авч хэрэгжүүлж байгаа шийдэл арга зам нь ахиц дэвшилтийг авчрахгүй байна.

Өдгөө ипотекийн зээлээр банкны барьцаанд байгаа орон сууцыг худалдан авах боломжтой л болсон гэх яриа иргэдийн дунд дэлгэрсэн. Өөрөөр хэлбэл, иргэд өөрийн хүссэн орон сууцаа авах асуудал хумигдаад буй. Өнгөрөгч онд нийслэлд 380.8 мянган өрх амьдарч байгаагаас 164.7 мянган өрх инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдарч байна гэсэн судалгаа байдаг. Ойрын таван жилд нийслэлд 217 мянган айлын, орон нутагт 122 мянган айлын инженерийн бүрэн хангамжтай орон сууцны хэрэгцээ байгаа судалгааг гаргаж байсан удаатай. Гэвч иргэдийн худалдан авах чадвар чадамж муу байгаагаас орон сууцны илүүдэл үүссэн юм. Тухайлбал, “Тэнхлэг зууч” үл хөдлөх хөрөнгийн компанийн гаргасан судалгаагаар ойрын гурван жилд орон сууцны нийлүүлэлтийн илүүдэл 5412 байна.  2018 онд 6607 орон сууц илүүдсэн. Нэгэнт баригдсан энэхүү орон сууцнуудыг борлуулж, царцсан барилгын салбарын хөгжлийг гэсгээх, орон сууцанд орох иргэдийн эрэлтийг гүйцэлдүүлэхийн тулд төрөөс мөн бодлогоор арга хэмжээ авч буй. Уг нь иргэддээ итгээд 20 сая төгрөгийн зээл олгох төслийн талаар ам нээж чадаж байгаа улс төрчид "итгээд л банктай хамтраад төсөл хэрэгжүүлчихвэл" нөгөө илүүдэл болсон орон сууцыг урьдчилгаа мөнгөгүй иргэд худалдаад л авна. 

Доктор, профессор Д.Батжаргал: Эрэлт байгаа ч орон сууц худалдаад авах чадвартай хүн алга. Тийм болохоор л би орон сууцны лизингийг яриад байгаа юм. Ахуйн хэрэглээний барааг лизингээр худалдаж болоод байна шүү дээ. Орон сууцны лизингийг  аймаг, сум руу хандуулбал хотод ирж сургууль төгсчхөөд энд шигдэж үлдчих гээд байгаа нөхдүүд тийшээ явна шүү дээ. Тэгж байж тэнд хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэл хөгжинө. Ийм асуудлыг төр засаг нь шийдэж чаддаггүй юм бол арилжааны томоохон банкнууд шийдвэрээ гаргаад хийж хэрэгжүүлэх хэрэгтэй.

Төрд суугаа түшээ дүүд гэр хорооллын дахин төлөвлөлт, ипотекийн зээлийнхээ хүүг бууруулах асуудлаар толгойгоо ажиллуулах байтал "итгэлийн зээл" гоё нэртэй, чанаргүй зээл яриад суух цаг бас байдаг л юм байна. Эрэлтээ хангах төсвөө шийдээгүй байж дахин 1000 айлын орон сууцыг барих төсвийн талаар хэлэлцээд эхэллээ. Барихаасаа өмнө "царцаахгүй" байхаа ярьж болдоггүй юм уу? 

Өмнөх жилд 300 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийн хүрээнд 5000-6000 иргэн ипотекийн зээлэнд хамрагджээ. Харин энэ оноос эхлээд ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж 500 тэрбум төгрөгт хүргэснээр 10 мянган өрхийг зээлд хамруулан, орон сууцтай болгох боломж бүрдэж байгаа юм. Мөн журмын өөрчлөлтийн хүрээнд агаар, хөрсний бохирдол ихсэж байгаатай холбоотойгоор амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулахаар болсон. 120 метр квадрат талбайтай амины орон сууцанд 60 хүртэлх сая төгрөгийн ипотекийн зээл олгож буй аж. Өдгөө цаашдаа хэрхэн олон иргэнийг агаар, хөрсний бохирдлоос салгах уу гэдэг нь засгийн газрын гарт байгаа. 

Ганган нэр уриатай төсөл, хөтөлбөр батлаад байдаг хэрэгжих болохоороо гацдаг жишиг манай улсад олон бий. Өнөөдөр банкны зээлийн хүүгээрээ манайх шиг "даам" гарсан улс байхгүй биз. Дэлхийн бусад улсуудтай харьцуулахад зээлийн хүү нь гурав дахин өндөр байгаа талаар судлаачид хэлсэн. Харин манайд эсрэгээр "Ипотекийн зээл" гэсэн сайхан нэртэй хэрнээ 8 хувийн хүүтэй. Тухайлбал, ипотекийн зээлийн жилийн хүү нь Сингапурт 2.6 хувь, Японд  3 хувь, Солонгост 2.25 - 3.15 хувь, Туркт 3.5,  Канадад 2.98 - 3.75,  Германд 1.15 - 2.31 хувьтай байгаа нь шударга ёс уу?

Ипотекийн зээлийн эх үүсвэрийг 2 дахин нэмэгдүүлснээр 100 мянган өрх зээлд хамрагдах боломжтой гэдэг судалгаа ч гарсан байна. Утааг арилгана гэж лоозондож төсвийн мөнгөө салхинд хийсгэж суухаар урьдчилгаа мөнгөгүй суугаа иргэддээ хүү багатай орон сууц өгчих хөрөнгийн эх үүсвэрээ хийвэл болоод л явчих асуудал.